Монголын боловсролын салбар коронавирусийн цар тахлын оргил үед буюу 2020–2021 онд түүхэндээ байгаагүй 14 сарын турш танхимын сургалтаа бүрэн хааж, цахим хэлбэрт шилжсэн нь хүүхдийн мэдлэг, чадвар, сэтгэхүйн хөгжилд гүнзгий төдийгүй өнөөдрийг хүртэл нөхөгдөөгүй хоцрогдол үлдээсэн. Өөрөөр хэлбэл дэлхийн дунджаас 3–4 дахин урт хугацаанд сургалт зогссон нь Монголын хүүхдүүдийн суралцах түвшинг 1–2 жилээр ухраасан болохыг олон улсын судалгаанууд нотолдог. Энэ бол нэг үеийн боловсролын алдагдал бөгөөд эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, өрхийн амьжиргаа, нийгмийн тэгш байдлын ирээдүйд нөлөөлөх хэмжээний томоохон сорилт байсаар байна.
Гэвч энэ сорилтыг даван туулах хугацаандаа Монгол Улс дахин ижил алдаагаа давтаж буйг эцэг эхчүүд, боловсролын мэргэжилтнүүд шүүмжилж байна. Жил бүр улирлын томуугийн дэгдэлт болдог гэдгийг бодлого боловсруулагчид сайн мэддэг хэр нь боловсролын салбарын тасралтгүй үйл ажиллагааг хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ, уялдаа холбоотой төлөвлөлт хийхгүй хэвээр байна.
Эрүүл мэндийн салбарын бэлэн бус байдал, Засгийн газрын улирлын төлөвлөлтийн алдаа зэрэг нь эцэстээ хүүхдүүдийн сурах эрхээр “төлөгдөж” байна.
Цахим хичээл: БОЛОМЖТОЙ БОЛОН БОЛОМЖГҮЙ АЙЛЫН ЯЛГАРАЛ...
Томуу, томуу төст өвчлөл нэмэгдсэн шалтгаанаар зарим сургуулиуд хичээлээ түр зогсоож, цахим хэлбэрээр үргэлжлүүлэх шийдвэр гаргаж эхэллээ. Гэвч “цахим хичээл” гэдэг үг монгол гэр бүлүүдийн хувьд тэгш боломжийг илэрхийлдэггүй. Хотын төвийн болон боломжтой өрхийн хүүхдүүд дулаан байр, найдвартай интернет, хувийн компьютер, ухаалаг гар утас өөрөөр хэлбэл цахимаар суралцах үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Харин хотын захын болон орлого багатай олон өрхийн хүүхдүүдийн хувьд бодит байдал огт өөр.
Эцэг эх нь өглөө ажилдаа явж орой ирдэг, гэртээ дүү нараа харж үлддэг, айл өрхийн цахилгаан, дулаан хүртээмж тогтворгүй, хувьдаа гар утасгүй зэрэг нөхцөл байдалд цахим хичээл бол суралцах боломж бус "хичээл таслах шинэ хэлбэр" болон хувирдаг. Ийм хүүхдүүдийн сурах эрхийг хэн хамгаалах вэ? Цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаагийн хариуцлага хэнд оногдох вэ? Энэ бол ганц өрхийн асуудал биш, нийгмийн тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж, боловсролын ялгааг гүнзгийрүүлэх аюултай бодит байдал.
ТӨРИЙН БОДЛОГЫН БЭЛЭН БУС БАЙДАЛ, НЭГ ҮЕИЙН ИРЭЭДҮЙГ ЗОЛИОСЛОХ УУ...
Цар тахлын үед гарсан алдаа интернетийн хүртээмж сул, цахим хичээлийн чанар муу, сурах орчин хангалтгүй, хүүхэд бүрийн оролцоог хангаж чадаагүй зэрэг сул талуудыг өнөөдрийг хүртэл системтэй зассангүй. Үүнийгээ дагаад улирлын томуу, халдварын үед мөн л “түр хаах цахимд шилжүүлэх” гэсэн ганцхан хувилбар дээр тогтсон хэвээр. Харин дэлхийн зарим орон сургуулиа хамгийн сүүлд хаах салбар” гэсэн зарчим баримталж, эрүүл мэндийн салбарын улирлын ачааллыг харгалзан жил бүрийн төлөвлөлтөө боловсролтой уялдуулдаг. Учир нь хүүхдийн суралцах эрх нь ямар ч халдварын үед хамгаалагдах ёстой суурь эрх юм.
Баримт 1:
UNICEF Mongolia ба Ministry of Education and Science-ийн 2020–2021 онд хамтран хийсэн үнэлгээнээс үзвэл: Ерөнхий боловсролын 178,577 хүүхэд нь “learning loss” буюу сургалтын алдагдалтай болсон гэж дүгнэжээ.
Мөн уг үнэлгээнд, 47,478 сурагч нь 2021 онд сургууль нээгдлээ гэхэд хүртэл "Хичээлдээ ирээгүй" гэх агуулга тэмдэглэгдсэн
Нөгөө талаар, 2020–2021 онд теле-хичээл, цахим контент хэрхэн хэрэгжсэн тухай: “Цахим Аялал” хөтөлбөрөөр 104 жишиг контент бүтээж, тэдгээрийн эхний 26 нь 2020 оны арванхоёрдугаар сарын хичээлийн хуваарьт багтсан нь мэдэгдсэн.
Гэсэн ч теле-хичээл, цахим хэлбэр нь сургалтын чанар, сурагчийн оролцоог хангахад дөнгөж хангалттай байсан шууд танхимын сургалтын үр нөлөөг нөхөж чадсангүй гэж үнэлэгдсэн.
