Цахим мэдээ
Мэдээ

Д.Трампын татварын улмаас Лесото улсад гамшгийн байдал зарлажээ

 Африкийн өмнөд хэсэгт орших Лесотогийн хаант улсад үндэсний хэмжээний гамшгийн байдал зарлаад байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсаас нийлүүлж буй бараанд өндөр татвар ногдуулсны улмаас ажилгүйдэл эрс нэмэгдсэнтэй холбоотой хэмээн мэдээлэсэн..

Энэ тухай Лесотогийн Худалдаа, аж үйлдвэр, жижиг үйлдвэрлэлийн сайд Мокети Шелиле хэлэхдээ, шинэ татварын улмаас оёдлын үйлдвэрлэлийн салбар хамгийн хүнд цохилтод өртлөө. Үндэсний хэмжээнд гамшгийн байдал зарласнаар хувцас үйлдвэрлэлээс бусад салбарт 60 мянган ажлын байрыг хоёр жилийн хугацаанд бий болгох боломжийг засгийн газарт олгох талаар Файнэншл Таймс сонины ярилцлагандаа дурдав .

Өнгөрсөн онд тус хаант улс АНУ-д 237 сая долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн нь ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж байв. Гэтэл Ерөнхийлөгч Д.Трамп Лесотогоос нийлүүлж буй хувцсанд 50 хувийн татвар ногдуулсны улмаас үйлдвэрүүд олноороо хаагдан, хүмүүс ажилгүй болоход хүрчээ. “Оёдлын салбар бүрэн хаагдахад хүрч магадгүй” гэдгийг сайд Шелиле анхааруулаад байгаа юм.

Үндэсний хэмжээний гамшгийн дэглэм тус улсад 2027 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэх аж. Энэ хугацаанд хөрөнгө оруулалтыг татах, улсын төсвийн хөрөнгийг ажлын байруудыг шинээр бий болгоход зарцуулах үйл явцыг хурдасгахын тул хүнд суртлыг халах арга хэмжээнүүдийг авах талаараа хэллээ.

Өмнөд Африкт оршдог, далайд гарцгүй Лесотогийн Хаант улс бол дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг болой. 2,36 сая хүн амтай тус улсын иргэдийн тал хувь нь ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай бөгөөд нэг хүнд ногдох өдрийн орлого нь 2,15 доллар ажээ. Ажилгүйдлийн дундаж түвшин 30 хувьд хүрсэн бол залуучуудын 48 хувь нь ажилгүй байна. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх