Сүүлийн үед манай улсад хар тамхины хэрэглээ нэмэгдэж, тэр дундаа залуу үеийнхэн элдэв мансууруулах бодис хэрэглэх нь түгээмэл болсон гэх таагүй мэдээ дуулдах болов. Төр засаг, хуулийн байгууллагын бүхий л шатанд үүний эсрэг зохих арга хэмжээ авч, хар тамхины хор хөнөөлийг нийгэмд сурталчилсаар байгаа. Тэгвэл залуу хойч үеийнхнийг хар тамхинаас жигшүүлэхэд өчүүхэн ч болов нэмэр болохуйц нэгэн түүхийг энд өгүүлье. Мансууруулах бодис /ургамал/-ыг зөвхөн хүн бус, мал амьтан ч “хэрэглэж” хохирдог бөлгөө.
Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын зааг нутаг Амарбуянтын хийдийн ойролцоо манайх ерээд оны эхээр нутаглаж байлаа. Манайхаас зүүн хойш өндөр өгсүүр уул, баруун урагш нам дор тал газар бий. Нарийн өвс багатай, шаваг шарилж, морин зээргэнэ, алтан харгана зэрэг модлог голдуу ургамалтай.
Нэгэн хавар ногоо дөнгөж цухайн мал гүйцэгдэхээ болих үеэр ганц хоёр зусаг борлон ямаа ямар нэг зүйлд хордсон шинж илрэв. Гэхдээ бог малд түгээмэл тусдаг сохор догол бус, нүд нь гөлөрч хүний хариулгад үл захирагдах бөгөөд мансуурч донтсон байдалтай болох нь тэр. Улмаар нөгөө хэдэн ямаа маань эгээтэй л согтуу хүн лугаа энд тэнд тэмтчин гишгэж, гуйвж дайвах боллоо. Хүзүү нь нэг тийш гилжийн өрөөлдөж татганан тун эв хавгүй явах аядана. Аавын захиасын дагуу мал хариулж явахдаа хордсон ямаанууд яг юу идэж буйг сайтар ажиглав. Тэгтэл жирийн ургамал огт тоохгүй жалга судгаар ямар нэгэн зүйл эрж сүргээсээ тасран явсаар уртаа гэгчийн багсгар ногоон иш навч бүхий сахлаг ургамал таарангуут ум хумгүй тасчин идлээ. Урьд өмнө огт үзэж хараагүй ногоо байна. Хаа нэгтэй маш цөөн ургасан байхыг бодоход шинэ төрлийн ургамал бололтой.
Олныг үзэж, дуулсан хөгшдөөс асуувал зөвхөн Шинэжинстийн Сэгс цагаан богд орчмоор ургадаг хотонгор хэмээх хортой ургамал болохыг хэлж өгөв. Хотонгор идэж хордсон мал ихэнхдээ үхдэг, шингэн натри витамины комплекстэй судсаар нь тарьвал эдгэх магадлалтай гэх. Ингээд хэдхэн хоногийн дотор 10-аад ямаа хотонгорт хордож, мал биш зүгээр л сүг болж хувирдаг юм байна. Ус огт уухгүй зөвхөн өнөөх мансууруулах ногоогоо л эрэн тэмтчиж, энд тэнд өеөдөж унан үйлээ үзнэ. Өнгө зүс алдан тураалд орж, яс арьс болсондоо. Зарим нь нэг талаараа босч чадахааргүй хэвтээд сүүж бөөрөө цоортол амь тэмцэн тийчилнэ. Сум суурингаас хол бидэнд эм тариа нүдний гэм тул ямар ч найдваргүй болсон хөөрхийсийн амийг таслахаас өөр арга байгаагүй.
Сүргийн цээжинд явдаг тарга тэвээрэг сайтай эр мал, нас гүйцсэн саалийн ямаа зэрэг зөв төлөв ааштай мал уг хорт ногоог тоож үнэрлэх ч үгүй өнгөрдөг бол зожиг зуурин зантай аливаад сониуч баг залуу голдуу мал санаандгүй байдлаар анх идэж, улмаар амтанд нь шууд донтон байнгын “хэрэглэгч” болдог нь амьдрал дээр нотлогдсон юм.
Хотонгорыг зөвхөн ямаа бус, адуу ч иддэг юм билээ. Идрэнгийн нурууны аварга малчин Вангай гуай манайд нэг сайхан идэр хүрэн морь бэлэглэсэн юм. Унахад хөл хөнгөн толгой дээгүүр, уяад үзвэл ч гайгүй харайж мэдэхээр адууны хүү байв. Гэтэл нэг л өдөр өнөөх гайт хорыг амсчихаж. Нэг удаа чөдөрлөх гээд хөлд нь суутал цоройж ирээд тархи хагартал самардаг байна шүү. Уг нь ямар ч буруу зангүй номхон морь байсан сан. Удсан ч үгүй хүрэн морь яг л хордсон ямаанууд шиг тэмтчин явж, ясан хэдрэг боллоо. Хавьтаж ойртсоныг хазаж хайраад ааш нь ч дийлдэхээ больсон. Тэгээд халуун зунаар тартагтаа тултал турж эцсэн хүрэн морь минь хотонгороо хайн тэнүүчилж явсаар эрэг рүү ойчиж үхсэн дээ. Энэ ургамалд хордсон мал үнэхээр нүд хальтрам болдог. Ямар сайндаа хэвтэрт орчихоод үхэх ч үгүй, сэхэх ч үгүй тамаа эдлэхэд нь арга ядан амирлуулж байхав.
Хайран сайхан малаа хар тамхи шиг хоронд шоглуулсан бид ямар их харамссан гээч. Хотонгор тархац багатай учраас таарах бүрт үндсээр нь суга татаж шатааж устгадаг болсон. Үүний үр дүн байсан уу, өөрөө аяндаа устсан уу сүүлдээ харагдахаа больсон юмдаг. Харин нэлээд сүүлд /1998 оны үед/ Баянцагаан сумын Хуцын уулын ард мэр сэр ургасан дуулдсан. Гарсан даруйд нь нутгийнханд гашуун туршлагаасаа хуваалцсан тул сүйдтэй хохирол амсалгүй дор нь дарж авсан гэсэн. Мөн 2010 онд Шинэжинст сумын нутагт хотонгор ихээр ургаж, 20-иод адуу хордож үхсэн мэдээ дуулдаж байв. Тэгэхээр энэ ургамал тодорхой жилийн циклээр идэвхжиж, бас саарч байдаг бололтой юм. Хотонгор манжин шиг бөх урт үндэстэй, барагтай л бол сугардаггүй, хатах хавраар хар ногоонтон багсайж байдаг өвөрмөц ургамал. Ногоон навчийг нь дагаад цайвар ягаан цэцэг, түүнийхээ голд том том үртэй. Тийм ч учраас ногоонд сайн цадаагүй мал өлөрхөж, бас сониучирхан идэж балардаг болов уу.
Янз бүрийн ургамалд хордсон малыг малчид яаж ийгээд эмчилчихдэг. Жишээ нь, зээргэнэ их идээд шил нь татаж, шээс нь боогдсон малын сүүлийг тас хазаад ахиухан цус гаргах төдийд л зүгээр болдог. Харин хотонгорыг нэг л амссан бол эмчилж эдгээнэ гэсэн ойлголт үндсэндээ байхгүй юм билээ. Хүн ч ялгаагүй. Хар тамхийг нэг л хэрэглэсэн бол яг ийм аймшигтай байдалд орно. Хотонгорт мал хордох нь түгээмэл биш, бага залуу голдуу нь сониучирхан амсдаг нь бас л сонин үзэгдэл. Өөрөөр хэлбэл, ихэнх мал энэ ургамал айхтар хортой гэдгийг сайтар мэдэж байна гэсэн үг. Тэгвэл ухаант хүмүүн хар тамхины аюулт хор хөнөөлийг мэдсээр байж сониуч саваагүй зангаар хайран амьдалаа золиосолж яахин болно.
СЭТГЭГДЭЛ Үлдээх