Монголын Хөрөнгийн биржийн захирал асан, эдийн засагч Д.Ангар Улаанбаатар хотод хамгийн тулгамдаж буй утаа, түгжрэл зэрэг асуудлыг ЯАЖ шийдэх талаар дараах байр суурийг илэрхийллээ.
Улаанбаатар хот угаасаа газар зүйн байршлын хувьд том хот байх боломжгүй юм билээ. Утаандаа хордоод байгаа нь дөрвөн том уулын дунд утаа нь сарнихгүй бөөгнөрөөд байгаатай холбоотой. Цэлийсэн талд байсан бол ядаж утаа нь салхинд туугдаад явчихна. Сүүлд Казакстаны шинэ нийслэл Астанаг яг тийм цэлийсэн хөндийд байгуулсан юм билээ. 1639 онд Өндөр гэгээн Занабазарт зориулж өргөө барьснаар одоогийн Улаанбаатар хотын суурь байгуулагдсан гэдэг. Манай хотын байршил 5-10 мянган хүнтэй шашны төв байхад магадгүй хамгийн тохиромжтой газар байх. Харин нэг саяас дээш хүн амьдрах метрополис хот байх ямар ч боломжгүй. Оросууд социализмын үед байж болох дээд хэмжээнд нь буюу 600 мянган хүнтэй хотын төлөвлөлт хийсэн юм билээ. Гэтэл одоо энд 1.8 сая хүн амьдарч байна. Удахгүй хоёр сая хүрэх байх.
Жишээ нь 20 ам метр нэг өрөө байранд хоёр хүн аятайхан амьдарч болох бол зургаан хүн зэрэг хамтдаа орвол юу болох вэ, бодоод үзээрэй. Улаанбаатар хотын ерөнхий байдал ийм л байгаа. Максимум 600 мянган хүн байх ёстой газарт 1.8 саяулаа шахцалдаад амьдрахаар өнөөгийн түгжрэл, агаарын бохирдол үүсэхээс өөр аргагүй. Гол нь үүнийг засах боломж байхгүй шүү. Ямар ч боломжгүй. Тэр өндөр дүнтэй зээлээр метро гэх мэтийг бариад, Богд уулыг цоолоод ч нэмэргүй. Улаанбаатарын одоогийн байршилд том хот байх суурь нөхцөл байхгүй!
Тэгвэл шийдэл юу вэ? Ерөөсөө л Улаанбаатар хотын хүн амын тоог багасгах. Өөр шийдэл байхгүй. Хотын хүн амын тоог 600 мянгаа больё гэхэд ядаж нэг сая дотор байх хэмжээнд зохицуулалт хийх хэрэгтэй. 700-800 мянган хүн Дархан, Эрдэнэт, Дорнод, Мандалговь, Даланзадгад... зэрэг газар руу шилжих эдийн засгийн хөшүүргийг бий болгох шаардлагатай. Хөдөө аж ахуйн яам нь агентлагуудаа аваад Дархан руу нүүсэн маш зөв жишиг тогтоосон. Одоо тэгвэл Уул уурхайн яамыг Даланзадгад руу нүүлгэх хэрэгтэй. Дараа нь компаниудыг орон нутаг руу шилжих татварын маш таатай хөшүүргүүдийг төрөөс зоригтой хийх хэрэгтэй. Хэрвээ орон нутагт 100-аас дээш хүнтэй аж ахуй барьвал НӨАТ, НДШ-ээс 10 жил чөлөөлнө гэвэл ихэнхи том компаниуд дараагийн төслүүдээ орон нутагт барих сэдэл төрнө. Энэ мэт олон шийдэл, хөшүүрэг бий...
Эдийн засагч Д.Ангар
СЭТГЭГДЭЛ Үлдээх