Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн гишүүн, зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдтэй цаг үеийн маргаантай асуудлаар ярилцлаа.
- Нарансэвстэйн боомтыг ашигласнаар Ази-Европыг холбосон торгоны их замтай холбогдож, Баруун аймгуудын ард иргэд олон нэр төрлийн хямд бараагаар хангагдах боломжтой болох юм. Харин зарим хүмүүс үүнийг эсэргүүцэж, гацааж, хөгжлийг хойш нь татаж байна, ялангуяа шантаажны тэмцэгчид энд голлох үүрэгтэй оролцож байна гэж Боомтыг нээх талын хүмүүс ярьж байна. Гэтэл Та ч бас Боомт нээхийг эсэргүүцэж буй. Чухам ямар шалтгааны улмаас эсэргүүцэж байна вэ?
- Нэг бус нэлээн хэдэн шалтгаан байна. Юуны өмнө зөвхөн Нарансэвстэйгээр л боомт нээж байж Гансугаар дайран өнгөрдөг Торгоны замтай холбогдоно гэж ярьж буй бол том төөрөгдөл, худал яриа юм. Манай хилийн цаагуур хятадын төв нутгаас Шинжаан муж болон Дундад Азийн хэдэн оронтой холбогддог G7, G30 гэсэн хоёр том зэрэгцээ зам явдаг. Мөн галт тэрэг ч паралел яваа. Тэдгээр замуудыг л Торгоны зам гэж ойлгоод байгаа хэрэг. Эхний G7 зам нь манай хилд илүү ойрхон бөгөөд Шивээ хүрэнгийн боомтоос 80 орчим, Нарансэвстэйгээс 110 орчим, Бургастайгаас 150 гаруй км зайтай өнгөрдөг.
- Юутай ч Нарансэвстэй нь Бургастайгаас илүү ойрхон юм байна. Тийм үү?
- Яг хилийн шугамнаас бол тийм, харин Алтай хотоос, бүр тодруулбал манай хэвтээ тэнхлэгийн засмал замаас бол Бургастайгаар хил давбал нь 480 орчим км яваад тэр Торгоны зам гэгдэх G7 хүрнэ. Харин Нарансэвстэйгээр давахад 700 гаруй км зайтай.
- Тэгэхээр Нарансэвстэйгээр явахад Монголынхоо газар нутгаар илүү олон км явах юм байна. Энэ нь манайд илүү ашигтай биш үү?
- Монголын нутгаар 600 гаруй км тавигдах замынх нь уртыг харах юм бол Нарансэвстэй нь илүү ашигтай харагдана. Хэвтээ тэнхлэгийн замаас Бургастай хүртэл 320 гаруй км шүү дээ. Гэхдээ ямар нөхцөл, орон зайгаар тэр зам өнгөрч байна гэдэг нь их чухал. Нарансэвстэй орох 600 гаруй км замын 400 орчим км нь хүнгүй зэлүүд газраар, түүний 300 орчим нь Говийн их дархан газрын нутаг дэвсгэрээр явж өнгөрнө.
400 км газар хүнгүй, бүр ямар ч суурьшил, ямар нэгэн дугуй засвар, бензин клонк барих боломжгүй газраар явна шүү дээ. Зам зууртаа л дэд станцууд барьдаггүй юм бол? Гэхдээ тэр эзгүй говьд хэн дугуй нөхөх гээд, бензин түгээх гээд очих вэ? Түүнээс илүү ноцтой нь тэр эзгүй гэгдэх газар чинь өнөөх Дархалсан газар шүү дээ.
- Бургастайн боомтын зам ямар байх вэ?
- Бургастайгаар наашаа хил даваад л Алтай сумын нутаг, Алтай сумын төвөөс 60 орчим км өнгөрнө. Тэгээд Цээл сумын хилийн захаар гарна, Бугат сумын төвд их ойрхон гарна. Төгрөг, Шарга сумдын төвөөр дайрна. Тэнд эзгүй гэх газар маш бага.
- Боомтыг дэмжигчид болохоор Нарансэвстэйн зам нь Говийн Их дархан газрын газар нутгаар огт дайрахгүй, захалж явна гэж яриад байгаа шүү дээ?
