Сайн байна уу? Манай сайт уншигч сонсогчдод өөрийгөө танилцуулаад ярилцлага цааш үргэлжлүүлье.
Намайг Хосбилэгийн Цолбон гэдэг. Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн УБ дахь салбар дунд сургуулийн 10в ангид суралцдаг. Багаасаа эхлэн нийгмийн идэвхтэй, олон төрлийн хичээлээс гадуурх хөтөлбөрүүдэд хамрагдсаар ирсэн.
Одоогоор ямар, ямар ажилд оролцсон байгаа вэ?
Сургуулийн суралцагчдын зөвлөлийн тэргүүн, найрал дууны гоцлол дуучин, сайн дурын ажилтан гээд сургуулиасаа эхлээд дүүрэг, хотын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаануудад оролцдог.
Энэ зүйлийн эхлэл нь анх юунаас тавигдсан бэ?
Өөрийн нийгмийн идэвхийн гараагаа Баянзүрх дүүргийн Хүүхдийн зөвлөлийн гишүүнээс эхэлсэн. Өөрийн сургууль болон улс, хотдоо гаргадаг үйлс бүхнийхээ туршлага, мэдлэгийн хүрээнд 2024 онд зохион байгуулагдсан «Мэдлэгийн мөс зүсэгч хөлөг онгоц» хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцож, Эх орноо төлөөлөн Дэлхийн оргил руу аялахаар шалгарсан билээ. Энэхүү олон улсын экспедиц хөтөлбөр нь ОХУ-ын Россотрудничество агентлагийн дэмжлэгтэйгээр Росатом корпорацийн зохион байгуулдаг, Дэлхийн 15 улсын 70 гаруй хүүхдийг хамруулсан танин мэдэхүйн чиглэлээр манлайлагч хүүхэд, залуусыг цөмийн эрчим хүч, технологи болон байгалийн онцлог, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт гээд олон сэдвийн хүрээнд лекц, семинар болон мастер-классууд зэргээр дамжуулан хөгжүүлэх зорилготой юм.
Арга хэмжээ нь хэдэн хоног үргэлжилсэн бэ?
Тус Росатом корпорацийн ирээдүйн физик, технологи болон олон харилцааны салбарын хүүхэд, залуусыг нэгтгэсэн төслийн адал явдлаар дүүрэн өдрүүдэд бид өглөө 8 цагаас орой 22 цаг хүртэл дүүрэн туршлага, мэдлэгээр баялаг арга хэмжээнүүдэд оролцдог байсан. Мөн Дэлхийн хамгийн хойд бүс дэх лекцэд суун, түүхэн арга хэмжээний оролцогч болсондоо баяртай байна.
Мэдлэг олгох хөтөлбөрүүдээс гадна өөр сонин хачин зүйл чиний хувьд юу байсан бэ?
тухайн Хойд мөсөн туйлын байгалийн үзэсгэлэнт газрууд болон ховор амьтад тун нүд баясгам байсан. Бид аяллын 9 хоногийн хугацаанд Гринландын аварга халим, далайн хав, туйлын цагаан өнгөтэй солонго болон дэлхийн хойд бүсүүдэд орших арал зэргийг харсан. Мөн нэг сонирхолтой явдал бол туйлд тухайн улиралд нэг ч шөнө болохгүй бөгөөд үргэлж гэгээтэй байдаг байсан. Энэ нь Хойд туйлын 2 улиралтайн шинж юм. Туйлын өдрүүдэд дан гэгээтэй, -10 - -20 хэмтэй, туйлын шөнүүдэд дан харанхуй бөгөөд -50 хүртэлх хэмтэй байдаг.
Хойд туйлд очих сэтгэгдэл, тухайн үеийн сэтгэл хөдлөлөөсөө хуваалцаач.
Бид нийт аяллын хагасдаа буюу 5 дахь хоногт Дэлхийн хамгийн оргил цэг болох Хойд бүсэд хүрсэн. Энэ үед Хойд мөсөн далайн хөлдсөн давхаргат газар буугаад хөлөө тавих мөч үнэхээр зүүд мэт сэтгэлд үлдсэн. Тухайн үеийн арга хэмжээн дээр Монгол улсынхаа төрийн далбааг дээш өргөн, улсынхаа нэрийг дуудуулах мөч хамгийн бахархалт мөн мартагдахааргүй үе билээ. Энэ л цаг мөчид би Монгол улсаас Хойд мөсөн туйлд очсон анхны хүүхэд болж, Монголынхоо түүхэнд нэрээ үлдээж чадсан.
Аялах явцад хамгийн хэцүү санагдсан зүйл юу байсан бэ?
Анх удаа том хөлөг онгоц дээр урт хугацааны аялалд гарсан. Томоохон задгай далайд аялал хийсэн учир хөлөг дайвалцах нь их үеүд байсан. Эхний 2-3 болон сүүлийн 2 хоног дотор эвгүйрэх, тавгүйтэх тохиолдлууд гарсан. Тэр нь хэцүү байсан. Гэхдээ эмч нар бэлэн байдалд үргэлж байсан болохоор эм уугаад зүгээр болсон
Гадаад улс руу аялахдаа өөрийн үеийн залуустаа юуг сануулж, зөвлөж хэлмээр байна вэ?
Юуны түрүүнд хэлэхэд манай улс насанд хүрээгүй тохиолдолд хилээр ганцаар гарахыг хуулиар зөвшөөрдөггүй. Өөр тохиолдолд үндсэндээ яг ямар хөтөлбөрөөр явж байгаа, хаана очих болон нарийн хөтөлбөр, мэдээллүүдийг наана нь мэдэх нь чухал. Үүгээрээ дамжуулж бэлдэх хувцас, бичиг баримтууд гээд олон зүйлд хэрэгтэй. Үүнээс гадна бид бас хэт их хувцас авах тохиолдлууд байдаг. Хэт олон байхаас илүүтэйгээр авч явахад авсаар, хөнгөн явах нь зүйтэй.
Тухайн аяллаас олж авсан хамгийн том сургамж, мэдлэг чиний хувьд юу байсан бэ?
Олон орны хүүхэд, залуустай танилцаж, тэдний улс бүрийн онцлогтой танилцах үнэхээр сонирхолтой. Мөн олон улсын томоохон эрдэмтэн, зүтгэлтнүүдтэй шууд харилцан, үнэтэй лекц, зөвлөгөөг хүлээн авах нь маш том туршлагыг хуримтлуулсан явдал юм. Би олон улсын үйл ажиллагаануудад оролцсоноороо Эх орондоо төдий хэмжээнд хүрэх, үеийн хүүхэд, залуучуудаа хөгжүүлэх хүүхдийн байгууллагыг байгуулж, үйл ажиллагааг олон улстай хамтран хэрэгжүүлэх зорилгыг тавин, түүнийхээ төлөө тууштай хичээж байна.
Өсвөр үе залуусын томоохон төлөөл болоход хамгийн их тусалж дэмжсэн хүн хэн байсан бэ?
Олон амжилтуудад хүрэх, хүүхэд, залуучуудынхаа мөн улсынхаа төлөөлөл болох явцад хамгийн их нөлөө үзүүлсэн нь мэдээж хэрэг гэр бүл. Манай гэр бүл үргэлж миний нийгмийн идэвх, зүтгэлийг дэмжиж, зөвлөн, чиглүүлдэг. Мөн манай сургууль. Энэ сургуульдаа орсноор надад маш олон боломжууд нээгдсэн. Манай сургууль сурагчдаа үргэлж олон гадаад улсын хөтөлбөрүүд, арга хэмжээнд оролцох боломж, мэдээллээр ханган, дэмжлэг үзүүлдэг. Хамгийн гол нь тухайн хүн өөрөө. Учир нь хүүхэд, залуучууд зүгээр цаг, боломжоо хий, дэмий өнгөрүүлбэл маш их зүйлийг алдана. Үүний оронд өөрийгөө олон зүйлд туршин, сорьж, үүнээсээ асар их мэдлэг, туршлага мөн боломжуудыг авах болно.
Хэрвээ нууц биш бол ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?
Сүүлийн идэвхтэй 1 жилийн хугацаанд би олон Олон улсын хэмжээний үйл ажиллагаанд оролцсон. Түүний тусламжтайгаар нэгэн зорилгыг өөртөө тавьсан нь Монгол орондоо олон улсын туршлага дээр суурилсан хүүхэд, залуучуудын хамтын ажиллагааны байгууллагыг нээх юм. Энэ жилээс эрчимтэй эхэлж, Монгол улс болон ОХУ хоорондын хүүхдийн байгууллагуудын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр явж байна. Мөн Монгол орны ирээдүй болсон үеийн хүүхэд, залуучуудаа дэмжихээр байгууллагыг байгуулж байгаа. Бид бүгдийн ирээдүйн хөгжлийн суурь болон мэргэжил сонголт болон түүний тухай ойлголт, мэдээллийг түгээхээр мөн ажиллаж байна.
Тэгвэл өөрийнхөө үеийн залууст уриалж хэлхийг хүсдэг зүйл байгаа юу?
Хүнд амьдрал олон тохиохгүй. Энэ өөрийн амьдрал, алтан гэж нэрлэгдэх цаг хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, өөрийгөө олон зүйлд сорьж, үүнээсээ их туршлага, боломжийг олоорой. Аливаа үйлдлээс бүү ай. Хүний алдаа бүрийн цаана боломж гэх ололт байдаг. Иймд энэ амьдралаа адал явдал, хөгжил цэцэглэлтээр дүүрэн өнгөрүүлээрэй.
СЭТГЭГДЭЛ Үлдээх