Баримт 2: - Ярилцлага хэсгээс
Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны 5-р ангийн сурагч охинтой хийсэн ярилцлага
Цар тахлын үеэс хойш Монголын олон айл цахим сургалтад дасан зохицох гэж хичээж ирсэн. Гэвч тоног төхөөрөмж, интернэт, дэмжлэгийн хүрэлцээгүйгээс сурагчдын хоцрогдол тодорхой хэмжээнд үүссээр байгаа. Энэ удаад бид Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд амьдардаг, 5-р ангийн сурагч А (нэрийг өөрчлөв)-тай ярилцлаа. Тэрээр 1-р ангийн болон цэцэрлэгийн насны хоёр дүүгээ өдөр бүр харж, цахим хичээлдээ тогтмол оролцох боломжгүй байдгаа хэлсэн юм.*
Сэтгүүлч: Цахим хичээлийн үеийн өдөр чинь хэрхэн өнгөрдөг вэ?
А: Ээж ажилдаа явахад би 1-р ангийн болон цэцэрлэгийн дүүгээ өдөржин хараад өнждөг.
Сэтгүүлч: Төхөөрөмж, интернэт байдаг уу?
А: Гар утас нэг л байдаг. Ээжид... Ээжийг ирэхээр л утсаар нь хичээлээ хийх боломжтой.
Сэтгүүлч: Энэ нь хичээлд яаж нөлөөлдөг вэ?
А: Багшийн явуулсан бичлэгийг орой л үздэг. Ойлгохгүй юм аа уг нь багшаасаа юм уу ангийнхнаасаа асууж болдог цахимаар болохоор тэгэх боломж байдаггүй.
Сэтгүүлч: Сургууль дээр хичээллэхийг хүсдэг үү?
А: Маш их. Сургууль дээр би илүү ойлгомжтой, анхааралтай байдаг.
Сэтгүүлч: Хамгийн ихээр юу хүсэж байна вэ?
А: Хичээлээ цагтаа хийх боломжтой утас, тогтмол интернэттэй болохыг л хүсдэг.
Баримт 3:
Сэтгүүлч: Танайх цахим хичээлд яаж хамрагдаж байна вэ?
Б: Би Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд өвөөтэйгөө хоёруулаа байдаг. Өвөө маань хөгжлийн бэрхшээлтэй болохоор өдөрт хоёулахнаа үлдээд, өвөө утсаа сайн оролдож чадахгүй болохоор хичээлээ сайн хийж чаддаггүй. Тиймээс ээж ажлаасаа иртэл би цахим хичээлээ бүрэн хийж чаддаггүй.
Сэтгүүлч: Тэгвэл хичээлээ яаж нөхөж хийдэг вэ?
Б:Ойлгосон зүйлээ өөрөө хийдэг. Харин ойлгоогүйгээ ээж ирээд хамт сууж байгаад дахин давтдаг.
Сэтгүүлч: Танхимын хичээлд суухад ямар байна?
Б:Танхимаар хичээллэхээр найзууд маань ч гэсэн ойлгохгүй байгаа зүйлсээ хэлдэг. Би ч бас багшаас шууд асууж, найзуудаараа дамжаад ойлгоод авчихдаг. Тийм болохоор танхимын хичээл надад илүү үр дүнтэй байдаг.
Баримт 4:
Эцэг эхчүүдээс авсан ярилцлага хэсгээс
Би 4-р анги 1-р ангийн хоёр хүүхэдтэй 1-р ангийн хүүхэд бол үсэг уншуулж давтуулахад хэцүү яагаад гэхээр би ажилдаа яваад орой ирнэ. Гэтэл хүүхдийн маань амрах цаг нь болчихсон байдаг. Харин 4-р ангийн хүүхэд нь чадахаа хийгээд чадахгүйгээ үлдээчихсэн байдаг. Орой ирээд чадахгүйг нь заримыг нь зааж өгнө, зарим нь бол үнэхээр эргэлзээтэй учраас хар шөнө багш руу нь холбогдож зөв үү буруу юу гэж асууна. Аль аль талдаа л хүндрэлтэй. Надад бол хүүхдээ хоцроохгүй юмсан гэх шалтгаан байгаа ч хүүхдүүдээ шөнө оройн цагаар бас амраачих, багшийг нь бас шөнө оройн цагаар амраахгүй яаана гэх санаа зовинол байдаг. Гэтэл одоо ингээд цахим хичээл ороод үргэлжлээд уртын амралт эхлэхээр хүүхдүүд яаанаа л гэж бодож байна. Намайг л хараад хүлээж байгаа хүүхдүүдээ яаанаа...л гэж бодож байна. Ядаж амралт хүртэл нь танхимаар оруулж байсан бол л гэж бодох юм.
Боломжтой нь урагшилж, боломжгүй нь хөсөр үлддэг шинэ “тэгш бусын систем” Монголд л байна. Цахим хичээл өнөөдөр хичээл гэх нэр л төдий зүйл болсоор бүтэн үеийн боловсролын хоцрогдлыг бий болгож орхилоо. Бид аливаад дархлаатай, бэлэн байдалд хэзээ шилжих вэ? Томуу жил бүр л тохиолдоно. Тэр бүрт салбар нь унаад цахимд шилжээд байвал бидний ирээдүй яах вэ? Өөрөө хичээвэл болно, цахим хичээл үр дүнтэй гэх хоосон хийсвэр уриагаар салбарын хоцрогдлыг далдалсаар байх уу...
ХҮҮХДИЙН СУРАХ ЭРХ ГАНЦХАН ӨВЛИЙН УЛИРАЛД ЭСВЭЛ ТОМУУНД СӨХӨРСӨӨР БАЙХ УУ...
Нийтлэлч: Н.Анударь
СЭТГЭГДЭЛ Үлдээх