Өчигдөр Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нар төрийн ордонд гар зөрүүлж, улмаар П.Наранбаярын биед багагүй гэмтэл учирсан гэх мэдээлэл гарсан. Өнөө өглөө цагдаагийн байгууллага уг мэдээллийг батлаад буй.
Тэгвэл дотоод маргааны хувьд харьцангуй хэл ам багатай нам жим байцгаадаг нэг намын сайд, гишүүн хоёр юуны учир ингэж нэгийнхээ биед гэмтэл учруултал зодож цохиход хүрэв гэдэг нь анхаарал татаж байна. Юуны өмнө асуудлын сэжүүр Боловсролын сайдын үйл ажиллагаанаас эхэлж хөвөрсөн бололтой. Тодруулбал, сүүлийн үед "П.Наранбаяр сайдаар дамжуулж ХҮН нам боловсролын салбарт албан тушаалын шахаа, ашиг сонирхлын зөрчил их гаргаж байна" гэх шүүмжлэл улс төрийн хүрээнд газар авсан. УИХ-ын гишүүд хатуу шүүмжлэл хэлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч тодорхой баримтууд хөвөрч байгаа.
Тийм учраас УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүний хувиар Б.Найдлаа П.Наранбаярт хандан "Улс төрийн тавцанд намын нэр хөөдсөн ухвар мөчид үйлдлээ нэн даруй зогсоо. Үгүй бол сайдын суудлаас буулгана..." гэх агуулга бүхий сануулгыг удаа дараа өгчээ. Харин Боловсролын сайд Зөвлөлийн даргынхаа сануулгыг үл тоож, үг авахгүй байсан тул ордонд уулзахдаа ширүүхэн маргаж, улмаар гар зөрүүлэхдээ тулсан гэдгийг ойрын эх сурвалж хэлж байна.
Түүнчлэн, П.Наранбаяр хэдий намын квотоор сайд болсон ч хэн нэг даргын заавар дохиураар явж чадахгүй, хэлж байгаа үг, хийж буй үйлдлээ өөрөө мэднэ, бие дааж шийднэ гэж том толгой гаргасан нь эцэстээ улс төрийн хариуцлага хүлээх бус "ухамсрын шанаа" авахад хүргэжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх