Цахим мэдээ
Тойм

Утааны сонсгол “утаарлаа”

Утааны оргил үед иргэд жагсаал хийж, агаарын бохирдлын асуудлаар шийдвэр гаргах түвшинд дорвитой ажил хийхийг шаардсан. Энэ дагуу 70 мянга гаруй хүн сонсгол явуулахыг дэмжин гарын үсэг зурснаар өнөөдөр "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвээр сонсгол үргэлжилж байна.

Гэвч энэ сонсгол иргэдийн хүссэнээр тодорхой шийдэл, арга замыг зөв тодорхойлох бус урьдын адил ёс төдий танин мэдэхүйн шинжтэй хэдэн тоо баримт, асуулт хариулт болоод өнгөрөх магадлалтай боллоо. Ялангуяа, утааны хор уршиг, агаарын бохирдлын бодит шалтаан, үндэсний хэмжээний гамшиг болгоход хүргэсэн хүмүүст хариуцлага тооцох агуулга яригдахгүй урьдын адил улиглаж байгаа учраас сонсголд оролцогч иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд ихээхэн бухимдалтай байна.

Жишээ нь, өдгөө дахин Багануурын нүүрсээр шинэ түлш үйлдвэрлэх тухай ярьж буйг үр дүнтэй шийдэл биш, зүгээр мөнгө угаах ажил гэж шүүмжиллээ. Мөн угаарын хордлогоор гэр бүлийн хоёр хүнээ алдсан иргэн Ц.Амарзаяа “Хэдэн хүний амь хохирсны дараа энэ асуудал шийдэгдэх юм бэ? Таван жилийн өмнө дүү маань угаартахад яаралтай шийднэ гэж ярьж л байсан. Өнөөдөр юу ч шийдэгдсэнгүй. Ээж маань угаарын хордлогын улмаас таван жил хүндээр өвчилж байгаад нас барсан. Гэтэл өвчний улмаас нас барсан гэж бүртгэсэн. Энэ нь байх ёстой норм юм уу” гэж асуулаа. Үүнд тодорхой хариулт өгөх хүн олдсонгүй.

Сонсголыг даргалж буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ч “Өнөөдөр бид шийдвэр гаргах боломжгүй” гэдгийг хэллээ. Түүнчлэн сонсголд оролцогч иргэд “Нүүрсийг яаж ч боловсруулсан утаагүй болгоно гэж байхгүй. Одоо ингэж солиорохоо боль. Барилгажилтаар, төвийн дэд бүтцээр хангаж байж шийднэ. Нүүрсийг утаагүй болгох нэрээр мөнгө угаахаа боль. Эрдэмтэд нэртэй хүмүүс улиг болсон анхан шатны юм ярихаа боль. Нүүрс бол хоцрогдсон технологи, шийдэл. Цоо шинэ шийдэл рүү яаралтай орооч” гэж шаардлаа.

Үүнээс гадна сонсголыг далимдуулж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх гэсэн сонирхолтой хүмүүс ч олон иржээ. Тухайлбал, “Анод” банкны Н.Даваагийн халаагуурын шахаа болон төрийн зүгээс санал болгож буй зуух тараах сонголтыг дэмжсэн агуулга, эрчим хүчний хэмнэлттэй барилгын компанийн сонирхол гэх мэт үндсэн сэдвээсээ гажсан сонирхлууд ч давамгайлж байна.

Энэ бүхнээс харахад энэ удаагийн сонсголоос тодорхой шийдэл олж чадахгүй, утааг далимдуулсан хулгайг зогсоохгүй, хэн нэгэнд хариуцлага тооцохгүй гэдэг нь ойлгомжтой боллоо.   

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх