Цахим мэдээ
Хэзээ

Өвдсөн сэтгэлд эмч байхгүй

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс Монголын их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион явуулдаг “Алтан үзэг” сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах наадам энэ жил 15 дахь удаагаа амжилттай болж өнгөрлөө. Энэхүү наадамд тэргүүн байр эзэлсэн СУИС-ийн оюутан Б.Сайнзаяагийн нийтлэлийг хүргэж байна.

Хангай нутгийн уудам талаар адуу малын тоос хүний хөлд дарагдан, малчдын амьдралын хэмнэл улирлын эргэлттэй сүлэлдэн оршсоор иржээ. Монголын нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуйн уламжлал нь хэдэн зуун жилийн турш бидний үндэсний дархлааны нэг хэсэг байсаар ирсэн. Гэвч өнөөгийн нийгмийн шилжилт, цаг уурын өөрчлөлт, нийгмийн дэмжлэгийн дутагдал зэрэг олон хүчин зүйлс хөдөө орон нутгийн иргэд, тэр дундаа малчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд гүнзгий нөлөө үзүүлж байна. Бидний мартаж, анзаарч байгаагүй хямрал бол сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал юм.

Сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд тоотой хэдэн сэтгэл зүйч байдаг боловч ард иргэд, ялангуяа малчдад чиглэсэн, тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сэтгэл засалч, сэтгэл зүйч байдаггүй нь хөндөгддөггүй асуудлын нэг билээ. 2020 оны байдлаар ерөнхий боловсролын 839 сургуульд нийтдээ дөнгөж 76 сэтгэл зүйч үндсэн орон тоогоор ажилладаг гэсэн судалгаа гарчээ. Бие өвдвөл эмнэлэгт үзүүлж эм тариа хэрэглэдэг шиг сэтгэл өвдөхөд бас оношлуулж, өвчнөө эдгээх хэрэгцээ хүн бүхэнд байдаг.

Монгол улсад сэтгэл зүйч мэргэжилтнүүдийн тоо хангалтгүй байгаа нь хөдөө орон нутгийн иргэд тэр дундаа малчдад сэтгэл зүйн үйлчилгээ авах боломжийг хязгаарлаж байна. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны 2021-2023 оны мэдээллээр:

  • Сэтгэцийн асуудалтай /сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй/ иргэдийн тоо хөдөөд 43,127 байхад, Улаанбаатар хотод 20,322 байна. Энэ нь хөдөөд 2 дахин их байгааг харуулж байна. Тооны хувьд их боловч Улаанбаатар хотод оношлогоо, бүртгэл, эмчилгээний боломж харьцангуй илүү гэдгийг харгалзан үзвэл, хөдөө орон нутагт сэтгэцийн өвчлөлийн жинхэнэ түвшин энэ тооноос ч их байх магадлалтай. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн салбарын хүртээмжийн тэгш бус байдал бөгөөд цаашид улам тэлэх аюултай. Гэтэл хөдөө орон нутагт тогтмол ажиллаж буй сэтгэл зүйчдийн тоо хэд вэ? Бараг л тэг.

Харамсалтай нь энэ зөвхөн нэг үзүүлэлт биш. Хөдөө орон нутагт сэтгэл зүйн тусламж, дэмжлэг хомс байгаа нь гэмт хэрэг, нийгмийн бусад сөрөг үзэгдлээр дамжин илэрч байна. 2021-ээс 2025 оны статистик тоон мэдээллээр:

  • Хүн амины хэрэг хөдөө орон нутагт 1694, харин Улаанбаатар хотод 649 бүртгэгджээ. Бас л хөдөө орон нутагт илүү бүртгэгдсэн давсан үзүүлэлт. Малын хулгай хөдөө орон нутагт 2226 байсан бол Улаанбаатар хотод 25 бүртгэгдсэн. Хол давсан үзүүлэлт л дээ. Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо хөдөө орон нутагт 21,451, харин нийслэл Улаанбаатар хотод 5,128 байхад, мансуурсан үед үйлдсэн гэмт хэрэг хөдөөд 703, хотод 410 тохиолдол бүртгэгджээ.

Хөдөөний иргэдийн хувьд архи, мансууруулах бодис хэрэглэх нь олон шалтгаантай: ганцаардал, нийгмээс тусгаарлагдсан байдал, эдийн засгийн дарамт зэрэг нь үүнд нэрмээс болдог.

Хамгийн эмзэг тоо баримт бол амиа хорлолт. 2021–2025 оны байдлаар хөдөө орон нутагт амиа хорлосон тохиолдол 294 байгаа нь хотынхоос (182) 60%-иар илүү байна. Энэ бол сэтгэл зүйн тусламж авах боломж хөдөөд хэчнээн хязгаарлагдмал байгааг харуулж буй жишээ юм.

Монгол Улсад 330 сум байдгаас сэтгэл зүйчтэй сумын тоо маш цөөн. Зөвхөн ерөнхий боловсролын сургуульд л сэтгэл зүйч бий. Монгол Улсын сум, багийн төвүүдэд сэтгэл зүйч мэргэжилтэн бараг байхгүй. Сумын эмнэлэгт сэтгэцийн эмч байтугай, жирийн эмч нь нэг гарын хуруунд тоологдох тохиолдол цөөнгүй. Тоотой хэдэн аймгийн төвд “Гэр бүл залуучуудын төв”-д сэтгэл зүйч ажилладаг. Хөдөө орон нутагт сэтгэл зүйн мэргэжлийн үйлчилгээ бараг байхгүй, эсвэл байгаа ч системгүй, тогтвортой бус. Сэтгэл зүйч байхгүйгээс болж асуудлаа илэрхийлэх, зөв гарц хайх боломжгүй байдалд орж, архи уух, хүчирхийлэл үйлдэх, эсвэл амиа хорлох зэрэг тохиолдол их гарч байна. Энэ бол нийгмийн дотоод ухамсар доройтож буйн илрэл бус, харин ч тусламж хэрэгтэй байгаагийн илрэл юм.

Мөн согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2021–2025 онд хөдөөд 21,451 байгаа нь Улаанбаатарынхтай (5,128) харьцуулахад 4 дахин өндөр. Энэ нь архидалт, дотоод стресс, сэтгэл зүйн дарамттай салшгүй холбоотой. Хөдөө орон нутгийн гэр бүлийн хүчирхийллийн бүртгэгдсэн тоо 9,230 бол нийслэл хотод 4,906 байна. Үүн дээр 2019-2024 оны судалгаагаар гэр бүл цуцлалт улсын хэмжээнд 20499 бүртгэгдсэн бол Улаанбаатар хотод 12,358 хөдөө 8,141 бүртгэгджээ. Түүнчлэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг хөдөөд 108, нийслэлд 116 бүртгэгджээ. Энэ нь хотынхтой бараг дүйцэхүйц түвшинд хүрсэн ч хөдөөний орчинд илүү хаалттай, мэдээлэл дутмаг байдлаас болж олон хэрэг бүртгэгдэхгүй үлдэж байгаа байх магадлал өндөр.

Малчид жилийн дөрвөн улиралд хээрийн нөхцөлд ажиллаж, амьдарч байна. Байгалийн гамшиг, зуд, ган, малын халдварт өвчин, эдийн засгийн дарамт гээд сэтгэл зүйн хямрал үүсгэх олон нөхцөл оршиж байгаа ч тэдэнд чиглэсэн сэтгэл зүйн үйлчилгээ бараг үгүй. Сүүлийн жилүүдэд зудын хохирол улам ихсэж, малын хорогдол нэмэгдсэнтэй зэрэгцэн олон малчин өрх нүүдэллэж, аж амьдрал нь орвонгоороо эргэж байна. Ийм өөрчлөлт сэтгэл зүйд гүн хямрал авчрах нөхцөл болдог.

Сэтгэл зүй гэдэг нийгмийн тулгуур. Хүн бүрт тусламж хэрэгтэй байдаг. Гэтэл хөдөөгийн иргэдэд энэ тусламж бараг байхгүй байгаа нь нийгмийн шударга бус байдлыг илтгэж байна. Сэтгэл зүйчийг хөдөөд тогтвортой ажиллуулах, цахим болон утсаар зөвлөгөө өгөх сүлжээг бий болгох шаардлага тулгарч байгаа юм.  Монгол улсын хэмжээнд жилд нийт хэдэн хүн сэтгэл зүйч мэргэжлээр төгсөж буй талаар мэдээлэл хомс. Ямартай ч Монгол улсын хэмжээнд сүүлийн 5 жил эрэлттэй мэргэжилд багтдаг. Яагаад сэтгэл зүйч хомс байгаагийн нэг шалтгаан нь цалин хөлстэй холбоотой. Монгол Улсад ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчид нь төрийн үйлчилгээний албан хаагчдын ангилалд багтдаг бөгөөд цалин нь Төрийн албаны ангилал, зэрэглэлд үндэслэн тогтоогддог.

Жишээлбэл, Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тооны мэдээллээс харахад сэтгэл зүйчийн албан тушаал нь ТҮ-6 зэрэглэлд хамаардаг байна. Энэ зэрэглэлд хамаарах албан тушаалтны сарын үндсэн цалин нь 1,200.000 төгрөг орчим байдаг бөгөөд нэмэлт урамшуулал, нэмэгдэл хөлс зэргээс хамааран нийт цалин нэмэгдэж болно. Хувийн сургуулийн сэтгэл зүйчийн цалин хөлс мэдээж арай өндөр. "Күнз" болон "Шинэ Монгол Харүмафүжи" сургуулийн хувьд 2,100.000-2,500.000 цалинтай байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвүүдэд ажиллаж буй сэтгэл зүйчид нь мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын ангилалд багтдаг. Тэдний цалин нь Төрийн албаны зэрэглэл, ажлын туршлага, гүйцэтгэж буй үүрэг зэргээс хамааран 1,000.000–1,500.000 төгрөгийн хооронд хэлбэлздэг.

Хувийн сэтгэл зүйн зөвлөгөөний төвүүдийн үйлчилгээний төлбөр нь төвийн нэр хүнд, сэтгэл зүйчийн туршлага, үйлчилгээний төрөл, хугацаа зэргээс хамааран харилцан адилгүй байдаг. Ерөнхийдөө ганцаарчилсан зөвлөгөөний нэг удаагийн (60 минут) төлбөр нь 30,000–80,000 төгрөгийн хооронд хэлбэлздэг. Зарим нэр хүндтэй төвүүд болон туршлагатай сэтгэл зүйчдийн үйлчилгээний төлбөр нь 100,000 төгрөг хүртэл байж болно. Жишээ дурьдвал, “Монгол Өрх” сэтгэл зүйн зөвлөх төв, “Сэтгэлийн анир” ТББ зэрэг байгууллага ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хувийн сэтгэл зүйч бол 1 цагийн хөлс нь дунджаар 1,000.000, түүнээс ч өндөр байдаг.

Монгол Улсад сэтгэл зүйч мэргэжилтнүүдийн цалин, үйлчилгээний төлбөр нь ажиллаж буй байгууллагын төрөл, байршил, мэргэжлийн зэрэглэл, ажлын туршлага зэргээс хамааран харилцан адилгүй байна. Төрийн байгууллагад ажиллаж буй сэтгэл зүйчдийн цалин нь Төрийн албаны зэрэглэлд үндэслэн тогтоогддог бол хувийн сэтгэл зүйн зөвлөгөөний үйлчилгээний төлбөр нь төвийн нэр хүнд, сэтгэл зүйчийн туршлага зэргээс хамааран хэлбэлздэг. Иргэдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжихийн тулд төрийн болон хувийн хэвшлийн сэтгэл зүйн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах шаардлагатай юм.  

Төр засаг сэтгэл зүйчийн хүртээмжийн тэгш бус байдалд анхаарлаа хандуулах шаардлагатай бөгөөд хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх бодлогын нэг бол аймаг, сум бүрт ядаж нэг сэтгэл зүйч ажиллуулах зохицуулалтыг төрийн бодлогоор дэмжих явдал юм. Тэр дундаа сум дундын эмнэлэг, багийн эмнэлгүүд дээр сэтгэл зүйн зөвлөгөө өгөх боломжийг бүрдүүлснээр хүн бүрт хүртээмжтэй, өдөр тутмын тусламж авах боломжийг нээх юм. Бие махбодийн эмнэлэгт анхны тусламжийн үйлчилгээ үзүүлдэг шиг, сэтгэл зүйд ч мөн адил анхан шатны тусламжийг хүргэх систем шаардлагатай байна. Цаашлаад орон нутгийн иргэд, малчдын хувьд төв суурин газар руу зорчиж сэтгэл зүйн зөвлөгөө авах нь зардал өндөр, цаг хугацаа их шаарддаг. Харин үүний шийдэл нь цахим үйлчилгээний хөгжил билээ. Монгол орны интернетийн нэвтрэлтийн цар хүрээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаа нь хөдөө орон нутагт цахим платформоор дамжуулан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, телемедицин үйлчилгээ /байгаа газраасаа онлайнаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой үйлчилгээ/-г хэрэгжүүлэх бүрэн боломжийг бий болгож байна. Зардал багатай, цаг хугацаа хэмнэсэн энэхүү хэлбэр нь зөвхөн сэтгэл зүйчдийн тоо хүрэлцээгүй нөхцөлд төдийгүй нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн хувьд хүртээмжтэй үйлчилгээний нэг хэлбэр болох юм. Үйлчилгээний хүртээмжээс гадна сэтгэл зүйн боловсролын түвшин ч хөдөө орон нутагт харьцангуй доогуур байна. Тиймээс сум, багийн төвүүдэд иргэдэд зориулсан сэтгэл зүйн боловсрол, мэдээлэл олгох сургалтыг тогтмол зохион байгуулах хэрэгтэй. Энгийн жишээ дурдахад, сэтгэл гутрал гэж юу болох, өөрийгөө хэрхэн таних, хэн нэгэн хэцүү байдалд орсон хүнд хэрхэн хандвал зохистой вэ гэх мэт анхан шатны ойлголтуудыг олон нийтэд хүргэх нь зөвхөн тухайн хүнийг төдийгүй орчны сэтгэл зүйг бүхэлд нь сайжруулдаг. Мөн энэ нь аливаа сэтгэл зүйн өвчлөлийг эрт илрүүлж, гүнзгийрэхээс сэргийлэх үр дүнтэй арга зам болдог.

Сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг бол зөвхөн дотоод мэдрэмж бус, хүний амьдралын чанарт шууд нөлөөлдөг хүчин зүйл юм. Тиймээс малчдын сэтгэл зүйн нөхцөл байдалд зөвхөн зөвлөгөө өгөх төдий бус, тэдний амьдралын чанарыг сайжруулах бодлого хэрэгжүүлэх нь чухал.

Малчин өрхүүдийн орлогын эх үүсвэрийг төрөлжүүлж, нийгмийн хамгааллын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох замаар улирлын чанартай амьжиргааг тогтвортой болгож чадвал энэ нь шууд болон шууд бусаар сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлнэ. Санхүүгийн дарамт багасах тусам хүмүүсийн сэтгэл гутрал, айдас, ганцаардал зэрэг сөрөг мэдрэмжүүд буурч, иргэд өөртөө болон гэр бүлдээ илүү анхаарал хандуулах боломжтой болдог. Иймд малчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах бодлого бол олон талт, цогц хандлага шаардсан асуудал юм. Цалин хөлсөөс эхлээд цахим зөвлөгөө, сургалт сурталчилгаа, амьжиргааны тогтвортой байдал хүртэл бүхий л хүчин зүйлс нь харилцан уялдаатай ажиллаж байж л үр дүн гарна. Энэ асуудлыг орхигдуулсаар байвал хөдөө орон нутгийн хүн ам цөөрөх, хот руу шилжих урсгал нэмэгдэх, залуус хөдөө нутагт тогтвор суурьшилтай амьдрах сонирхол буурах зэрэг сөрөг үр дагаврууд улам л газар авах нь гарцаагүй. Тиймээс бид өнөөдөр энэ асуудлыг нухацтай, баримтад үндэслэн ярилцаж, дорвитой бодлого хэрэгжүүлэх цаг хэдийнээ ирсэн байна. Сэтгэл зүйн эрүүл мэнд бол зөвхөн сэтгэл зүйч, сэтгэл засалчийн ажил биш, энэ бол нийгмийн бүх гишүүний оролцоо, ойлголт, хариуцлагын асуудал юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх