Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийж гэмээнэ амттай болдог гэдгийг бүгд л мэддэг, ярьдаг. Гэвч амьдрал дээр хүн бүр тэгж чаддаггүй. Оромдоод орхидог нь олон.
Жишээ нь, бусдын бичсэнийг тэр чигээр нь юм уу, хэсэгчлэн хуулчихаад жишим ч үгүй цалин аваад явдаг сэтгүүлчид /сэтгүүлч нэр зүүсэн хүмүүс гэвэл илүү онох байх/ бий. Тухайн редакцийнх нь удирдлага, редакторууд ч адилхан. Улайм цайм хулгай хийгээд байгаа сэтгүүлчдээ хариуцлага тооцож чадахгүй, толгойг нь илээд байдаг. Уг нь бусдын хөдөлмөрийг шулж, ажилдаа хуурамч хандсан тийм хариуцлагагүй хүнийг шууд л хөөгөөд явуулдаг байх ёстой шүү дээ. Тэгвэл хулгай хийгээд сурчихсан этгээд нь биш юм гэхэд ингэж болохгүй гэдгийг ойлгосон бусад нь ажилдаа чин сэтгэлээсээ хандахыг хичээнэ. Харамсалтай нь, тэгэхгүй байна. Тийм ч учраас сэтгүүлчдийн нэр хүнд шавартай хутгалдаж, хэн дуртай нь чичилж, доромжилдог болсон.
Бусад салбарт ч адилхан. Барилгачид хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хийлгүй хайнга хандсанаас болж өчнөөн олон хүний амь золгүй байдлаар эрсэдсэн. Цаашид анхааралтай байхгүй л бол дахиад золгүй явдал гарахгүй гэх баталгаа байхгүй. Замын ажлыг чин сэтгэлээсээ хийдэггүй болохоор хоёр хонолгүй ховхорч, цоорч байна. Автобусны жолооч, кондукторууд үйлчлүүлэгчдээ хүндэтгэж, чин сэтгэлээсээ ажлаа хийхгүй байгаа учраас хүмүүс байнга л бухимдаж байна. Бухимдах тоолонгоор тэдний эд эс үхэж, нас нь богиносч байгаа. Олон улстөрч, албан тушаалтанд хүний төлөө гэх сэтгэл байхгүй, зүгээр л ашиг хонжоо олохын тулд ажил хийдгээс нийгмийн харилцаанд янз бүрийн хүндрэл чирэгдэл байнга гардаг. Чухам сэтгэл гаргаагүй юм бүхэн хамгийн муу муухай болгоныг дагуулж байдаг.
Харин чин сэтгэлээсээ хандсан ямар ч ажил эерэг үр дүн авчирна. Нийгэмд болохгүй бүтэхгүй юм олон байгаа ч ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, бусдыг баярлуулж чаддаг, үүгээрээ өөрийнхөө замыг ч зөв залж явдаг хүмүүс бас бий. Гэхдээ ховор.
Энд нэгэн үсчний жишээг дурдъя. Миний бие үсээ засуулахдаа дандаа өөр өөр газар ордог байсан. Орсон газар болгон онцгүй санагддаг, сэтгэлд хүрсэн үйлчилгээ үзүүлдэггүй байсан учраас тэр. Зарим нь бүр “Ингэвэл яаж байна?” гэж асуух ч үгүй хүний үсийг шууд дураараа хяргаж хаячихаад мөнгө авахаа л бодно. Олигтой засчихгүй юм байж өндөр үнэ нэхэхийг нь яана.
Харин нэг удаа ах маань “Манай энд нэг гайгүй үсчин шинээр нээгдсэн байна лээ. Үнэ нь ч хямд, үсийг ёстой чин сэтгэлээсээ засдаг залуу байдаг юм” гэв. Яг зорьж очоогүй ч санаандгүй тохиолдлоор тэр үсчинд оров. Сургууль төгсөөд удаагүй гэмээр шавилхан залуу байна. Өрөө нь жижиг ч өчнөөн олон хүн үсээ засуулахаар дугаарлажээ. Миний өмнө нь орж байсан бусад үсчинд 4-5 эмэгтэй ажилладаг ч “Хэр хүлээх вэ” гэсэн асуултад нэг нь ч хариулж байгаагүй. Харин энэ залуу ачаалал ихтэй байсан ч гаднаас шагайсан надтай танидаг хүн шиг л мэндэлж байна. Энэ мэтээр эхнээсээ л таатай сэтгэгдэл төрүүлсэн болохоор хагас цаг орчим хүлээхийг юман чинээ бодсонгүй. Үсээ засууллаа. Тэр маш нямбай хандаж байна. Басхүү “Үсийг чинь ингээд сөхчихвөл танд зохих юм шиг байна. Ингэвэл, тэгвэл яаж байна...” гэх мэтээр ажлаа чин сэтгэлээсээ хийлээ. Түүний энэ хандлага худлаа долдойлох биш, маш энгийн байсан. Ур чадвар нь ч сайн юм.
Үсээ засуулж дуусаад 20 000 төгрөг өглөө. Тэр надад 5000 төгрөг хариулж өгөх гэтэл байсангүй бололтой “Ахаа би гялс гараад задлуулаад ирье” гэж байна. Ийм тохиолдолд бусад үсчин “Задгай алга аа, яах уу... Та задлуулаад ир. Нэг бол ингээд өгчих юм уу...” гэх мэтээр тулгалт хийдэг нь санаанд оров. Тиймээс би хариулт авалгүй “Баярлалаа” гээд гарлаа. Үүнээс хойш дандаа тэр залуугаар үсээ засуулдаг болсон. Найз нөхдөдөө ч хэлсэн. Тэд ч бас цааш нь хэлж байгаа нь тодорхой.
Ажлаа чин сэтгэлээсээ хийлээ гээд хүнээс юу ч унахгүй. Харин үр өгөөж нь үргэлж дэлгэрч байдгийг энэ энгийн хэрнээ жижигхээн жишээ харуулж байна. Хэдийгээр нэг удаа үндсэн үйлчилгээний хөлсөн дээр 5000 төгрөгийн “бонус” авна гэдэг том ашиг биш ч хүний сэтгэлийг татаж, байнгын үйлчлүүлэгчтэй болно гэдэг хамгийн том амжилт. Гэхдээ эндээс нэг зүйл маш тодорхой харагдаад байх шиг. Хүмүүс ямар үйлчилгээнд, юуны төлөө илүү хөлс төлөхөд бэлэн байдаг вэ гэдгийг бодмоор.
Ер нь манайд tip буюу “гарын мөнгө” гэдгийг яг жинхэнэ мөн чанараар нь ойлгодоггүй. Бараг л мөнгийг мөнгө гэж боддоггүй тийм нэг ихэмсэг баячуудын аархсан, үйлчилгээний ажилтнуудыг дорд үзсэн хандлага мэт ойлгох нь бий. Тэгвэл Америкт зөвхөн гарын мөнгөөр цалинждаг үйлчилгээ захаас аваад байдаг. Энэ нь нэг талаас тогтсон тарифаас арай илүүг төлж байгаа тухайн үйлчилгээг хүртэгсдийн баярласан сэтгэлийн илэрхийлэл, нөгөө талаас аливаа үйлчилгээний ажилчид ажлаа чанартай, чин сэтгэлээсээ хийх, түүнийхээ хэрээр илүү ихийг олох нэг томоохон хөшүүрэг болдог ажээ.
Тиймээс “гарын мөнгө”-ийг яг энэ утгаар нь ойлгож, хэрэгжүүлэхгүй л бол бүр завхарсан юм болоод явчихна. Угаас ажлаа чин сэтгэлээсээ хийхдээ тааруу улс чинь үйлчлүүлэгчийн өгөх “гарын мөнгө”-ний хэмжээнд тааруулаад халтуурдах, эсвэл хэт долигонох гэх мэт гаж үзэгдэл гарч мэдэх юм. Сүүлдээ бүр өнөөх нь авлигын шинжтэй болоод явчихвал ёстой баларсан юм болно. Өөрөөр хэлбэл, ажлын үр өгөөж, нэмэлт орлого, үйлчлүүлэгчдийн сэтгэлийг татах гэх мэт нь зөвхөн чин сэтгэлийн хандлага дээр л тулгуурладаг гэсэн үг юм шүү.
СЭТГЭГДЭЛ Үлдээх