Цахим мэдээ
Юу

Төрийн томилолтын зардал ба Монголын дундаж давхаргын хавчигдсан амьдрал

        Монгол Улсын эдийн засаг хүн бүрийн нүдэнд тодорхой, өрхийн орлого багасч, бүтээгдэхүүний үнэ өсөж, дундаж давхарга “доошлохгүй ч дээшлэх ч боломжгүй” тогтсон нөхцөл байдалтай нүүр тулж амьдарч байна. Дундаж орлоготой иргэдийн хувьд амьдралаа арайхийн тэтгэж, сар бүрийн банкны зээл, түрээсийн төлбөр, хэрэглээний зардлыг дөнгөн данган төлөх нь хэвийн үзэгдэл болжээ. Харин улаан шугамын доор ажилладаг багш, эмч нарын хувьд ачаалал нь улам нэмэгдэж, ажлаа хийхээс илүү амьдралаа авч явахын төлөө “давчидсан” өдөр хоногууд үргэлжилсээр.

Гэхдээ үүнтэй зэрэгцэн төрийн өндөр албан тушаалтнуудын зарцуулалт, ялангуяа гадаад томилолтын зардал иргэдийн бухимдлыг өдөөхөөс өөр зүйл хийсэнгүй. 2025онд УИХ-ын 126 гишүүн нийтдээ 111 тэрбум төгрөгийг гадаад томилолтод зарцуулсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татав. Энэ нь дунджаар нэг гишүүнд 900 сая төгрөг ногдох хэмжээний зардал гэсэн үг.

“Амандаа тэвчих зардлаас эхэлж танана” гэх амлалт хаана үлдэв?

    Төрийн зардлыг танана, тэвчиж болох бүх зардлыг хасна хэмээн амладаг ч бодит байдал дээр үрэлгэн байдлыг танаж, хэмнэж буй шинж бараг алга. Иргэдийн бухимдлыг хамгийн их төрүүлж буй нь:

  • Томилолтоор явах зорилго, үр дүн нь тодорхой бус

  • Төлөвлөгдөх хугацаанаас илүү удаан хугацаагаар гадаадад саатах

  • Ил тод тайлан, үр ашигтай эсэх мэдээлэл олон нийтэд хүрдэггүй

  • Хэмнэнэ гэсэн бодлого зөвхөн иргэдэд хамааралтай мэт харагдах

Энэ бүхний цаана төсвийн дарамтыг эцсийн эцэст үүрдэг нь жирийн иргэд, дундаж болон доод орлоготой давхарга юм. 

Насаараа зүтгэсэн ахмадууд тэтгэврээ нэмүүлэх гэж “гуйлгачилж” байна

      Эдийн засгийн хүндрэл, инфляцын өсөлтөд хамгийн ихээр дарамтлуулж буй бүлэг бол ахмадууд. Тэтгэврийн доод хэмжээ амьжиргааны өртгөөс хол хоцорч, өдөр тутмын наад захын хэрэгцээгээ хангахад ч хүрэлцэхгүй байна. Гэвч ахмадуудын хүсэлт, шаардлага олон жил хэлэлцэгдсээр байхад шийдэл нь яг томилолтын зардлын адил хурдтай гарч ирдэггүй.

Багш, эмч нарын бодит байдал "зөвхөн мэргэжлийн үнэ цэнэ үлдэв"

    Монголын ирээдүйг бэлддэг багш, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг эмч нарын цалин, ажлын нөхцөл, ачааллын асуудал олон жилийн турш шийдэгдээгүй хэвээр. Тэд мэргэжлээ солих уу, эсвэл үргэлжлүүлэн ажлаа хийх үү гэдгийн зааг дээр ирсэн нь эмгэнэлтэй.

Яагаад энэ зөрүү улам томорч байна вэ?

Төрийн хариуцлага, бодлогын хурд, төсвийн ил тод байдал байхгүй үед баялаг хуваарилалтын зөрүү улам өргөждөг.

  • Дээд түвшний зарцуулалт өсөх

  • Дундаж давхарга зогсонги байдалд орох

  • Доод давхарга улам дордох

Энэ бол нийгмийн тогтвортой байдлын хамгийн том эрсдэл. Ил тод байдал, хариуцлага, тэгш хуваарилалт л эхний алхам байх учиртай. Монголын эдийн засгийн бодлого хүн бүрт хамаатай. Тиймээс гадаад томилолтын шаардлага, үр дүн, төсвийн зарцуулалт бүгд НЭЭЛТТЭЙ байх ёстой. Хэмнэлтийн бодлого зөвхөн иргэдэд бус, шийдвэр гаргагчдад ч ижил тэгш үйлчлэх цаг аль хэдийн болсон. Өнөөдөр дундаж давхарга тогтож үлдэхийн төлөө тэмцэж, доод давхарга хоногийн хоолоо бодож, ахмадууд тэтгэврээ нэмэхийг гуйж явахын оронд төрийн албан тушаалтнууд жинхэнэ ёсоор ард түмний өмнө үүрэгтэй гэдгээ санах шаардлагатай. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх