Монгол Улсад гемодиализийн эмчилгээний үйл ажиллагаа 1990-ээд оны сүүлчээр эхэлсэн гэж үздэг. Тухайлбал, Улаанбаатар хотын төв эмнэлгүүдэд анхны гемодиализийн аппаратуудыг суурилуулж, эмчилгээний үйл ажиллагааг эхлүүлсэн нь тухайн үедээ томоохон дэвшил байсан. Түүнээс хойш, 2000-аад оны эхээр эмчилгээний тоо нэмэгдэж, орон нутагт ч гемодиализийн үйлчилгээ нэвтэрч эхэлсэн. Гемодиализийн эмчилгээ нь бөөрний үйл ажиллагаа хэвийн бус болсон өвчтөнүүдэд амьдралыг тэтгэх чухал эмчилгээний арга юм. Монгол Улсад энэ эмчилгээний үйл ажиллагаа эхлэхэд олон улсын байгууллагуудын дэмжлэг, мэргэжлийн эмч нарын оролцоо, мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлсөн. 2024 онд улсын хэмжээнд 262 аппаратанд 2988 өвчтөн эмчлүүлж байсан бол тэдгээрийн 167 нь хүлээлгийн жагсаалтад байсан ч нас барсан. Хэдхэн жилийн өмнө бөөрний дутагдал оноштой иргэд энэ оношоор нас бардаг байсан бол өнөөдөр түүнтэй харьцуулахад энэ өвчнөөр нас баралтгүй болсон сайшаалтай. Энэ төрлийн эмчилгээг долоон хоногт тогтмол гурван удаа дөрвөн цагаар авах стандарттай байдаг бөгөөд өвчтөний биеийн байдал, цусны хордлого зэргээс шалтгаалан зарим иргэнд долоо хоногт нэг, заримд нь хоёр хоног оруулж өөрт байх бөөрнийх нь нөөцийг үлдээхийг эмч нар илүүд үздэг.
Гэвч...
Өнгөрсөн 7 хоногоос эхэлсэн улсын эмнэлгүүдийн эмчилгээний хэрэглүүрийн хангамж дутмаг байдлаас шалтгаалж Хан-Уул эрүүл мэндийн төв гемодилазийн эмчилгээгээ зогсоож, тус эмнэлэгт эмчилгээнд ордог 24 өвчтөн тэдний цаана эмчилгээний дарааллаа хүлээж буй олон өвчтөнийг амиа алдах замыг нь заагаад үлдээлээ. Төрийн тасарсан үйлчилгээний улмаас иргэдийн амь нас эрсдэлд орж байгааг эрхэм сайд нь тоох нь битгий хэл харин ч ЭМДЕГ-аас олгогддог санхүүжилтийг нь бууруулж эмчилгээнд ордог иргэдэд квот тогтоож эхэлжээ. Өөрөөр хэлбэл 7 хоногт 3 удаагийн оролт буюу 12 удаа орох эрхтэй байсан бол үүнийг 8 болгон өөрчилжээ. Одоогийн байдлаар улсын 1,3-р төв эмнэлгүүдийн диализийг хувьд шилжүүлсэн буюу “медвик” гэх газар харъяалагддаг бөгөөд энэ 7 хоногт эмчлүүлэгсдэдээ өгсөн мэдэгдэлдээ 2025 оны 3-р сарын 7-ны өдөр “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах тухай” нэмэлт гэрээг талууд байгуулсан болно. Уг нэмэлт гэрээг тус эмнэлэгт сар бүрийн сеанс эмчилгээний квот зааж өгсөн болно. Тухайн квотыг үндэслэн Даваа,Мягмар, Пүрэв, Баасан гаригт ажиллаж 3 ээлжээр ордог хүмүүсээ 2 оролттой болгож, хоёр болон нэг ордог хүмүүсрүүгээ холбоо барина гэжээ.
Хан-Уул эрүүл мэндийн төв өнгөрсөн долоо хоногоос эмчилгээгээ зогсоосны улмаас хоёр иргэн уушиг нь хавагнаж шөнө нойргүй хонож, хордлого нь ихэсч, нэг иргэний хэвлий устаж, хэд хэдэн иргэн гэртээ босож чадахгүй, гүйлгэж, цусаар бөөлжүүлэх зэрэг хүндрэлтэй. Ганц хоёр нь хувийн диализад 200-300 мянган төгрөгний төлбөр төлж эмчилгээндээ оржээ. Эмчлүүлэгсэд эмчилгээнд ашиглах хэрэгслүүд нь дутмаг үед гемодиализад ашигладаг зүүг өөрсдөө гаднаас худалдан авч нэг хоёр оролтоо орж байсан бол сүүлдээ аппаратанд ашиглах уусмал байхгүйн улмаас эмчилгээгээ бүр мөсөн зогсоосон байна. Эмчлүүлэгсдийн хувьд гаднаас өөрсдөө хэрэгслүүдээ авчирч оръё гэх хүсэлтийг тавьсан боловч, нэг хоёр иргэнийг оруулахаар бусад нь барьцана гэсэн агуулгаар зөвшөөрөхгүй мөн гаднаас авчирсан хэрэгслүүд өөрчлөлт орсон эсэх нь эргэлзээтэй учир ямар ч хүнийг авахгүй 14 хоног зогсооно гэх тайлбарыг өгсөн байна. Нэг өдөр, нэг удаа л орох оролтоо алгасахад цусны хордлого нь ихэсэж, хавсарсан оноштой иргэдийн бусад эрхтэн нь ачааллаа дийлэхээ больж, зүрх хаагдах эрсдэлтэйг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд мэдэх хэдий ч ийм хүнийрхүү хүйтэн хандлага гаргаж буй.
Ийнхүү улсын гэлтгүй хувийн эмнэлгүүдийн диализ эмчилгээ үйлчилгээ хүндрэлтэй байдалд шилжиж амь тэмцэж яваа иргэдэд амиа яая гэж байхад нь ахин нэг санаа зовоох асуудал үүслээ. Цагт нь хийгдээгүй эмчилгээнээс үүдэн цаг бусаар хорвоог орхигсод ихсэж. Урд жилүүдэд ч үзэгдээгүй бөөрний дутагдал оношоор олон хүнээ алдахад хүрлээ. Эдгээр эмчлүүлэгчид доноргүйн улмаас хүлээлгийн жагсаалтад орсон ч донорын буруу ойлголтоос үүдэн амьгүй донорын мэс ажилбар зогсоод даруй нэг жилийн нүүрийг үзэж, донор хүлээсэн 600 гаруй иргэдийн 200 гаруй нь амь насаа алдсан харамсалтай тоон мэдээлэл бий. Гэвч аппаратнаас залгагдаж амьд явах хүслийг нь ийн боогдуулж Монгол хүнд жам ёсоор олгогдсон амьд явах эрхийг нь эрүүл мэндийн сайд, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ингэж боож байгаа нь иргэнийхээ амийг хөсөр хаясан төр гэхээс өөр юу гэх вэ? Монгол Улсад гемодиализийн эмчилгээ үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, олон нийтийн эрүүл мэндийн салбарт чухал байр суурь эзэлж байсан ч өнөөдөр энэ байр сууринаас хэд дахин ухарлаа. Салбарын нэр хүнд сайдын шийдвэрээс болж шалдаа уналаа.
Эмчлүүлэгчийн үг:
Сайн байцгаана уу? Миний бие 2022 оноос хойш бөөрний өвчлөлийн төгсгөлийн шат буюу бөөрний архаг дутагдал оноштойгоор гемодиализын эмчилгээнд хамрагдан эмчлүүлдэг юм. Энэ өвчний төгс эмчилгээ нь бөөр шилжүүлэн суулгах буюу донор хэрэгтэй. Гэвч санасан хүссэн шиг тийм амар ч олддог зүйл биш. Бүхэл бүтэн хүний эд эрхтэн учир хэн хүссэн нь таарч тохироод байхгүй ээ. Иймд бөөр орлуулах эмчилгээнд 7 хоногт 3 удаа 4 цагаар буюу нийт 12 цагийн эмчилгээнд хамрагддаг. Хүний бөөр хоногт 24 цаг тасралтгүй ажилдаг бол би болон ижил оноштой хүмүүс маань 7 хоногт 12 цаг бөөртэй байдаг гэж ойлгоход ер хилсдэхгүй. ДЭМБ-с гаргасан дүгнэлтээр гемодиализын эмчилгээг 7 хоногт 3 удаа хийлгэснээр хүн амьдарч болох тухай зааснаар олон улсад энэ стандартыг хэрэгжүүлж ажилладаг. Гэвч Эрүүл Мэндийн Яам -с эл өвчнийг тэсвэрлэж болохуйц өвчний ангилалд багтааж эмчилгээнд квот тогтоосон байна. Энэ шийдвэрийг гаргасан хүмүүст хандаж хэлэхэд Дэлхийн эрүүл мэндийн стандартыг зөрчин байж шинэ стандарт тогтоодог та нар яг хэн бэ?
Энэ өвчин бол огт тэвчээд болоод байдаг өвчин биш шдээ. Хавдартай хүнээс ч хурдан хэдхэн хоногт л шууд үхэлд хүргэх аюултайг ойлгоцгооё.
Энэ гаргасан шийдвэр нь надтай ижил оноштой 2500д гаруй хүнийг үх гээд хаяж буйгаас өөрцгүй юм. Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газар энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх өгнө үү!!!
Та бүхэн маань цааш түгээж өгөөрэй
СЭТГЭГДЭЛ Үлдээх