Зохиолч Б.Ойдовын энэ роман 2024 онд манай улсын шилдэг романаар шалгарсан учраас унших хүсэл төрсөөр, одоо л гүйцэлдүүллээ. Би Ойдовын романуудын тухай бичсэн. Одоо ч бичиж байна. Хойшид ч бичнэ. Бичүүлэх юмтай зохиол хүссэн хүсээгүй судлаачийг өдөж хөдөлгөж байдаг юмаа. Бусад романых нь тухай бичсэн зүйлс туурвилзүйн хувьд энэ зохиолд ч бас хамаарна. Энэ зохиолын шинжийг хэдэн зүйлээр өгүүлнэ.
1) Ойдов зохиолын ахуйг тун тодорхой дэвсэж, уншигчийг түүнд ярган оруулдаг, үйл явдлыг олон чиглэлээр өрнүүлдэг, чухам тэр явц дундаа гол дүрийн явдлыг зурваслан өгүүлдэг онцлогтой. Тиймээс тэдгээр нь гол дүр, түүний явдал учрыг он цаг, орон ахуй, түүхэн жам, ээдрээ тайлал талаас нь улам дэлгэр нөхөн тодосгодог юм. Энэ онцлог нь түүний монгол сэдвийн зохиолд төдийгүй харь орны сэдэвт зохиолд ч ийм тодорхой тусах юм гэж би үнэхээр төсөөлөөгүй. Боломжгүй мэт зүйл, ийм том романд. Тан улсын үеийн хааны ордны амьдралыг гаднах дотнохтой нь тун тодорхой дэлгэрэнгүй өгүүлжээ. Тун амаргүй агуулга. Туужийн хэмжээний зохиолд бол болох санж. Нэгэн дайчин баатрын, эсвэл тагнуул туршуул түшмэлийн, эсвэл хатны явдал гээд. Гэтэл ийм том хэмжээний романд ингэж дэлгэрэнгүй үзүүлэх нь үнэхээр их бэлтгэл, нүсэр хөдөлмөр юм. Ордны амьдрал, жанжид, түшмэд, хатад, өмнөх хаадын уламжлал, одоох хааны явдал, байнгын далд явуулга, энэ бүгдийн гол цөм, хөдөлгүүр бологч тайган нарын нөлөө явуулгыг ийм тодорхой бичиглэхэд их баримт хэрэглэгдэхүүн хэрэгтэй. Тэдгээрийг уран сайхнаар бичиглэх авьяас чадвар хэрэгтэй.
2) Түүхийн сурвалж бичиг, орчуулгын уламжлалт уран зохиол, аман уламжлалыг судалсан, тусгасан байдал илт мэдрэгдэж байна. Харин тодотгууштай нэг зүйл бол, романы гол дүр нь бодит хүн үү, домог аман уламжлалын дүр үү гэх асуудал. Зохиогч номынхоо төрөл жаанрыг тодотгож “роман” гэжээ. Харин агуулгын шинжийг “түүхэн”, “түүхэн сэдэвт, “баримтат”, “түүхэн баримтат”, “баримтат уран сайхны” зэргээр тодотгосонгүй. Миний бодлоор бол, “түүхэн сэдэвт” роман юм. “Түүхэн” гэвэл бодит түүхэн явдал, хүнийг уран сайхнаар үзүүлсэн зохиол. “Түүхэн сэдэвт” гэвэл, түүхэн цаг явдал нь бодит боловч, гол дүр нь чухам бодит эсэх нь зуун хувь үнэн баталгаат биш, тухайлбал, эртний домог хуучаар санаалан сэдэвлэж бүтээсэн зохиол. Би энэ зохиолын гол дүрийг тийм бол уу гэж бодлоо. Хэрэв, тийм биш бол, зохиолч өөрөө энэ тухайд бодол саналаа өгүүлэх буй за. Аль ч утгаар нь бодсон, энэ зохиол бол гавьяатай зохиол. Тийм тайган байсныг хэн ч