- Бас л оргүй худал зүйл ярих юм. Улсын Хилийн дагуу зам тавьчихна гэж яриад байгаа. Дархан газрын баруун хил нь тэр Улсын хил юм шүү дээ. Тэгэхээр яаж ч тавьсан Дархан газрын хилийн дотор талаар л тавьж таарна.
Баруун говь бол Дорнодын тал шиг яг хилийн шугамаа дагуулаад зам тавьчихаар газар биш юм. Байгалийн нөхцөл их төвөгтэй, зарим газар нь элсэн сээрүүд, зарим газар адраа ихтэй хар хадан уулс ч байна. Тэгэхээр зарим газраа Дархан газар луугаа хэдэн арван км цөмрөх ч магадлал бий.
“Өдрийн сонин”- д “Дархан газрын бүсийн гадуур зам тавина” гээд биччихсэн байна билээ. Илэрхий ийм худал мэдээллээр ард олны тархи толгойг самууруулж болохгүй. Тэгээд зогсохгүй “Улсын хилээс 50км өргөнтэй коридорыг тусгай хамгаалалтаас гаргаж, зам тавьж байж асуудлыг шийдэх боломжтой” тухай бичсэн байсан. 50км өргөн коридор байтугай 5 км өргөн байсан ч Дархан газар луу халдаж л байгаа хэрэг шүү дээ.
- Говийн Их дархан газрын нутгийн хэмжээ нь 4.6 сая га гэдэг. Ийм уудам нутгаас 5-50км замыг чөлөөлөхөд нөлөөлнө гэж үү?
- Нөлөөлөлгүй яах вэ. Тэр коридорын урт нь багадаа 250 км шүү дээ. 250 км-ыгаа 50км-аар үржээд үз. 12 500 км2 талбай. Га-д шилжүүлбэл Нэг сая 250 мянган га болчихно. 5км байсан ч гэсэн багагүй газар Дархан газрын бүсээс гарна гэсэн үг.
Гэтэл тэр коридор байгуулах гээд байгаа бүс чинь Хавтгайн ч, мазаалайн ч очиж ундаалдаг, ичдэг, бэлчдэг газрын л нэг хэсэг шүү дээ. Яг тэр хил дагасан шугаман дээр чинь хэд хэдэн уст цэг бий. Харин ч Монголчууд бид энэ дэлхийд өөр хаана ч байдаггүй маш эмзэг Мазаалай, мөн хавтгай болон бусад ховор ан амьтдынхаа оршин амьдрах орон зайг нь болж өгвөл тэлж байх ёстой юм. Тэлж чаддаггүй юм аа гэхэд хорогдуулж л огт болохгүй.
- Боомтын талынхан маань энэ зам Дархан газрын нутагт, тэр ховор ан амьтдад ямар ч сөрөг үр дагаваргүй гэж яриад байгаа шүү дээ?
- Харин тэгээд л байгаа юм. Яахаараа тэгэж хараад байгааг нь ойлгох ухаан хүрэхгүй л байна. Хамгийн наад зах нь говийн хөрс маш эмзэг. Хорин жилийн өмнө явсан машины мөр өнөөдөр ч дурайгаад л байж байдаг. Нөхөн сэргээгдэхэд нэн хэцүү хөрстэй гэсэн үг. Гэтэл түүгээр хэдэн зуун км зам тавих гэж бөөн юм болно оо доо. Хайрга чулуу, элс шороо, ус гээд. Усгүй газар шүү, яахав хятадууд гүний өрмийн худгууд гаргаад асуудлаа шийдээд явах байх. Гэхдээ л амаргүй. Түүгээр зам тавибал тэр бүс нутаг ер нь тавин жилдээ сэргээгдэхгүйгээр талхигдана л гэсэн үг.
Дээр нь тэр аглаг говийн ан амьтад чинь үргэмтгий, сэжигч, ёстой жинхэнэ атар онгоноороо, байгалаараа байгаа амьтад. Хилийн наагуур Таван км-ийн дотор зам тавьсан ч гэсэн амьтад тавь байтугай 100 км-ийн газарт ойртохгүй, үргэж дайжина.
- Тэр бүү хэл тэнд аялал жуулчлал хөгжүүлнэ ч гэсэн яриа гарч байгаа шүү дээ.
- За бүр нэг мөсөн Дархан газрын амийг тасдаж хаях нь.
Манайхан Африкийн Серенгетийн дархан цаазат газар шиг машинтайгаа ан амьтад дундуур сүлжиж яваад л, зураг дараад байх юм төсөөлөөд байдаг. Тийм ямар ч боломж байхгүй. Дээр хэлсэн шүү дээ, хөрс нь ч, амьтад нь ч жинхэнэ атар онгоноороо, маш эмзэг гэж.
Дархан газарт масс туризм огт хөгжих боломжгүй. Масс туризмаас хэдхэн бор төгрөг олох гээд хэдэн арван их наяд доллар зараад ч сэргээж чадахгүй тийм сүйрэлд л хүргэнэ. Тийш дархан газрын баруугаар зам тавигдахын бас нэг аюул нь энэ юм. Одоо манайхан их аялдаг болсон. Наадмаар Хөвсгөл рүү хэдэн зуун км замд түгжрэл үүсдэг. Гэтэл Дархан газар луу зам тавигдчихвал хэдэн зуун машин хахчихыг байг гэх юм.
Тэр мазаалай хавтгай чинь одоо болтол тэр газар нутагт тэсээд үлдсэний гол шалтгаан нь дэд бүтэц хөгжөөгүй, хүн хар нутаглахад бэрхтэй эзгүй, атар онгондоо байгаа юм.
- Замын дотор талаар торлоод ямар машин дураараа давхиад байх боломжгүй болгочихно гэж яриад байгаа шүү дээ?
- Бүр бараг км тутамд нь камер тавиад уу? ккк. Гурав, дөрвөн зуун км замыг торлож байдаг яасан ч их илүү гарсан хөрөнгө билээ дээ. Манайхан л болсон хойно дуртай газраараа сэт татаад л тоос манаргачихна даа. Тэр бүгдийг хянаад, хараад, цагдаад байх боломж ч хомс.
Түүнээс илүү аюултай юм нь Өргөстэй Заставын дэргэдүүр гаргаад Шивээт хайрханыг бэллээд, Ээж хайрхан хүртэл торлочихоор чинь хойшоо Аж мянганы говь, Алаг нуурын говь, Говьхонин ус, бүр хойт талын Тахийн тал, Ёлхоны говиос гүйдэг хулангийн гүйдэл тасарна. Мөн хар сүүлт болон бусад нүүдлийн амьтадын нүүдэл таслагдаж, сүргийн популяцид, эко системд ноцтой хохирол гарах аюултай.
- Таныхаар бол ямар гарц байна вэ? Манай баруун аймгийнхан хэдэн мянган км зам туулж, Эрээнээс бараа татаж байгаагаас болоод барааны үнэ өндөр байдаг гэдэг.
- Бургастайн боомт руугаа л 300 гаруй км зам тавьчихад болчихно шүү дээ. Цаад талд нь 4 эгнээ зам хил дээр тулаад ирчихсэн л байна. Тэр замаар 150 км давхиад өнөөх G7 буюу Торгоныхоо замтай ч холбогдчихно. Урагшаа давхиад Гансу руу ч орчихно. Баруун тийшээ Өрөмч, цаашлаад Турфан, урагшаа Хами ч орно. Мөн Казахстан, Киргиз гээд дундад Ази руу ч ойртоно. Нарансэвстэйгээ бодвол илүү их боломжтой зам юм. Шинжаан бол бас л худалдаа, үйлдвэрлэлийн том бүс шүү дээ.
Гэтэл Гансугийн худалдааны төв Ланжоу хот чинь манай хилээс цаашаа бараг 1000 км зайтай.
- Шинжааны улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад Бургастайн боомтоор гарахад дотуур өмд шалгах нь шахуу хатуу байдаг гэж Нарансэвстэйн боомт дэмждэг талынхан яриад байгаа шүү дээ?
