Ардчилсан нам МАН, ХҮН намтай нийлж хамтарсан засаг байгуулснаас хойш ардчилсан шинж чанараа улам бүр алдсаар байна. Тухайлбал, АН-ыг төлөөлөн Засгийн газарт сайдаар ажиллаж буй хүмүүсийн санасан сэдсэн бүхэн цаагуураа коммунист агуулгатай боллоо гэх шүүмжлэл гарсаар буй.
Жишээ нь, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн "Хөрөнгө хураах хууль"-ийг авлига цэцэглэсэн өнөө үед нүдээ олсон хууль гэж дэмжих хүн олон байгаа ч "жинхэнэ коммунист хууль" гэж шүүмжлэх нь ч бас цөөнгүй бий.
Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг огцруулах санал гаргасан Ч.Лодойсамбуу гишүүний үйлдлийг намын дарга Л.Гантөмөр араандаа зууж, "Засаг унагах санаачилга гаргасан болон гарын үсэг зурсан хүмүүст хатуу хариуцлага тооцно" хэмээн улайхгүй ярьж зогсохыг бид сая харлаа. Үүнд АН-ын жирийн гишүүд дэмжигчид төдийгүй зүүний чиг баримжаатай намынхан ч эгдүүцэн шоолж, зэвүүцэн жигшиж байна. Ардчилсан намын гишүүн засаг огцруулах санаачилга гаргасны төлөө, ийм саналыг дэмжиж гарын үсэг зурсны төлөө дарга нь, намын Улс төрийн зөвлөл нь хариуцлага тооцох юм бол ямар балдуушны ардчилсан үзэл баримтлалтай нам байх вэ дээ. Энэ бол АН анхны шинж чанар, мөн чанараасаа ямар их ухарч хоцрогдож, МАН-д уусан шингэж буйг тодоос тод илтгэсэн үйл явдлын ойрын үеийн цөөн хэдхэн жишээ. Нэг бүрчлэн шүүж шүүрдэж харвал АН аль эрт коммунист нам болон хувирсныг олон үйл явдал, үг яриа, үзэгдэл бүр ч илүү нотлоно.
Сүүлийн үеийн халуун жишээний нэг нь АН-аас засагт багтсан цөөн сайдын нэг Ц.Баатархүүгийн өчигдрийн мэдэгдэл байлаа. Тэр "Манай яам Худал мэдээлэлтэй тэмцэх төвийг нэн яаралтай байгуулна. Энэ төвд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай..." гэх зэргээр ярив. Түүний энэ яриа шууд л бүх цаг үеийн шилдэг 100 зохиолын нэг Жорж Орвеллын алдарт "1984" романыг санагдуулав. Тус романы гол үйл явдал нь Үнэний яаманд ажилладаг этгээд үнэнийг олох нэрийн дор хэрхэн худлыг хөөж, хөөсрүүлдэг тухай бөгөөд хяналтат нийгмийн аюулыг тод томруун харуулдаг. Тэртээ 1948 онд бичсэн энэ зохиолын гол санаа өнөөгийн цахим технологийн эринд ч үнэ цэнтэй хэвээр байгаа билээ.
Тэгвэл Ц.Баатархүү сайдын санаачлан байгуулах гээд буй "Худал мэдээлэлтэй тэмцэх төв" гээч нь яг үнэндээ худал мэдээлэлтэй тэмцэх газар биш үнэнийг нухчин дардаг "Үнэний яам" болж хувирах вий гэсэн болгоомжлол үүслээ. Яагаад гэвэл худал мэдээлэл хэдий хортой боловч үүнтэй ямар нэг яам агентлаг байгуулах замаар тэмцдэггүй. Хүмүүсээ мэдлэгжүүлж, мэдээллийн дархлаатай, мэдээллийн боловсролтой болгох замаар худал мэдээллийг үгүй хийх буюу түүнийг тоож уншдаггүй, ач холбогдол өгдөггүй болох учиртай. ЦХИХХЯ-ны хийх ажил бол энэ. Гэтэл "Худал мэдээлэлтэй тэмцэх төв" гээч ардчилсан улсад байдаггүй бүтэц байгуулаад баахан орон тоо гаргаж, төсвийн хөрөнгө үрэн таран хийгээд, цаашлаад хэвлэл мэдээллээр гарч буй болон цахим орчинд түгээж байгаа иргэдийн үзэл бодлыг хянаж цензурдах нөхцөл бүрдүүлэх гэж байна гэдэг гутамшиг юм.
Тэртэй тэргүй илт худал мэдээлэл тараах, бусдын нэр төрд халдах, гүтгэх, доромжлох үйлдлүүдэд ямар хариуцлага хүлээлгэх нь хуулиар бүрэн зохицуулагдчихсан. Хэн нэгэн гомдлоо гаргаад, гэмт хэргийн шинжтэй бол шүүхээр шийдэгдээд явах асуудал. Гэтэл хаа хамаагүй цахим хөгжлийн асуудал хариуцсан яам коммунизмын үеийн галевлет буюу "Үзэл суртлын хэлтэс" шиг юм байгуулаад таалагдсан бүхнээ "үнэн", таалагдаагүйгээ "худал" гэж цоллоод яллаад суух гэж байгаа юм уу?
Сайдыг мэдэгдэл хийсний араас ийм шүүмжлэл хүчтэй өрнөж байгаа учраас "Худал мэдээлэлтэй тэмцэх төв биш баримт шалгах төв юм..." гэсэн ядмаг тайлбар хийсэн харагдсан. Баримт шалгах төвийг ч яамнаас байгулах шаардлагагүй. Факт чек хийдэг төрийн бус байгууллага зөндөө л байна. Ардчилсан намыг төлөөлж сайд болчхоод ийм хошин, дэмий зүйл хийж суухын оронд олон нийтэд үнэн худал мэдээллийг ялгах мэдлэг олгох, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх ажилд илүү анхаарвал яасан юм бэ, Ц.Баатархүү сайд аа.
СЭТГЭГДЭЛ Үлдээх