Хүмүүний амьдралд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол итгэл. Хувь хүмүүсийн харилцаанаас эхлээд байгууллага, хамт олон, улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л амьдралд итгэл гээч ганцхан хүч бий. Итгэл үгүй бол бүх юм мөн чанарын хувьд хэврэг болж, бүр нуран унахад хүрнэ. Эхнэр нөхөр хоёрын итгэл бөх бол тухайн гэр бүлийн аз жаргал батжиж, дэлгэрдэг. Анд нөхдийн итгэл бат бол үл ойлголцол, маргаан мэтгээн үл гарна. Ажилчин нь итгэл даадаг бол захирал нь бүр их итгэл үзүүлнэ. Ахуй амьдралыг нь аль болох өөд татах гэж хичээнэ. Аливаа бизнес итгэл дээр л тулгуурлаж өргөжнө. Төрийн түшээд итгэл эвдэхгүй бол түмэн олон нь тэдэнд байнга эрх мэдэл бэлэглэнэ. Итгэлгүй болоод зүтгэлгүй бол мөн л тийм хариу үйлдэл үзүүлнэ. Итгэл гээч угаас ийм аль аль талдаа адил үр дүнг үзүүлдэг харилцан шүтэлцээтэй ухагдахуун. Аль болгоныг тоочиж барах. Өргөн агуулгаар нь харвал үйлийн үр л гэсэн үг.
Түмэн олны дунд итгэлтэй сайн хүн олон. Мөн ирээдүйг огт төсөөлдөггүй, зөвхөн яг одоогоор буюу “түр зуур”-аар амьдардаг нь ч чамгүй олон болжээ. Чухамдаа хүний чанар муудаж буйн л илрэл юм уу даа. Бусдын чин итгэлийг шууд л булшилчихдаг хүмүүсийн тухай зарим тохиолдлыг жишээлье.
Саяхан хүүхэд халуурч сандаргаад эмнэлэг бараадах хэрэг гарав. Хувийн унаагүй болохоор ойр зам руу гүйж, нэг такси олж ирлээ. Эмнэлэг ортол сүйдтэй өвчин бус, шалихгүй ханиад байна гэсэн тул тайвшраад буцлаа. Гэрийнхээ үүдэнд ирээд таксиныхаа хөлсийг төлөх гэтэл жолооч маань 20 мянгыг задалдаггүй. Уг нь 15 мянга гарч. Гадаа хүйтэн, буцаж нааш цааш яваад төвөг гэж бодоод “За за та замын дэлгүүрээс хариултны 5000-даа утасны нэгж аваад явуулчих” гэлээ. Жолооч ч дуртай нь аргагүй “Өө тэгье тэгье” гээд дугаарыг минь тэмдэглэн авсан билээ. Гэтэл байдаггүй шүү. Орой боллоо, шөнө боллоо, маргааш, нөгөөдөр боллоо...
Таван мянган төгрөгөнд бус, итгэлийг минь эвдсэнд одоо ч би гомдсон хэвээр. Тэр жолооч таван цаас илүү авчихмаар санагдаад байсан бол “20 гарсаан” л гэнэ биз. Яарч сандарч явсан би өгч л орхих байсан. Ямартай ч, би өөр таксины жолоочид ч дахиад итгэхгүй. Итгэл эвдсэн жижигхээн үйлдэл ч ийм том цавтай ажгуу.
Хотод өвлийн цагт хүүхдэд тараг бүрээд өгчихөөр цэвэр сайхан шингэн сүү амар олдохгүй. Хүн амьтнаас сураглан байж Батсүмбэрээс шингэн сүү авчирч зардаг нэг эмэгтэйтэй танилцлаа. Нялх хүүхдэд өгөх гэж байгаа юм шүү гэж баахан учирласан тул эхний удаад үнэхээр сайхан өтгөн сүү өглөө. Энэ хар утаан дунд нялх үрдээ цэгээн юм амсуулж байгаадаа эхнэр бид хоёр туйлын баяртай байлаа. Эхний удаад ахиухан сүү авсан болохоор сар гаруй хэрэглэв. Харин хоёр дахь удаагаа мөн л ахиухан сүү захиалаад автал нэг л биш ээ. Өмнө нь өтгөн шаргал сүү байсан бол энэ удаагийнх хэтэрхий шингэн, тараг ч бүрж болдоггүй. Хөлдөхөөрөө цэхийсэн мөс болчихоод хэрэг алга. Цай ч сааралтаад олигтой сүлэгдэх шинжгүй. Ус хийсэн нь тодорхой байна. Мөн л гол гонсойгоод явчихав. Хүний итгэл рүү ингэж ус цацахаар бүр хэлэх ч үг олдоггүй юм билээ.
Урьдынх шигээ сайхан сүү өгсөн бол бид байнга л авна. Тэр хүн ч илүү орлого олмоор юм. “Ёстой сайхан сүү байна, сар шинээр хоёр ээждээ ахиухан аваад өгчихье” гэлцэж байсныг яана гээч. Одоо бол тэр хүнд итгэх өнгөрсөн...
Амралтын өдрөөр “Дэнжийн 1000” гарч ганц хонины гулууз мах авлаа. Нэгэнт энд ирсэнийх нэг шинэ цувдай аваад явдаг юм уу гэж бодлоо. Хааяа таван цулын шөл уух ч сайхан шүү дээ. Нэг эгч “Энэ ёстой сайхан цэвэрхэн цувдай. Бүх юм нь бүрэн байгаа. Эгч нь гаргаад үзүүлэх үү, өөрөө цэвэрлэсэн юм...” гээд л урсгаж байна. Итгэлээ. Ганц цувдай авах гэж бүгдий нь гаргуулж, буцааж хийлгээд төвөг гээд авчихлаа. Гэртээ ирээд задалтал уушги, зүрхнээс бусад нь цул баас. Юун яасан “сайхан цэвэрхэн”... Анхаасаа олгой гэдсийг нь аятайхан зөв янзлаад хийчихээгүй болохоор угааж арчих ч боломжгүй юм байна. Ядаж элэг бөөр нь ч алга. Хүмүүс ганц цувдайны төлөө зарга хийгээд явдаггүй бололтой. Тийм ч учраас тэд хамгийн итгэлтэй царайлж, бусдыг хуурдаг ажээ. Овойж оцойтол биш, хэдхээн халтар төгрөг олохын тулд шүү.
Ийм түр зуурын чанартай амьдарч яах нь вэ дээ, хүмүүс минь. Нэг нэгнийхээ итгэлийг өчүүхэн зүйлээс хөсөрдүүлж, сэтгэлийг нь ингэтэл гонсойлголоо гээд хэн ч юу ч хожихгүй шүү дээ. Бид чинь “Монгол хүн итгэл даадаг, цайлган цагаан сэтгэлтэй, тусч...” гээд л есөн шидээр өөрсдийгөө өргөмжилдөг. Гэлээ ч амьдрал дээр адгийн бэртэгчин болж хувирсан хүмүүс алхам тутамд тааралддаг болоод байна.
Харин бидний “Өмхий санаатай, ханилгаагүй, арчаагүй...” хэмээн хамаг л муу муухай бүхнээр дорд үзэх дуртай дотор газрын хүмүүс ямар их итгэлтэй, бусдын эрх ашгийг хүндлэх соёлтой байдаг гэж санана. Ганцхан жишээг өгүүлье. 2010 онд “Шанхай экспо” олон улсын том үзэсгэлэн тус хотод болсон юм. Энэ үеэр үзэсгэлэнг сурвалжилж явсан бидний хэдэн сэтгүүлчийн нэг нь түрийвчтэй мөнгө, бүх бичиг баримтаа гээчихдэг юм байна. Гэтэл тэр олон сая хүний дунд гээсэн түрийвчийг олсон хятад иргэн сохор зоос ч дутаалгүй хаягаар нь явуулсан байв. Бүр шагнал урамшуулал ч авахгүй байгаа юм даа. Түрийвчинд эзнийх нь байрлаж байсан буудлын өрөөний карт байсан учраас хаягаар нь илгээсэн байсан. Чамгүй мөнгөтэй түрийвчээ алдчихаад гонсойж байсан мань хүн магнайгаа хагартал баярлаж, бид түрийвч олдсоны бяцхан найр хийж билээ. Энэ бол тухайн улсын иргэдийн амьдралын боломж, баян цатгалантай тийм ч их холбоотой биш. Харин сэтгэл сайтайгийн л шинж юм.
Эцэст нь хэлэхэд, үүнийг уншсан хэн боловч өчүүхэн намайг “Монголоо муулж, хужааг өмөөрсөн дурак” гэж зүхэхийг урьтал болголгүй “Би хэзээ нэгэн цагт хэн нэгний итгэлийг алдаж, сэтгэлийг чилээлүү?” хэмээн тунгаагаарай. Басхүү хэзээ ямагт бусдынхаа цав цагаан итгэл дээр хар мөр гарган туучихаас болгоомжилж явахыг хичээнгүйлэн хүсье.
Д.Үлэмж
СЭТГЭГДЭЛ Үлдээх