Цахим мэдээ
Мэдээ

УИХ-д 20 доктор, гурван профессор, 50 орчим магистр гишүүн байна

Төрийн эрх барих дээд байгууллагад улс төрийн намууд чамгүй боловсролтой нэгнээ илгээдэг байх. Мэдээж хэрэг, бөхчүүдээс эхлээд салбар салбарын алдартнууд мэр сэр байх. Ямартай ч манай УИХ-ын гишүүдийн албан ёсны намтраас харвал 20 доктор, 50 орчим магистрын зэрэгтэй гишүүн байна. Мөн есөн докторант, Хүндэт профессор хоёр, профессор нэг байна.    

Үүнээс УИХ-ын гишүүн Д.Рэгдэл Байгалийн ухааны доктор, Химийн шинжлэх ухааны доктор, О.Саранчулуун Нийгмийн эрүүл мэндийн доктор, Компьютерийн ухааны доктор гээд хоёр салбарт докторын цол хамгаалсан гишүүд бас бий. Өөрөөр хэлбэл эрдмийн талбарт хос морьтой гишүүд аж.

Нэг хачирхалтай зүйл гэвэл манай парламентад тодорчихсон хувилгаан гэдэг шиг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Япон Улс Нагаока технологийн их сургуулийн “Хүндэт профессор”, Япон Улсын Сэндай коллежийн “Хүндэт профессор”, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн “Хүндэт профессор”, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн “Хүндэт доктор” гэх өндөр цол хэргэмтэй. Хоёр өөр улсын дөрвөн их сургуульд “Хүндэт” эрдэмтнээр өргөмжлөгдсөн гишүүн юм. Мөн хоёр өөр салбарт магисртын зэрэг хамгаалсан О.Номинчимэг, Ц.Мөнхсоёл тэргүүтэй олон гишүүн байна.

Ингээд 126 гишүүнээс 77 нь эрдмийн зэрэгтэй байна гэдэг Монгол Улсын парламентын гишүүд эрдэм боловсролоор хэний ч дор орохгүй нь харагдана. Эдгээр 77 эрдэмтний дийлэнх нь гадаадын аль нэг сургуульд цолоо хамгаалсан байгаа нь ч үүнийг илтгэнэ. Тэгэхээр үлдсэн 49 гишүүн нь ямар нэгэн эрдмийн зэрэг дэв байхгүй гэхэд болно. Эрдмийн зэрэг дэвгүй байлаа гээд боловсролгүй гэсэн үг биш. Тэд бултаараа дотоодын болон гадаадын их дээд сургуульд баклаврын боловсрол эзэмшсэн хүмүүс. Ихэнх нь хоёр сургууль төгссөн.

Тухайлбал, дотооддоо боловсрол эзэмшсэн гишүүдийн хувьд дийлэнх нь Удирдлагын академи гэх хуучин МАХН-ын дэргэдэх коммунизмын сургууль дүүргэсэн, эсвэл тэнд мастер, магистр зэргийг хамгаалсан байх. УИХ-ын гишүүд ямар ч сургууль дүүргэсэн гол төлөв МУИС-ийн Хууль зүйн сургууль дүүргэх, тэнд магистр хамгаалахыг зорьсон нь намтраас харагдана. Зарим нэг нь Эрдмийн их сургууль гэх хэрэггүй газарт эрдмийн цол хамгаалсан ч байх шиг.   

Гэтэл одоо бараг байхгүй болсон хувийн хэвшлийн сургууль төгссөн нэр зүүсэн нөхөд ч бас байх. Тухайлбал, Т.Аубакир “Отгонтэнгэр” дээд сургууль, олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн гэх. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу гэхэд Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлч коллеж төгссөн гэх мэт цөөн тооны гишүүд нэр сүр, боловсрол нь үл мэдэгдэх сургууль дүүргэсэн гэх. Мөн Ч.Анар гэхэд Хэнтийн Бэрх ЕБС-д суурь боловсрол, Өвөрхангай аймгийн хоёрдугаар арван жилийн сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэхээс өөр намтаргүй бол О.Амагланбаатарын намтарт огт сургуулийн нэр байхгүй.

“Сайнтай муутай сав дүүрдэг”, “Уулын мод урттай богинотой” гэдэг дээ. Парламент гэх ай саванд хуурамч диплом ч бий, диплом өвөртөлсөн хоосон толгой ч бий. Намтартаа худлаа сургуулийн нэр хадсан нь ч бий. Юутай ч эрдмийн зэрэг дэвтэй хүмүүстэй танилц.

СЭТГЭГДЭЛ Үлдээх