Цахим мэдээ
Тойм

Агаарын бохирдлоос шалтгаалан хүүхдийн эрүүл мэнд доройтоход ээжүүд өөрсдийгөө буруутгадаг...

Хараат бус судалгааны IRIM хүрээлэнгээс “Нийгмийн сайн сайхан байдлын судалгаа”-г 2016 оноос хойш жил бүр гүйцэтгэж ирсэн. Уг судалгаа нь нийгмийн хөгжилд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаарх ойлголтыг сайжруулахад тусалж, баримт нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргалтыг дэмжихэд хувь нэмрээ оруулах зорилготой. Энэ удаа тэд 2023-2024 оны тайландаа Улаанбаатар хотод оршин сууж буй иргэдийн амьдралын чанарт үлэмж нөлөө үзүүлж буй агаарын бохирдлын асуудлыг онцолж, үүний нөлөөлөлд хамгийн өртөмтгий бүлгүүдийн нэг болох бага насны хүүхэдтэй ээжүүдийн сайн сайхан байдлыг судалсан байна. Агаарын бохирдол Улаанбаатар хотын оршин суугчдын субьектив сайн сайхан байдалд ихээр нөлөөлж байгаа нь илэрхий хэдий ч тодорхой арга зүйгээр судалсан судалгааны ажил хомс байна.

Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотуудын нэг гэдэг утгаараа хүйтний улирлыг давахын тулд тодорхой хэмжээний агаарын бохирдол үүсэх хэдий ч сүүлийн 10 жилд агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, 2024 оны 12 сарын байдлаар Улаанбаатар хотын PM2.5 хэмжээ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдөх жилийн дундаж хэмжээнээс 6.9 дахин өндөр байна.

ДЭМБ-ын шинэчилсэн дэлхийн агаарын чанарын зааварчилгаанд PM2.5 хэмжээ жилийн дунджаар 5 µg/m³-ээс хэтрэхгүй байхыг зөвлөсөн бөгөөд энэ нь хүний эрүүл мэндийг хамгаалахад зохист хэмжээ юм (WHO Global Air Quality Guidelines). Гэр хорооллын айлууд, бага оврын уурын зуухууд нүүрсийг их хэмжээгээр түлж агаар мандалд бохирдлыг бий болгохоос гадна, цахилгаан станц, автомашин зэрэг бусад бохирдуулагч эх үүсвэрүүд олон байдаг. Улаанбаатар хот дахь тоосонцрын дундаж агууламж 2011 онд жилийн 365 хоногийн дунджаар 237 өдөр хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс давж байсан бол 2018 онд 338 болж өссөн зэрэг олон тоон үзүүлэлтүүд Улаанбаатар хотын агаарын чанар жил ирэх тусам улам муудсаар байгааг илтгэнэ (NSO, 2019). Монголчуудын гадаад орчноос хамаарсан буюу аюулгүй байдал, байгаль орчин, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэрэгт хандах сэтгэл ханамж бусад орнуудтай харьцуулахад доогуур байгааг, сэтгэл хөдлөлийн үзүүлэлтүүдээр хөдөө орон нутагтай харьцуулахад хот суурин газарт амьдарч буй хүмүүс илүү бага, мөн улирлын хувьд өвлийн улиралд хамгийн бага сэтгэл хөдлөлтэй байгааг өмнөх судалгааны ажлуудад тодорхойлсон байна (Монголын Нийгмийн Сайн Сайхан Байдлын Судалгаа, 2019). Тэгвэл энэхүү судалгаагаар өмнөх тоон судалгаадын үр дүнг чанарын мэдээллүүдээр баяжуулахыг зорьж, “дүрс зургийн арга” хэмээх оролцооны, чанарын аргыг ашиглан Улаанбаатарын гашуун өвлийг хохирол багатайгаар давахын тулд ээжүүд ямар их золиос гаргах шаардлага тулгардаг, тэдэнд гэр бүл, нийгмийн зүгээс үзүүлж буй ямар дэмжлэг, нийгмийн капиталууд байгааг социологийн шинэлэг арга зүйгээр судалж, тайлбарлахыг зорьсон байна.

“Улаанбаатар хотод амьдардаг ээж, тодруулбал бага насны хүүхэдтэй бол хувь хүнээс өөрөөс үл хамаарлаар хүйтний эрч чангарч, агаарын бохирдол нэмэгдэхтэй зэрэгцэн тэдний сайн сайхан байдал огцом буурч байна ”.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хувь хүний сайн сайхан байдлыг хэмждэг шалгуур үзүүлэлтээр Улаанбаатар хотод амьдардаг ээжүүдийн сайн сайхан байдлыг судлахад 10 шалгуур үзүүлэлтээс эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн харилцаа, боловсрол гэсэн 4 хэмжээс нь агаарын бохирдлоос үүдэлтэй асуудлуудад хамгийн хүчтэй өртөж байгааг судалгааны үр дүн харууллаа.

Агаарын бохирдлын үед ээжүүдийн өдөр тутмын амьдралын хэмнэл, хэв маягт мэдэгдэхүйц өөрчлөлт ордог. Ээжүүд эдийн засгийн хувьд илүү дарамтад орж, нийгмийн харилцаа нь багасахаас гадна өөрийн болон өрхийн гишүүдийн боловсрол, эрүүл мэндээс үүдэлтэй олон асуудалтай тулгарч байна. Эдгээр шалтгаанаас үүдэж ээжүүдэд сэтгэл хөдлөл багасах, сэтгэл санаагаар унах, амьдралын сэтгэл ханамж буурах хандлагууд ажиглагдаж байна. Угтаа агаарын бохирдлоос үүдэлтэй асуудлуудыг даван туулахад ээжээс хувь хүнээс хамаарах оролдлого, хичээл зүтгэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ маш идэвхтэй байсан нь уг судалгааны нэг чухал үр дүн байв. Тэд агаарын бохирдлоос үүдэлтэй асуудлуудыг даван туулах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, алхмуудыг жилийн 4 улиралд авч байдаг. Гэсэн хэдий ч тэдний хичээл зүтгэлээс үл хамааран хүүхдийн эрүүл мэндийн байдал муудаж, хүндэрвэл ээжүүд нийтлэг өөрсдийгөө буруутгаж, хувь хүний түвшинд асуудлын шалтгааныг хүлээж авдаг. Гэвч энэхүү асуудлын шалтгаан нь хувь хүнээс илүүтэйгээр нийгэм, орчны хүчин зүйлээс үүдэлтэй юм. Нэгэнт тулгарсан Улаанбаатарын “утаа”- наас үүдэлтэй асуудлуудыг даван туулахад нийгмийн капиталын үүрэг маш чухал нөлөөтэй. Судалгаагаар ээжүүдэд нийгмийн капиталтай холбоотой ажиглагдсан онцлог хоёр үр дүн байсан.

Нэгдүгээрт, гэр бүл, эргэн тойрны дэмжлэг сайтай байх хэрээр ээжүүдийн тэсвэртэй байдал сайн байх эерэг хамааралтай байна.

Хоёрдугаарт, ижил асуудалтай ээжүүд хоорондын идэвхтэй харилцаа нь ээжүүдийн хувьд онцлог нийгмийн сүлжээг үүсгэж байв. Иймд ээжүүдийн ачааллыг хуваалцахын тулд гэр бүлийн бусад гишүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлэх, ижил асуудалтай ээжүүдийн бүлгийг “Дэмжигч бүлэг/Community support network” хэлбэрээр хөгжүүлэх, дэмжих нь ээжүүдийн сайн сайхан байдлыг дэмжихэд ач холбогдолтой байж чадахаар байна. Ингэхдээ нийтлэг ашиглаж буй уламжлалт урьдчилан сэргийлэх болон хамгаалах аргуудын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар мэдээлэл өгөх, ээжүүд өөрсдөө судалгаа хийх, судалгаандаа үндэслэж тохиромжтой асаргааны арга барилаа тодорхойлох, шинжлэх ухааны аргуудтай зан үйлээ холбох буюу агаарын бохирдлын хэмжээг үнэлж, хариу арга хэмжээтэйгээ уялдуулдаг байх чиглэлээр ээжүүдийг чадавхжуулах хэрэгцээ байна. Энэхүү судалгаа нь арван ээжийн амьдралын туршлага, баримтад тулгуурласан хэдий ч чанарын судалгааны онцлог болох нийгмийн асуудлын ерөнхий хэв маяг (social pattern)-ийг илэрхийлэхүйц сонирхолтой бөгөөд онцлог үр дүнгүүдийг харуулсан юм. Судалгааны үр дүнд үндэслэн хүүхэдтэй ээжүүдийн оролцоог хангах нийгмийн үйлчилгээ, төсөл хөтөлбөрүүдийг бодлогын болон хөгжлийн төсөл хөтөлбөрийн түвшинд эхлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж, орон зай өргөн байгааг судалгааны багийн зүгээс тодотгож байна гэжээ.

Судалгааг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

Эх сурвалж: IRIM судалгааны хүрээлэн

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх