Цахим мэдээ
Юу

Тэмээ шарах нь тэнэглэл гэж үү?

Дорноговь аймагт болсон тэмээчдийн зөвлөгөөн, тэмээний баярын үеэр тэмээний зум хийж идсэнийг цахим орчинд зарим хүн учиргүй шүүмжилж, муу муухайгаар дуудаж байна. Ингэхдээ тэр хүмүүс зум, боодог хоёроо ч ялгахгүйгээр учир зүггүй хараан зүхэцгээж ээ. Тэгвэл тэмээний фестивалийн үеэр тэмээний махаар өвөрмөц содон хоол хийж, түүнээ сурталчлах нь тэнэглэл биш харин ч зөв маркетинг гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Монголчууд таван хошуу малынхаа болон тарвага туулай гээд бүх төрлийн ан амьтны махыг тухай бүрийнх нь онцлогт тохирсон олон янзын арга хэлбэрээр чанаж болгох, борцлох зэргээр зооглож ирсэн хоолны соёлын арвин уламжлалтай ард түмэн. Харин орчин цагт урьдын түүхээ мэдэхгүй хүмүүс зарим содон сонин хоол зоогийг хараад ухвар мөчид шүүмжилж үгүйсгэх нь элбэг болж. Жишээ нь, одоогоос бараг 10 жилийн өмнө АСЕМ-ийн уулзалт манай улсад зохион байгуулагдахад бүтэн үхрийн зум хийсэн зургийг хараад цахим орчинд яг өнөөдрийнх шиг шаагилдаж билээ. Гэтэл өнөөдөр бидний сэтгэлгээнд дорвитой өөрчлөлт гараагүй л байна. Яг үнэндээ бог, бод гэлтгүй малын бүтэн махыг ялз шалз болгож, олныг хамарсан томоохон баяр ёслол, үйл явдлын үеэр иддэг уламжлал нэн эртнийх. Их, бага хаадын үед ч томоохон баяр ёслолын үеэр зум хийж идэж байсан түүхэн сурвалж хангалттай байдаг. Тиймээс тэмээ шарлаа гэж тийчигнэх нь тэнэглэл гэсэн үг. Тэгээд ч тэмээ өсгөнө гэдэг нь тэмээгээ эдийн засгийн эргэлтэд оруулах тухай л асуудал. 

Мах, сүү, ноос ноолуурыг нь авах гэж, ашиглах гэж л аливаа мал амьтныг өсгөн үржүүлдэг. Ялангуяа, дэлхийн хэмжээнд цөөн тоо толгойтой тэмээ хэмээх малыг олны анхаарлын төвд оруулж, олон талаар үр ашигтай ашиглахын тулд шарах байтугай санаачилга гаргах ёстой. Жишээ нь, баян арабууд ганц бөхт тэмээгээрээ бүтнээр нь зум хийж асар өндөр үнээр борлуулдаг. Ер нь бол хэн дуртай нь хүртдэг бус дээд зэрэглэлийн тансаг зоогт тооцогдож байна. Үүнтэй адил монголчууд ч тэмээний махаа энэ мэтээр үнэ цэнтэй, өвөрмөц содон хоол зоог болгон хөгжүүлж яагаад болохгүй гэж. 

Өнгөрсөн хугацаанд явж ирсэн уламжлалт арга барилаар бол тэмээний махыг хамгийн чанаргүйд тооцож, хиам, нийтийн хоолны бууз, хуушууранд бөөнддөг байлаа. Гэтэл яг бодит байдал дээрээ тэмээний мах хамгийн сэрүүн чанартай урчаас барагтай бол хуршдаггүй. Тиймээс борц хийхэд хамгийн амт, чанартай байдгийг говийнхон андахгүй. Нөгөөтэйгүүр өөхөн давхрага нь махнаасаа салангид байдаггүй. Дэлхийд алдартай японы вагю үхрийн мах шиг дээд зэргээр гантигласан буюу махан дундуураа өөхөн судалтай байдаг билээ. Тэгээд дээрээс нь говь хээрийн өндөр амт шимт бүхий модлог ургамлаар голчлон хооллодог хоёр бөхт тэмээний мах асар үнэ цэнтэй хөдөө аж ахуй, аялал жуулчлалын брэнд болох хангалттай өгөгдөлтэй юм.  

Тиймээс тэмээг бүтнээр нь шарлаа гэж шаагилдах нь үнэндээ маш бүдүүлэг, хоцрогдсон хандлага шүү.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх