Цахим мэдээ
Тойм

5W1H: Засагт хамтарсан АН-ын дарга ЮУ ярив

Ардчилсан намын дарга, Монгол Улсын Тэрүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр энэ сарын 18-ны өдөр Ньюс агентлагийн сэтгүүлч Ж.Нямсүрэнтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагын агуулгад 5W1H Хэн, Хэзээ, Хаана, Юу, Яагаад, Яаж гэсэн зургаан асуултын хүрээнд товч анализ хийлээ.

Жич: Энэхүү тоймд эх ярилцлагыг бүтнээр багтаагаагүй бөгөөд гол агуулгыг тодруулсан болно.

Ардчилсан нам ЯАГААД хамтарсан Засгийн бүрэлдэхүүнд орсон талаар:

“...Ардчилсан улсын иргэд үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхийг нь хамгаалах гэж Ардчилсан нам засагт хамтарсан юм аа. Ардчиллыг үгээр биш үйлдлээр хамгаалах шаардлагатай цаг хугацаа, дотоод гадаадын улс төрийн геополитикийн нөхцөл байдал гэж бий...гэж товч хариулжээ.

МөнХамтарсан засагт орж ажиллах шийдвэрийг ганцаархнаа сууж байгаад ганц өдөр гаргачихаагүй юм. Улс орны  эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, дэлхийд өрнөж буй үйл явдал зэрэг олон хүчин зүйлсийг судалсан, тооцсон. Намын гишүүд, бизнесийн салбарынхан, эрдэмтэн судлаачид гээд цөөнгүй хүнтэй уулзаж санал солилцсон.

Дэлхий хуваагдаж байна. Дэлхийн хандлага, ирээдүйг уншихад улам хэцүү болж байна. Бүх улс орон амь, амиа бодоцгооё гэж байна. Өөрөөр хэлбэл, глобализмын төгсгөл ирж мэдэхээр байна. Америкийн сонгууль ч үүнийг харууллаа. Азийн бүс нутагт, Дундад Азид ч энэ уур амьсгал хавтгай явах нь. Тэгэхээр  монголчуудын хувьд Монголын ардчиллыг үүлэн чөлөөний нар болгож болохгүй. Иймээс Л.Гантөмөр гэж хувь хүний нэр төрийг дэнчин тавиад МАН-ын даргын урилгыг хүлээж авсанхэмээн дэлгэрүүлсэн байна.

Эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд улс орны хөгжлийн төлөө чухам ЯАЖ ажиллаж байгаа талаар:

“...Монгол хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Улаанбаатар  хотын түгжрэлийг бүрэн арилгана. Тэр хэмжээгээр хотын төвөөс гадагшаа эдийн засгийн тэлэлт үүснэ. Зуун мянган айлын янданг цөөлнө. Уул уурхайн үйлдвэрлэл өнөөдрийнхөөс хоёр дахин нэмэгдэнэ. Зэс боловсруулах дөрвөн үйлдвэртэй болно. Нүүрсний экспорт 120 сая тоннд хүрнэ. Мөн төмөрөө дотооддоо боловсруулна, гангийн үйлдвэртэй болно. Нүүрс, химийн үйлдвэртэй ч болно. Энэ бүхэн бодитоор хийгдэнэ. Олон жил яригдсан хил холболтын асуудал шийдэгдэнэ.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эхлүүлсэн. 2028 оноос өмнө ашиглалтад орно. Баруун бүс эрчим хүчний хувьд гаднаас хамааралгүй болно, тэр хэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжинө. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг ямар ч байсан нүүрсний станцын түвшинд аваачина. Уранаа экспортолно, боловсруулна. Монголын дэлхийн ураны салбарын шинэ тоглогч болно. Орон сууцжуулах урт хугацааны том хөтөлбөрийг боловсруулж байгаа, ирэх хавар зарлана. Арван мянган айлд сэргээгдэх эрчим хүчээр халдаг хайбрид орон сууц барихад дэмжлэг үзүүлнэ. Үүний төлөө Ногоон санхүүжилтийн корпораци байгуулж байна. Үүнд тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татна. 

Энэ бол хөгжлийн суурь. Гол нь, улс төрийн эр зориг гаргаж байж эднийг хийнэ...”

Сайдын энэхүү дэлгэрэнгүй хариулт нь харьцангуй амлалтын шинжтэй боловч “Улс төрийн эр зориг гаргаж байж энэ бүхнийг шийднэ” гэсэн нь ЯАЖ гэдэг асуултын хариу болж байна.

