Цахим мэдээ
Хэн

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнг сулласан шүүгчид сахилгын шийтгэл оноолоо

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) -ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдож, өдгөө гэм буруутай, эсэхийг нь дэнслэхээр болоод буй. АТГ-ынхан түүнийг 2024 оны есдүгээр сараас шалгаж эхэлсэн бөгөөд НПГ-аас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг тухайн сарын 19-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Уг саналын дагуу яллагдагч Л.Бямбасүрэнг 30 хоног цагдан хорих захирамж гаргасан ч ерөнхий шүүгч Н.Одонтуулын эзгүйд орлож байсан шүүгч Д.Мөнхтуяа суллах шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор шүүгч Д.Мөнхтуяад албан тушаалаа урвуулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн ч НПГ-аас хэрэгсэхгүй болгосон аж. Үүний дараа түүнд сахилгын хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэжээ. Шүүхийн сахилгын хорооноос гаргасан шийдвэрт дурдсанаар “Шүүгч Д.Мөнхтуяа нь Шүүхийн тухай хуулийн 50.1.23-ын “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэж дүгнэсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13-5 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр заасан атал Л.Бямбасүрэн нарт таслан сэргийлэх арга хэмжээ авсан үед буюу 2024 оны есдүгээр сард түүний талд хэрэглэн сулласан гэсэн үг. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхтуяад нээлттэй сануулах сахилгын шийтгэл оноосон байна

СЭТГЭГДЭЛ Үлдээх