Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮБХ/ дотоод дахь хэрүүл маргаан хэл амаа цэгцэлж чадахгүй байж хил дамнасан хэрүүлийн "бай" шинээр нэмж байгаа бололтой. Юу гэвэл, холбооны тэргүүн Ц.Магалжав БНСУ-д МҮБХ-ны салбар холбоог албан ёсоор байгуулсан талаар бахархалтайяа мэдээлжээ. Тус улс дахь салбар холбооны Удирдах зөвлөлийн даргаар Кеннам аймгийн ИТХ-ын гишүүн, Монгол Улсын иргэн Н.Мөнхзаяа, Гүйцэтгэх захирлаар сумын заан Дашпунцагийн Ядмаа нар ажиллахаар болсон аж.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д 55 мянга орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэд өөрсдийн идэвх санаачилгаар хилийн чанадад үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлж байгаа гэжээ.
Гадаад улс оронд ажиллаж амьдарч буй иргэд үндэсний бөхөөрөө хичээллэж, барилдаан зохион байгуулах боломжтой болж буй нь сайн хэрэг ээ. Гэхдээ энд нэг маргаантай асуудал гарч байгаа юм. Тодруулбал, МҮБХ БНСУ-д салбар холбоо байгуулсан нь яг үнэндээ үндэсний бөхийн хөгжилд санаа тавьж, бөх сонирхогчдын эрх ашгийг хангаж буй явдал ерөөс биш. Хамгийн олон монгол иргэн ажиллаж амьдарч байгаа улсад бөхийн барилдаан тогтмол зохион байгуулж, улмаар цол чимэг олгох нь энэ салбар холбооны зорилго гэдэг нь анзаарагдаад эхэллээ. Тиймээс энэ нь иргэдийн бус, МҮБХ-ны ашиг сонирхол гэсэн үг.
Уг нь Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зөвхөн улсын баяр наадам болон бүх цэргийн наадмаар л цол олгодог бөгөөд МҮБХ-ны дүрэм журмаар зохицуулдаг. Улмаар Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхийг үндэс угсаа, төрсөн газар, оршин суугаа засаг захиргааны нэгж, цол, чимгээр нь ялгаварлан барилдах эрхийг хязгаарлахыг хориглодог ардчилсан зохицуулалттай. Үүний цаад агуулга нь Монголын Үндэсний баяр наадмыг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулах зарчим юм. Хэдийгээр гадаад улс оронд ажиллаж, амьдарч буй иргэд баяр наадам, цагаан сарын үеэр бөхийн барилдаан зохион байгуулах явдал түгээмэл ч цол чимэг олгож байсан түүхгүй.
Энэ мэтээр хүссэн хүн бүхэн аль улсад оршин суухаас үл хамааран үндэсний спортоороо хичээллэх, барилдаан, уралдаан зохион байгуулах эрх нь нээлттэй байсаар атал МҮБХ БНСУ-д салбар холбоо байгуулан, тамга тэмдэг, гэрчилгээ олгож буй нь яах аргагүй цол олгох сонирхол байгааг илтгэж байна. Тэдний энэ сонирхол биелж эхэлбэл, тун удахгүй "Кеннам аймгийн заан, Бусан хотын аварга" гэх зэргээр монгол солонгос нь мэдэгдэхгүй цолтнууд албан бусаар биш албан ёсоор бий болж, үндэсний өв соёл утгаа алдах, цаашлаад хил дамнасан хөл толгойгүй хэрүүлд живэх аюултай.
Тиймээс МҮБХ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, хил давсан хэрүүлийн шалтаг тарихын оронд допингоос эхлээд зодоон цохионтой холбоотой дотоод асуудлаа цэгцэлж, өв соёл, үндэсний спортынхоо нэр хүндийг сэргээх, хэл ам хэрүүл тэмцлийг цэглэх тал дээр анхаарч ажиллавал яасан юм бэ?
СЭТГЭГДЭЛ Үлдээх