ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 2011 оны 10 дугаар сард болсон 36 дугаар чуулганаар жил бүрийн хоёрдугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн радиогийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргаж, өдгөө тус өдрийг дэлхий даяар 13 дахь жилдээ тэмдэглэж байна. 2024 онд энэ өдрийг “Радиогийн гайхамшигт өнгөрсөн үе, түүнтэй холбоотой одоо үе, давшингуй хөгжих ирээдүйг гэрэлтүүлцгээе” сэдвийн дор тэмдэглэхийг ЮНЕСКО-оос уриалсан.
1946 оны хоёрдугаар сарын 13-нд НҮБ-ын радиогийн анхны нэвтрүүлэг цацагдсаныг онцолж, мөн Испанийн Радио академи гаргасан санааг дэмжин 2011 онд ЮНЕСКО-ийн ээлжит бага хурлаар радиогийн үнэ цэнэ, ач холбогдлыг сурталчлан таниулах, хүртээмжийг сайжруулах, радио сонсогчдын дуу хоолойг сонсох зорилгоор дэлхийн радиогийн өдрийг жил бүрийн хоёрдугаар сарын 13-н гэж зарлахад ЮНЕСКО-ийн гишүүн орнууд дэмжин нэгджээ.
Монгол Улсын хувьд 1931 оны тавдугаар сарын 1-ний 19.00 цагаас НАРДОМ клубийн төхөөрөмжийг ашиглан “Агаарын мэдээ”-ний зөвлөлөөс Төв цэнгэлдэх хүрээлэн болон төв талбайд чанга яригч байрлуулж баярын мэдээ, дуу хуурыг дамжуулснаар монголчуудад анх удаа агаарын мэдээг сонсгожээ.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар хотод 36 ФМ радио станц, орон нутагт 26 ФМ радио станцаар дамжуулан сонсогчдодоо улс орон, дэлхий дахины цаг үеийн мэдээ, мэдээлэл, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, хүүхэд, боловсрол, соёл, урлаг, спорт зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан нэвтрүүлэг, бүтээлийг хүргэж байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх