Энэ он гараад хоёрдугаар сард допингийн шинжилгээнд бүдэрсний улмаас 3 сар эрхээ хасуулаад, тавдугаар сараас дахин талбайд гарсан даруйдаа Синнер Ролан Гаррост түрүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч гурван матчболлын боломжоо алдсанаар Алькарас тоглолтыг бүрэн өөрийн гарт авсан юм.
5 цаг 29 минутын турш үргэлжилсэн тийм хүнд тоглолтод хожигдсон тамирчин нэг жилдээ сэтгэл санаа сэргэхгүй байх гэж зарим мэргэжилтнүүд таамаглаж байв. Гэсэн ч Синнер ердөө сарын дараа Уимблдоны финалд өнөөх Алькарастай дахин тулж, эхний сетэд 4:6-аар ялагдсан ч дараа нь гурван сет дараалан 6:4-өөр давамгайлж, Уимблдоны аваргаар анх удаагаа тодорлоо.
Алькараст сүүлийн 5 тоглолт дараалан хожигдсоноо зогсоож, тэмцлийг дахин шинээр эхлүүллээ. Мөн Алькарасын “Их дуулга”-д 5 удаа түрүүлсэн амжилт ойртож, 4 түрүүтэй ч болсон. Гэхдээ Уимблдонд Синнерийн нэг тоглолт маш эрсдэлтэй байсан юм. Тэр нь Болгарын Димитровт найдваргүй мэтээр хожигдож, тэмцээнээ дуусгах нь дээ гэсэн бодол хэн хүнд төрж байтал Димитровын мөр гэмтээд тоглох боломжгүй болсон. Италийн теннисчдээс ганцаарчилсан төрлөөр Уимблдонд түрүүлсэн анхны тамирчин болсон Янник Синнер “Миний төрж өссөн газар нутагт бол ийм амжилтад хүрнэ гэж бодох нь хэт холын зүйл. Зөвхөн мөрөөдөл л юм. Би энэ мөрөөдөлдөө хөтлөгдөж амьдарч ирсэн. Энэ онцгой өдөр надтай хамт ирсэн хүн бүрт талархая.Энэ оны эхээр байдал хэцүү л байсан. Талбай дээр ч, талбайн гадна ч хэцүү байлаа. Гэвч дараа нь би талбайдаа эргэн гараад баяр жаргал, аз жаргалаар дүүрч эхэлсэн. Миний энд зогсож байгаа нь намайг гэсэн, миний төлөө ажиллаж буй олон хүний хөлс хүчний үр шим юм. Ийм хүмүүстэй ойр байгаа минь аз завшаан. Энэ хүмүүсгүйгээр би энд ялалт байгуулж, ингэж баяр жаргалд умбахгүй байх байсан” гэж Синнер өгүүлжээ.
Уимблдоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Италийн 23 настай Янник Синнер 4:6, 6:4, 6:4, 6:4-өөр Карлос Алькарасыг хожсоноор түрүүлжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх