Манай улс Евроазийн эдийн засгийн холбоо /ЕАЭЗХ/-нд элсэж, улмаар 2000 гаруй төрлийн барааг ОХУ-аас татваргүйгээр оруулж ирэх гэрээ байгуулах гэж байгаа. Тэгвэл энэ нь өндийж ядаж байгаа дотоодын эдийн засагт, үндэсний үйлдвэрлэгчдэд, ялангуяа хүнс хөдөө аж ахуйн салбарынханд маш хортой үйлдэл болно гэдгийг бизнес эрхлэгчид сануулж, шүүмжилж эхэллээ.
Тодруулбал, уг гэрээг энэ 12-р сард багтаан байгуулахаар Засгийн газар шамдаж байгаа аж. Хэрэв шуурхай горимоор энэ гэрээ батлагдвал ижил төрлийн бараа үйлдвэрлэдэг барилга, хүн хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих нь байтугай хөл дээрээ тогтож үлдэх ч боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн санаачилгаар болон Засгийн газраас сүүлийн жилүүдэд боломжийн үр дүнтэй хэрэгжүүлсэн Хүнсний хувьсгал хөтөлбөр зэрэг томоохон ажлууд нуран унана. Үндэсний үйлдвэрүүдээ дэмжихээр олгосон 1 их наяд давсан мөнгөн дүнтэй хөнгөлөлттэй зээлүүд ч хог дээр үсэрнэ. Энэ нь УИХ-ын 36 дугаар тогтоолоор баталсан 19 нэр төрлийн барааг дотооддоо 100 хувь хангах шийдвэртэй шууд зөрчилдөж байгаа юм.
Хамгийн хачирхалтай нь, Засгийн газар Евроазийн эдийн засгийн холбоонд элсэж, татвар тэглэх гэрээ байгуулах асуудлаар үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчид, бизнес эрхлэгчидтэйгээ огт ярилцаагүй, санаа бодлыг нь сонсоогүй байна.
Энэ талаар манай хүнсний салбарын томоохон үйлдвэрлэгч компанийн төлөөлөл болох “Түмэн шувуут” ХК-ийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч Л.Эрхэмбаяр “Яагаад бараа бүрээр нь харилцан мөргөлдүүлж харилцан ашигтай гадаад худалдааны тэнцэлтэй байхаар гэрээ хийж болсонгүй вэ? Яагаад зарим барааны татварыг харилцан тэглэж болно, заримыг нь болохгүй гэж зөвшилцөхгүй бөөндөж байна вэ? Амьдрал мэдэхгүй, ахуй мэдэхгүй ингэж тэнэгтэцгээвэл харин ч үзнэ дээ. Зүгээр ажлаа хийгээд мөрөөрөө явж болохгүй хорвоод, тэмцээд улс төр хийхээс өөр арга үгүй бололтой. Миний энэ санааг жадлан эсэргүүцэх олон импортлогчид, троллууд янз бүрээр бичиж олон түмний тархийг угааж тэдэнд хайртай мэт аяглах нь ойлгомжтой. Ямар ч үед Монгол Улс гол барилгын материал, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгч улс болох ёстой.
Том ба жижиг орон хоорондоо татвар тэглэхээр том нь хождог жамтай, ийм олон жишээ бий. Эдүгээ дэлхийг жанжилж буй АНУ хүртэл БНХАУ-ын бараанд 25-65 хувийн татвар тавьж улс орныхоо эдийн засгийг хамгаална гээд Трамп заралчихлаа…” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Ташрамд дурдахад, манай улс 2023 онд ЕАЭЗХ-ны гишүүн таван улстай хийсэн гадаад худалдааны статистик дүнг харахад нийт 2.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлосон бол дөнгөж 143 сая ам.долларын бараа экспортолж, худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан дүн байдаг. Энэ бол бодит сургамж. Гэтэл энэ түүх одоо дахин давтагдаж, гадаадын эдийн засгийг дэмжиж, үндэсний аж ахуйн нэгжүүдээ сүхдэх хорон бодлого үргэлжлэх гэж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх