Цахим мэдээ
Юу

Л.Таванбаяр: Тэртээ тэргүй яваандаа зах зээлийн зарчмаараа шийдэгдэх асуудлыг ингэж сүржигнэж, дэвэргээд байх шаардлагагүй

Жүжигчин Ч.Болд хоёр хоногийн өмнө кино бүтээгчид болон уран бүтээлчдийг шүүмжилсэн. Тэгвэл Зохиолч, найруулагч Л.Таванбаяр өчигдөр цахим хуудсандаа өөрийн үзэл бодлоо бичжээ. 

"Өчигдрөөс нэг жүжигчин найзын хийсэн лайваас улбаалаад контентийн чанарын асуудал яригдаад эхлэх шиг боллоо. Гэхдээ захын хүүхэд гар утсаа осмо дээр зоож гараад найзуудаа тоглуулж зураг аван, нөөтбүүкэн дээрээ эвлүүлж, дууг нь ютүбийн хичээлүүдээс харж байгаад янзлаад, канва дээр постерийг нь хийн төлөртэй апп, IPTV-д өгчихөж болох ийм цаг үед бол нийтээр нь хавтгайруулж тийм яриад хэцүү л дээ. Харин ч эсрэгээрээ үзэгчид нь өөрсдөө хэнийг үзэх вэ, яах вэ гэдгээ шийдчих наад захын мэдрэмжтэй байвал болчих асуудал. 
Дэлхийн аль ч улсад A, B, C, D зэрэглэлийн бүтээл, киноноос авахуулаад бүр Y, Z ангилалын бичлэгүүд ч хийгдэж л байдаг. Ер нь бол киноны трейлер, постер, амталгаа, OST болон OMV, түрүүлж үзсэн үзэгчийн рэвью, мэргэжлийн шүүмж гээд хэн ч ялгаагүй сонголтоо зөв хийх боломжтой болчихсон ийм цагт бусдын хийх, бүтээх эрхэнд
-Чи энэ жил кино хийхгүй шүү, ойлгосон уу гэдэг хуучин үе шиг бүдүүлгээр халдаж болохгүй. Тэртээ тэргүй яваандаа зах зээлийн зарчмаараа шийдэгдэх асуудлыг одоо бид ингэж сүржигнэж, дэвэргээд байх шаардлагагүй л дээ.
Монгол киночид Канн, Оскар руу явцгааж, Нэтфликс ярьж, гадны театруудад хийснээ гаргадаг болчихсон өнөө цагт сайныг нь олж харж, чанартайг нь сонгож үзэх бол тийм ч хэцүү асуудал биш. Постероос нь, эсвэл трейлерээс нь харж байгаад хэн хэн хийсэн, тоглосныг нь мэдчихээд үзэх сонголт өнөөдөр чөлөөтэй. Кино бол балет, дуурь, жүжиг, циркийг бодвол бараг хамгийн ардчилсан гэж хэлж болохоор урлагийн салбар. Балетийг жишээ нь хэн дуртай нь бүжиглэх нь бүү хэл үзэхэд ч ихээхэн мэдрэмж, бүр тэвчээр шаардагдах урлаг. Харин кино бол энгийн, хамгийн чөлөөтэй төрөл. Хүмүүсийн нэхээд байдаг шиг соён гэгээрүүлж болно. Бүр тархи угааж чадна. Эсвэл зүгээр л уйдаад байвал цагаа нөхцөөж үзсэн ч болох тийм л салбар. Эцсийн эцэст сайн мууг нь үзэгчид л ялгана. Муу юм хийгээд яваад байвал үзэх хүн ч олдохоо болиод, яваандаа санхүүжилт нь зогсоод, гудамжинд л гарна шүү дээ. Кино урлаг бол нөгөө талаараа шоу бизнес!" гэжээ. 

 Түүнийг бид “Тэнгэрийн андгай”, “Буруу эргэлт”, “Мөрөөдлийн зүгт”, “Үнэнээс хол”, “Эзэнгүй бөгж”, “Цасан охин”, “Нэг хоёрын гурав аа”, "Долоон бурхан харвадаггүй”, “Улаан дөрвөлжин”, “Хүдэн”, “Ноход”, “Тайга”, “Мөрдөгч”, "Шүүдэр дундуур",  “Цор ганц” мөн саяхан нээлтээ хийсэн "Хоёулаа дуулъя” зэрэг  киноны зохиолыг бичиж, найруулснаар нь мэдэх билээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх