Үндэсний их баяр наадмын найруулагч Н.Наранбаатар:
-Эзэн Чингис хаан даяарын энх тайвныг бий болгож, улс орон гүрэнтэй эв хамтын гэрээтэй ажиллаж байсны том илэрхийлэмж гэж би хувьдаа ойлгож байгаа. Монголчууд бид зочломтгой, найрсаг зан чанараа энэ удаагийн наадмын нээлтэн дээр хэрхэн харуулах вэ. Монгол оронд хүн бүхэн тавтай морилоосой, ёс заншил, эдэлж хэрэглэсэн уламжлал, зан заншил, гайхалтай үнэт зүйлүүдийг хараасай гэж бид энэ жил бодож хийсэн. Гэхдээ энэний цаана гол амин сүнс нь мөнхөд гэрэлтэх Монгол гэж байгаа. Бид эх оронч байх ёстой. Эх орноо сэтгэлдээ тээхийн тулд эцэг, эхээ хайрлах юм тэгж чадваас эх орноо хайрлах үндэс бий болно. Иргэн бүр хайрлаж чадваас мөнхөд гэрэлтэнэ гэсэн санааг энэ жилийн наадмын нээлтээр ард олондоо хүргэхийг хичээсэн.
Бид хэн байлаа, одоо хэн болчхоод байгаа, ирээдүйд хэн болох тухай дор бүрнээ бодох цаг болжээ. Баясал цэнгэл гэдэг ард түмний баяр хөөр гэхдээ үүний ард ухаарал мөнхөд дагах ёстой. Эх орон гэх үг хамгийн эхлээд эх хүний хэвлийгээс эхэлдэг. Тодорхой хугацаанд тээгдээд эх дэлхий этүгэн минь тосоод авдаг тэр цагаас эхэлж бид нар хүн болох тухай бодож эхэлдэг учраас нарийн нандин зүйлийг нь илүү их ойлгуулахыг хичээлээ. Энэний ард маш их уран бүтээлчдийн хүч хөдөлмөр оршиж байгаа. Нээлт, хаалтын концертод нийт 2530 уран бүтээлч оролцлоо. Зөвхөн уран бүтээлчдээс гадна алдарт эхүүд, циркчид, цэргийн албан хаагч нар маш их зүтгэл гаргалаа. Харүмафүжи сургуулийн 200 гаруй хүүхэд, 300 морин хуурч, 100 уртын дуучид олон хүмүүсийн хүч хөдөлмөр шингэлээ. Мөн энэ жил зураач нарын багтай нэгдэн механик, инженерийн сэтгэлгээг гаргах гэж хичээсэн гэв.
СЭТГЭГДЭЛ Үлдээх