Цахим мэдээ
Мэдээ

Z үеийн эрчүүдийн 45% нь хэзээ ч болзооны санал тавьж үзээгүй байдаг

Энэ нь нийгмийн түгшүүр, татгалзах вий гэх айдас, дэлгэцийн харилцаанд дасал болсноос үүдэлтэй аж. Мөн ижил төрлийн бусад судалгаанууд залуучууд уламжлалт болзоог харилцааны эхний алхам гэж үзэхээ больж, зарим нь бүр орхиж байгааг баталсаар байна. Үүнд мөн л стресс, карьерын дарамт, цар тахлын дараах нийгмийн ядаргаа зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж буй. 

Иймээс дижитал болзоо одоо хэвийн үзэгдэл болжээ. Гэхдээ аппликейшн ашиглан харилцах нь бодит амьдралд нүүр тулан уулзахад мэдрэгддэг сэтгэл хөдлөлийг орлож чадах эсэх нь одоогоор маргаантай хэвээр байна.  

Дижитал болзооны давуу болон сул тал 

Давуу тал 

  1. Хялбар, цаг, орон зайн хязгааргүй байдал нь шинэ хүнтэй танилцах, болзох боломжийг хурдан олгодог. 

  2. Өөрийгөө илэрхийлэхэд амар буюу текст, эможи, стикер ашиглан өөрийн санаа, сэтгэлээ тайван илэрхийлэх боломжтой. 

  3. Нүүр тулан харилцахад төвөгшөөдөг, айдастай залуус ч онлайн орчинд хялбар алхам хийж чаддаг бөгөөд энэ нь нийгмийн харилцааны түгшүүрийг багасгадаг аж. 

  4. Олон хүний профайлыг нэг дор харж, сонирхсон хүнээ сонгох боломжтой учраас сонголт илүү арвин. 

Сул тал 

  • Нүүр тулсан харилцааны чадвар буурах. Онлайн харилцаанд дассанаар бодит амьдралд сэтгэгдэл, биеийн хэлэмж, ярианы хэмнэл зэргийг ойлгох чадвар хязгаарлагдана. 

  • Бодит болзоо, санал тавих үед мэдрэгддэг догдлол, адреналин дутмаг. 

  • Нийгмийн түгшүүр, татгалзах вий гэх айдас улам нэмэгдэнэ 

  • Хэдий онлайн харилцаагаар өөрийгөө илэрхийлэхэд амар гэж үзэж болох ч текст мессеж, зургаар дамжсан харилцаа бодит зан байдлыг бүрэн илэрхийлдэггүй тул залуус буруу төсөөлөлтэй болж, сэтгэл санааны дарамт мэдэрч болзошгүй. 

Бодитоор болзоход тань туслах бяцхан зөвлөмж 

Хэрэв нүүр тулсан харилцаагаа сайжруулахыг хүсэж байвал жижиг алхмуудаас эхлэх нь үр дүнтэй. Өдөр тутмын энгийн харилцаанд илүү анхаарал хандуулж, дэлгүүрт худалдагчтай мэндлэх, найз нөхөдтэйгээ богино яриа өрнүүлэх зэрэг энгийн үйлдлүүдийг дасал болгож болно. Болзооны яриа эсвэл шинэ хүнтэй танилцахдаа өөртөө ярианы сэдэв бэлдэж, яриагаа урьдчилан төлөвлөх нь стрессийг багасгаж, илүү итгэлтэйгээр харилцахад тусална. 

Мөн биеийн хэлэмж, нүүрний хөдөлгөөн, нүдний харцыг анзаарч сурах нь нүүр тулсан харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Аппликэйшнээр танилцсан тохиолдолд шууд уулзахын оронд бага зэрэг чатлаж, дараа нь богино нүүр тулсан уулзалт хийж турших нь дижитал болзоо болон бодит харилцааны давуу талыг хослуулах боломжийг олгох юм. 

Хамгийн гол нь сэтгэл зүйн бэлтгэл чухал бөгөөд аливаа харилцааны алдаа, буруу ойлгогдох эрсдэл зэргийг энгийн зүйл мэт хүлээн авч сурах хэрэгтэй шүү!

СЭТГЭГДЭЛ Үлдээх