- Бас л оргүй худал яриа. Шинжаантай манайх Бургастай, Ярант, Даян гэсэн гурван боомтоор харилцаж байна. Алтайнхан Ярантаар гараад, бараа туруугаа аваад л ирж байгаа шүү дээ. Тэгэж айхтар шалгаж, давахуй бэрх өндөр татвар татаас авдаг юм байхгүй дээ. Адилхан нэг л муж руу гарч байхад нөгөө хоёр боомтоосоо Бургастайн боомт огт өөр дүрэм журмаар явдаг юм гэж юу байхав?
-Алтайн наймаачид тэгвэл яагаад нутгийнхаа Бургастайгаар гарахгүй илүү хол Ховдын Ярантаар зорчоод байгаа юм бэ?
-Засмал замтай л холбоотой. Алтайгаас Ярант хүртэл засмалтай. Бургастай руу 320 км дэржигнүүртэй, шороо тургисан замаар явснаас Ярант руу 500 км засмалаар унтаж яваад очих нь амар шүү дээ.
Энэ бүх тархи угаасан хуурмаг мэдээллүүдээр сэтгүүлчдийн ч, ард иргэдийн ч тархийг угаагаад улайран зүтгээд байгаа нь эрхгүй сэжиг хардлага төрүүлдэг юм.
- Ямар хардлага, сэжиг билээ?
- Нарансэвстэйн боомтоос Өргөстэй рүү явах зам дээр шахам, яг тэр коридор нээнэ гээд байгаа хэсэгт Талын мэлтэсийн хэдэн зуун тонны нөөцтэй томоохон алтны орд бий. Өнөөх хэл амтай Гачуурт, Хан Алтайн ордтой харьцуулах аргагүй том. Түүний урд талд Хатансуудлын Зэс, төмрийн бас нэг том орд бий.
Ер нь яаж ч бодсон илүү олон сум, суурьшилтай газраар 300 гаруй км зам тавиад Торгоны замтай холбогдчихож болж байхад, яагаад заавал 600 орчим км, түүний 400 нь эзгүй, бүр 300 орчим нь Үндсэн хууль болох бусад олон хууль журам зөрчин байж Говийн их дархан газрын бүсээс хомслон, байгалийн хүнд нөхцөлд илүү их зардалтай зам тавих гээд чичрээд байгааг сэжиглэхгүй ч гээд яах билээ?
- Боомтыг нээх талынхан болохоор огтоос алт ухах гээгүй ээ гэж ам шүд алдаад байгаа шүү дээ?
- Итгэхэд бэрх. 2013 онд Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг тэр орд буй газруудыг Дархан цаазат газрын бүсээс гаргах тухай санал ирүүлж байсан. Ер нь ийм санаархал нэг бус удаа цухалзаж байсан.
Манай боомтын талынхны яриад байгаа Өргөстэй хүртэл гаргах 50км-ын өргөнтэй коридорт чинь тэр алтны уурхай орчихно. Хятадууд олон жил ухсан ул мөр ч байдаг. Мөн тэр хилийн бүсэд чинь чулуужсан мод, чулуужсан эртний амьтадын яс ч бий. Өөр ямар баялаг байгааг нь тогтоож хэлэх аргагүй. 90-ээд онд задгайрч, эх захгүй бужигнаж байх үедээ нэлээн ч юм гаргаад амжсан. Гэхдээ л их юмны үлдэгдэл бишгүй юмс байгаа.
- Дархан газрын хил дотор уул уурхай ашиглах боломжгүй юм биш үү?
- Тэр ч тийм. Гэхдээ одоо зам тавихын тулд дархан газрын баруун хязгаарын хэсэг газрыг Дархан газрын бүсээс чөлөөлнө гэж яриад эхэлсэн шүү дээ. Хууль дүрмийн дагуу бол чөлөөлж байж л зам тавигдах боломжтой. Дархан газрын хил хязгаар баталгаатай биш юм.
Ер нь тэгээд өөрсөддөө зориулаад Үндсэн хуулийг хүртэл дураараа өөрчилчихдөг нөхдүүд Дархан газрын хил хязгаарыг ганцхан хуралдаад л өөрчилчих боломжтой. Хэрвээ монголын дархан газрууд, байгалийн нөөц газруудын хамгийн том, цөм нь болох Говийн Их дархан газар луугаа халдах юм бол бусад олон дархан газруудын хувь заяа эргэлзээтэй болоод явчихна. Тэдгээр газруудад бүгд л уул уурхайн баялагтай холбоотой маргаан тасрахгүй байгаа.
- Тэр Талын Мэлтэсийн ордыг Хятадууд хэзээ ухаж байсан бэ?
- Манай хилийн цэрэг 1933 онд үүсэж бий болсон ч хил хязгаараа эцсийн хувилбараар тогтсон нь 1963 он. Түүнээс өмнө хятадууд орж ирж ухаж байсан юм билээ. Там шиг нүхнүүд үлдээсэн. Тэр орчмоор явахад энд тэнд нэргүй булшнууд таардаг. Бас хил зөрчигчидтай хүч тэнцүүгүй тулаанд амь үрэгдсэн манай хилчдийн булшнууд ч цөөнгүй. Заримыг нь аймшигтайгаар хамлаж хороосон түүх байдаг. Хил хязгаараа, хүн ардаа, байгалын баялгаа хамгаалан эрсэдсэн хорин хэдхэн настай тэр олон хөвүүдийн амь насны үнэ цэнэ хэвээр гэдэгт итгэж байгаа.
- Ер нь тэдгээр ордыг ашиглаж яагаад болохгүй вэ?
- Хоёр шалтгаан байна. Нэгдүгээр өнөөдөр манайд хэдэн мянган уул уурхай ашиглаж байгаа. Үр дүн нь юу вэ? Эцэг өвгөдийн үлдээсэн өвийг зарж, идэж уухаас өөр гавьяагүй буянаа барж буй ажил амьдрал мэдэхгүй эрхийн тэнэг хүү шиг л байцгаана бид. Тэр уул уурхайн үр шимийг идэж уухдаа бус хөгжилд хэрэгтэй бүтээн байгуулалтууд болгох нь дандаа хаягддаг. Мөн нэмүү өртөг шингээж чадахгүйгээс маш хямд үнээр борлуулж байгаа нь харамсаад барахгүй. Ийм байдалтай байж, их говио сүйтгэн сүйтгэн дахин орд ухах нь ухаалаг явдал яавч биш ээ.
Хоёрдугаарт, тэдгээр ордыг ашиглаад эхлэх л юм бол Говийн их дархан газар үндсэндээ байхүй болно гэсэн үг. Мазаалай л гэхэд энэ дэлхий дээр ердөө 30-50 орчим тоотой л байна. Өөр хаана ч байхгүй. Тахь гэдэг амьтнаа бид устгачихаад, азаар өнгөрсөн зууны эхэн, дунд үед Европын хэд хэдэн амьтны хүрээлэнд илгээсэн байсны хүчинд тэндээс авчирч нутагшуулаад авлаа.
Мазаалайн тухайд тийм боломжгүй. Уствал тэр чигтээ байхгүй болно.
Хавтгай дэлхийд 800 гаруйхан байгаагаас 600 орчим нь манайд байна. 200 гаруй нь хилийн цаана. Гэхдээ хилийн цаана байгаа нь газар нутгийн хязгаарлалтаас шалтгаалаад унаган байдлаа алдсан, хэзээ мөдгүй алга болох магадлалтай. Түүнээс гадна зөвхөн тэр говьд л байдаг мөлхөхчид, мэрэгчид, унаган ургамал олонтой. Тэр говийн эко системийг сүйтгэчихвэл хожмоо цусаар уйлаад ч нэмэргүй юм болно. Тиймээс л хамгаалах гэж хичээгээд байгаа юм шүү дээ.
Манай өвөр говь шиг тийм өөрмөц газар нутаг, хосгүй байгал өөр хаана ч байхгүй. Бараг сая жилийн өмнө ямар байсан тэр янзаараа л байгаа хэрэг. Тэр байгалийг хамгаалах нь зөвхөн бид хойч үедээ төдийгүй, хүн төрөлхтний өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага юм.
Тэгээд ч манай улсын элсэн орсон байгал хамгаалах чиглэлийн олон конвенцүүд, хэлэлцээрээс ухарсан булай хэрэг болно.
Ярилцлагыг Б.Жавхлан
"ЗУУНЫ МЭДЭЭ" сонин.
СЭТГЭГДЭЛ Үлдээх