Хятадын зохиолч Зян Рун буюу Люй Жяминь 1997-2004 оны хооронд “Чонон сүлд” романаа бичиж, хэвлүүлсэн нь дэлхийн 100 гаруй орны сая сая уншигчийн таашаалд нийцэж, бестселлер болсон байдаг. Улмаар дэлхийн уншигчдын анхаарлыг татсан уг зохиолыг Францын алдарт найруулагч Жан Жак Анно 2015 онд уран сайхны кино болгон үзэгчдийн хүртээл болгосон.
Тэгвэл манай улсын үндсэрхэг үзэлтэй “Даяар Монгол” хөдөлгөөний үүсгэн байгуулагч, өвөрмонгол хүргэнээ буудан хороосон хэргээр ял эдэлж байгаад өршөөлөөр суллагдсан “Хонхэрээд” гэгдэх Банзрагчийн Энхбат Зян Руны “Чонон сүлд” романыг өөрийн бүтээлээс хулгайлсан зохиол гэх агуулга бүхий зүйл олон нийтийн сүлжээнд бичсэн нь анхаарал татаж байна.
Тодруулбал тэрээр “За ямар ч байсан хэвлэгдчихлээ...
Анх 1999 онд хэвлэлд бэлэн болсон ч бүрэн эх нь хэвлэгдэж чадаагүй манай цоожтой гэрээс цагдаа нарын оролцоотой хурааж аваад тэр эх ахиж олдоогүй юм. Би зарга хийж шүүхээр яваад ч дийлээгүй...
Тэгтэл их удалгүй хятад зохиолч уг номыг минь хулгайлан хуулан утга санааг нь мушгиж өөрчлөн ЧОНОН СҮЛД болгон хэвлүүлсэн. Номын үндсэн "Монгол эх гар бичмэл"-ээс хагас хугас олдсоныг би дахин сэргээж бичин нэмж засварлан ингээд олон жилийн дараа монголчуудынхаа гар дээр арай гэж нэг бүрэн эхээрээ хэвлэгдэн очлоо...
Одоо зүрхтэй, зоригтой, суу зальтай Монгол аавын хүү, ээжийн охид нь киногоо хийж ч болно” хэмээн бичжээ.
"Чонон сүлд" роман бол 2004 онд бичигдсэн хагас намтрын шинжтэй зохиол бөгөөд 1967 онд Бээжин хотын оюутан залуу Өвөрмонгол руу Хятадын Соёлын хувьсгалын "Илгээлтийн эзэд"-ээр томилогдсон тухай юм. Номын зохиогч уран бүтээлийн нэрээрээ номоо гаргасан бөгөөд хэвлэгдсэнээсээ хойш нилээн хэдэн жилийн турш жинхэнэ нэрээ нууцалж байв. Тус ном нь 2005 онд Хятадын шилдэг зохиолоор шалгарч, дэлхийн 31 оронд орчуулагдан гарсан бөгөөд "Чонон тотем" нэрээрээ ихэд алдаршсан юм.
Гол дүрийн баатар 20 гаран настай Чэн Жэн Соёлын хувьсгалын үеэр Бээжин хотыг орхин Өвөрмонголд ажиллахаар ирсэн нь зохиолч өөрийгөө дүрсэлсэн гэлтэй. Үндэсний соёл уламжлал, зан үйл, талын амьдралыг хүүрнэхдээ өвөрмонголчуудын нүүдлийн амьдралыг Хан үндэстний суурин тариачдын амьдралтай зэрэгцүүлэн тавьсан байдаг. Зохиолч уг номдоо эрх чөлөө, хүндлэл, хатуужил, хамтын хөдөлмөр, өрсөлдөөн зэргийг магтан дуулж Күнзийн сургаалиар явсан суурин амьдралаа “хонь шиг” хэмээн шүүмжилсэн аж. Нүүдэлчдийн амьдралыг суурин амьдралд уусгаснаар байгаль экологийн сүйрэл нүүрлэж байгааг харуулсан нь зохиолын гол шигтгээ болжээ.
Малчдын дарга, ахлахынхаа үгэнд оролгүй ганцаар хээр үлдэхдээ санаандгүй чонын сүрэгтэй таарч үнхэлцгээ хагартал айсан тэр л мөчид зохиолчид ном бичих санаа төрсөн гэдэг. Чонын сүрэг хонин сүргийг хэрхэн хад асганаас тандан агнаж, олсон олзоо агуй руу авч одож байгааг харав. Тэр цагаас хойш зохиолч чонын сүргийг илүү ихээр судлахын зэрэгцээ нүүдэлчдийн амьдралтай өөрийгөө гүн холбохыг хичээсэн нь хожим “Чонон сүлд” роман болон мэндэлсэн гэж үздэг.
Өөрөөр хэлбэл, “Чонон сүлд” хийгээд зохиолч Зян Рун нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдчихсөн. Гэтэл манай нэг “хулгар” энэ алдартай зохиолыг миний санааг хулгайлсан хэмээн хээв нэг өгүүлэх нь тун бүдүүлэг хэрэг болж байна.
Үнэхээр Б.Энхбат зохиолоо алдсан гэж үзэж буй бол хууль журмын дагуу зохиогчийн эрхээ хамгаалан тэмцэх ёстой. Гэтэл ижил төстэй буюу чонын тухай нэг ном гаргачхаад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зохиол болон зохиолч руу үсчих нь өөрийг нь төдийгүй улс орноо муухай харагдуулж байна. Энэ магадгүй номоо зарах гэсэн ядмаг пиар байж болох юм. Түүнээс биш олон улсад алдаршсан зохиолч, найруулагч нар бидний өөр зуураа “хусалцдаг” шиг бие биеэсээ хуулсан хулгайлсан жижиг асуудалд санаатай хийгээд санамсаргүй орно гэж байхгүй л дээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх