Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг орон сууцны талбай болон жилийн хүүгийн хэмжээнд тавигдах шалгуурыг 60 метр квадрат хүртэлх 6 хувь, 61 ээс 80 хүртэлх метр кватратад 8 хувь байхаар тус тус тогтоож холбогдох журамд өөрчлөлт оруулахыг Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсөн. Ипотекийн хөнгөлөлттэй зээлийг зөвхөн 50 метр квадрат хүртэлх талбайн хэмжээтэй байранд л олгоно гэсэн үг биш юм. 100 хүртэлх метр квадратад 10 хувь, 40 хүртэлх метр квадратад 4 хувиар гэх зарчмаар төрийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг иргэдийн орлогын ялгаатай нөхцөл байдалд нь тохируулан төрөлжүүлж байгаа. Үүний үндэслэл нь бага, дунд орлоготой иргэд ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадахгүй, хүртээмж сул байгаатай холбоотой. Ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан 110 мянган зээлдэгчдийн дунд судалгаа хийгээд дүгнэхэд ердөө 30-40 хувь нь дундаж ба түүнээс доош орлоготой иргэд рүү чиглэсэн, дийлэнх хувь нь өндөр орлоготой иргэдэд олгогдсон байдаг. Анх ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бодлогыг гаргахдаа тодорхой хязгаарлалт, хувилбартай байдлаар санал болгоогүй тул 6 хувийг зээлийг өндөр орлоготой иргэд ч гэсэн авах сонирхолтой байдаг. Нөгөө талаасаа банк санхүүгийн байгууллагууд зээлийн чанар, эрсдэлдээ анхаарч, харьцангуй өндөр орлоготой иргэдэд зээл олгох хандлагатай байдаг нь ч зүйн хэрэг байгаа юм. Иймээс орлогын түвшин харьцангуй доогуур ч гэсэн зээлийн шалгуураа хангаж буй иргэдэд ипотекийн хөнгөлөлттэй зээлийг илүү хүртээмжтэй байлгах үүднээс энэхүү хүү, талбайн шаталсан бодлогын арга хэмжээг авахаар танилцуулж байгаа юм. Мөн Хөдөө, орон нутагт олгох ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрт эхний 3 жилд нь 3 хувийн хүүгийн татаас олгох хөтөлбөр 2023 оноос хойш хэвийн хэрэгжиж байгаа, дээр нь урьдчилгаа төлбөрийн 30 хувийн шаардлагыг 60 хүртэлх хувиар бууруулаад 12 хувь хүртэл болгох боломж нээж өгсөн. Ипотекийн зээлийн санхүүжилт бол 50-аас доошгүй хувийг нь орон нутагт олгоно. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх хүрээнд Улаанбаатарт олгогдож буй зээлийн 50 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, шинэ дагуул хотуудын бүс рүү олгоё, хотын төв рүү олгодог байдлыг аль болох хязгаарлая гэсэн бодлогын хувилбаруудыг гарган ажлын хэсэг дээр хэлэлцэж байгаа. Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хязгаарлагдмал учраас анх удаа орон сууц худалдан авч буй иргэдээ тэргүүн ээлжид дэмжинэ. Харин тухайн өрх бүл нэмж орон сууцны нөхцөлөө сайжруулан, томруулах зорилготой дахин ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэж байгаа бол өөрийн одоогийн орлогод нийцсэн өндөр хүүтэй зээлийн нөхцөл тавина. Харин өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авах гэж байгаа бол төрөөс хөнгөлөлттэй зээл олгоод байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт 2024 онд өмнө нь байгаагүй өндөр санхүүжилт буюу 1.3 их наяд төгрөгийн ипотекийн хөнгөлөлттэй зээл олгосон бол 2025 онд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт харьцангуй тогтвортой өссөн үзүүлэлттэй байх болно. Эдгээр бодлогын шийдлүүдийг ажлын хэсэг дээр хэлэлцэж дуусаад, Засгийн газарт танилцуулснаар албан ёсоор зарлана.
СЭТГЭГДЭЛ Үлдээх