Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон АПУ Дэйри ХХК нүүдэлчин малчдыг сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээнд нэгтгэх, сүү боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, тогтвортой мал аж ахуйн менежментийг дэмжих зорилгоор 20 сая ам.доллартой тэнцэх төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлж, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой юм.
Мөн АХБ-ны санхүүжилтийн багцад 300 малчныг мал аж ахуй, бэлчээрийн тогтвортой менежментэд сургах, санхүүгийн боловсрол олгох, тэдний жендэрийн тэгш байдал болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, уур амьсгалын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн 750,000 ам.долларын техникийн туслалцаа багтжээ. Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк нь тус төслийн хамтран санхүүжүүлэгч, зэрэгцээ зээлдүүлэгч юм.
"АПУ Дэйри сүүний үйлдвэртэй хийж буй энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг илүү уян хатан, хүртээмжтэй болгоход чиглэсэн чухал алхам юм. Орон нутгийн сүүний үйлдвэрлэлийг дэмжиж, малчдад уур амьсгал, эдийн засгийн сорилтод дасан зохицоход нь туслах замаар улс орны хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ” гэж АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий захирал Сюзэн Габури хэлээд, “1000 малчны амьжиргааг дээшлүүлж, эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд хамрагдах боломжийг олгосноор энэхүү төслийн үр өгөөжийг нэмүү өртгийн сүлжээний бүх оролцогчид тэгш хүртэх юм” хэмээн онцлов.
Монгол Улс одоогоор жилд 800 сая литр түүхий сүү үйлдвэрлэдэг ч дөнгөж 10 хувийг нь боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгодог. Нөгөөтэйгүүр, сүүний үйлдвэрүүд нь малчдад хүрч чадахгүй байгаагаас болж хүчин чадлынхаа тал хувьд л ажилладаг. Зуны улиралд сүүний үйлдвэрлэл дээд цэгтээ хүрч, харин өвлийн улиралд огцом буурч импортын хуурай сүүнээс хамааралтай болдог.
Энэхүү санхүүжилт нь АПУ Дэйри ХХК-д нийслэл Улаанбаатар хотоос 450 км-ийн радиуст түүхий сүү цуглуулах 25 шинэ төв байгуулахад нь тусална. Эдгээр төвүүд нь малчдад сүүгээ нийлүүлэх тогтвортой зах зээлийг бий болгохын зэрэгцээ 2028 он гэхэд АПУ Дэйри ХХК-ийн өргөтгөсөн боловсруулах үйлдвэрийн түүхий сүүний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах юм. Тус өргөтгөл нь мөн 320 ажлын байр шинээр бий болгоно. Эдгээр цуглуулах төвүүд нь малчдын бүтээмж, орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ малчдад сүүний үйлдвэрлэлээ зээлийн барьцаа болгон ашиглах боломжийг олгох аж.
“АХБ-тай хамтран ажиллах энэхүү түншлэл нь зөвхөн санхүүжилтийн хамтын ажиллагаанаас гадна, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх, хэнийг ч орхигдуулахгүйгээр дэвшихэд чиглэгдсэн бидний ижил зорилго, хүсэл эрмэлзлийг илтгэж буй хэрэг юм. Мөн энэхүү хамтын ажиллагааны онцлог болох 300 малчдыг чадавхжуулахад зориулсан техникийн туслалцаа багтсан нь үнэхээр чухал алхам болж байна. Энэхүү зээл болон техникийн туслалцаа нь Монгол Улсын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн ирээдүйн хөгжлийн нэгэн тулгуур болж, хөдөөгийн малчдын амьжиргаа, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн АПУ Дэйри ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай онцоллоо.
СЭТГЭГДЭЛ Үлдээх