Монголын хөгжилд чухал нөлөө үзүүлэх түншүүд ХЭН байх талаар:

“...Хятад аюултай, бусад нь аюул багатай гэж сүржигнэхээ байчих л даа. Үнэндээ, Монголын гол худалдан авагч нь Хятад. Хүн ялгаварлахаас илүү хөгжлөө харъя. Мэдээж, блансаа барина. Жишээлбэл, ураны хувьд Францын хөрөнгө оруулалтыг татна. Энэ бол Оюутолгойн төслийн дараа орох том хөрөнгө оруулалт. Үүний араас Европын, Арабын томоохон хөрөнгө оруулагч нар ирж байна. Жишээлбэл, Германы хөгжлийн банк Монголд зэс боловсруулах үйлдвэрийн төсөлд тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэж санал тавьсан. Европын Хөгжлийн банкны зүгээс хөрөнгө оруулалтаа нэмэх хүсэлт гаргасан. Өмнөд Солонгосын Экспорт, импортын банк хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна гэсэн...” гэж онцлов.

Бидний алдаа ХААНА байгаа талаар:

“-Бид хаана алдсан бэ гэхээр хаасан, боосон, авлига авсан, арын хаалгаар намынхаа эрх ашгийг, хувийнхаа эрх ашгийг урьдал болгосон учраас таны яриад байгаа гуравдагч хөршийн болоод барууны хөрөнгө оруулалт гацаад байгаа юм. Хоёр хөршөө хажиглаад байгаа учраас бодитой технологийн өндөр хөгжлийн харилцаа үүсэхгүй байна. Үүнийг бид өөрчлөх ёстой юм...” гэсэн байна.

Монголд одоо чухам ЮУ болоод байгаа талаар:

“...Монголд Германы том судлаач ирээд хэлж байсан. Танайд капиталын хоёр дахь үеийн хямрал эхэлж байна гэсэн. Тэр нь юу вэ гэвэл “Капиталаа бий болгосон хүмүүс одоо бизнесээ орхино. Болчихлоо гэж бодно. Шүүх цагдаагаар яваад, улстөрчдийг гуйж гүйсээр итгэлгүй болчихдог. Энэ хүмүүс чинь бизнесээ дараа үедаа шилжүүлэх процесс эхэлдэг. Энэ дунд нь хулгай, дээрэм, тонуул, зодоон гардаг.  Ингээд эхлэхээр капитал хэврэг болдог. Капитал хэврэг болохоор танай локмотивууд алга болно.

Насаараа идэх хоолтой болчихсон, хүнээс амьдрал гуйхгүй болчихсон. Тэд зүгээр Монголд юм хийе, бүтээе, босгоё гэсэн амбиц байгаа. Илүү баталгаатай ирээдүйн хөрөнгийг дараа үеийн үр хүүхэддээ үлдээе гэдэг итгэл, найдвар тээж амьдрах учиртай юм. Гэтэл тэр нь сүүлийн 10 жилийн дотор асар их уналт руу явлаа. Нөгөө талаас үе солигдох нь тодорхой. Яагаад гэвэл бизнест залуу хүмүүс илүү ёндоотой байдаг, залуу хүмүүс зоригтой эрсдэл хийдэг. Тэр хэмжээгээрээ өсөлт авчирдаг.

Германд том капиталистууд нас нь хөгшрөөд бизнесээс гараад дараагийн залуустаа компаниа өгөх үед татвар тавиад, янз бүр арга хэмжээ авснаас болж зарим компани нь унаж байсан түүх байдаг. Шилжилтийн үед яг ийм юм болдог шүү гэж байсан...” гэжээ.

АН-ын дотоод хямрал ХЭЗЭЭ цэгцрэх талаар:

“...Ардчилсан намд өнөөдөр шинэ бахархал дутагдаж байгаа. УИХ-д 42 суудал авсан ч үүнийгээ ялагдал гэж бодож байна. Тэр шарх нь одоохондоо аниагүй байна. Тийм учраас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэдэг итгэл найдвар  олонхид нь алга. Маргаашийг харсан цөөхөн манлайлагч залууст ийм амбиц бий, бий. Тэгэхээр бидэнд тэвчээр хэрэгтэй байна. Нэг жил, магадгүй жил хагасын дараа шарх нь аньж,  энэ хооронд магадгүй хамтарсан Засгийн газрын үйл хэргээс хүлээж байсан том амжилт үзүүлээд, эдийн засгийн хөрсийг эрүүл болгох гурав дөрвөн хууль батлаад, Монгол руу хөрөнгө оруулагч нар цуглараад ирэхийн цагт манай намынхан өөрсдөөрөө бахархаж эхэлнэ. Бид Монгол орныг хөтөлж чаддаг нам юм байна гэх итгэл авна. Ийм итгэл төрөх юм бол Ардчилсан намд задрал явахгүй. Одоо бол ийм итгэл нь алга. Яг үнэнийг хэлэхэд жаахан өвдөлт байна...” гэсэн сонирхолтой хариулт өгсөн байна.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

  • Зочин (66.181.160.41)
    Сонирхолтой санагдлаа
    2024 оны 11 сарын 22 | Хариулах