үгүйсгэхгүйн адилаар энэ тухай тодорхой өгүүлсэн түүхэн эх сурвалж бараг л байхгүй бол уу. Эртний эх сурвалжууд дайны замнал, ялсан ялагдсан үр дүн, хаад хийгээд хэтийдсэн жанжидын баатарлагийг л тоочин өгүүлэхээс биш, нарийн явдлыг өгүүлдэггүй. Одоо ч тийм эх сурвалж байхгүй. Харин, тэдгээрийг уран сайхнаар дэлгэн, тоочин өгүүлсэн их зохиолууд бий. Манай бичиг үсгийн боловсролт монголчууд ч эрт цагт нангиадын алдарт зохиолуудыг яруу тансаг монгол орчуулгаар уншиж байсан уламжлал бий. Тийм зохиолд харин элдэв явдал их туссан байдаг. Дашрамд хэлэхэд, тийм зохиолуудын мэдээллийн хийгээд уран сайхны үнэ цэнийг, “сонгодог” гэх үгээр тодотгож, одоо бол, сонгодог зохиолууд гэдэг билээ. Би тэдгээрийг оргүй хоосноос зохиомжлон бичсэн зүйл гэж боддоггүй, бодит явдал гэж үздэг, үнэхээр ч тэр үед түүхийг тийнхүү уран сайханчлан бичих арга байжээ. Инжанашийн “Хөх судар” бол түүх бичлэгийн ийм аргаар бүтсэн үнэн түүх, хосгүй эх сурвалж. Тиймээс би энэхүү романы гол дүр тайганыг бодит хүнээс улбаалсан, түүхэн домгоор үе улиран уламжилсан дүр гэж бодож байна. Ойдов зохиолч ийм эх дүрийг сурвалжлан мөшгөж, асар их хэрэглэгдэхүүнд тулгуурлаж, уран сайхны хэлбэрээр, том хэмжээний зохиол туурвисан нь үнэхээр үнэлүүштэй, гавьяат үйл мөн. Ард түмэн гэж нарийн шүүгч бий. Тэд чухам ямар явдлыг орхих, ямар явдлыг домог хэлбэрээр уламжлан үлдээхээ мэддэг. Үлдэх үрэгдэхийн шалгуур нь “түүхэн үнэн”. Яахав, цагийн эрхээр тэр яриа домог, аман уламжлал тунжирч, уран сайханчлагдах үзэгдэл нөлөө тусавч, мөн чанар нь хэвээр үлддэг.
Энэ тайганы явдлыг би энэ л шинжээс нь ойлгож, “түүхэн бодит хүн” гэж бодож байгаа юм. Зохиолч энэ тухайд номынхоо оршил үүтгэл болгож бичсэн зүйл байхгүй, энэ тухайд зохиолчийн мэдээлэл байхгүй байгаа учраас л би ийнхүү бичиж байна. Ийм дүр яваандаа буцаад “бодиждог”. Яг л Ойдов бичсэн шигээр. Тэгэхээр тайган бол бодижсон дүр. Бидний их өвөг дээдэс эртний Кидан гүрний нүүдэлчин удамт энэ тайган эх орныхоо төлөө, эдүгээх утга үгээр бол, нүүдэлч монгол улсынхаа төлөө амь биеэ золиослосон домог түүхийг ийнхүү нийтийн хүртээл болгож, уншлагын эргэлтнээ үүрд оруулсан нь зохиолчийн гавьяа юм. Уран зохиолын түмэн номд өгүүлдэг шаавай явдал төдий биш, ирээдүйн тусгал нь нэн хол, холбогдол нь маш нарийн, утга нь асар гүн сэдвийг илрүүлэн олж, энэхүү номоо туурвисан зохиолчид талархахгүй байхын аргагүй.
Энэ номд маш их мэдээлэл хуржээ. Ордны байдал, хаадын явдал, хатад эмсийн учир, жанжид баатадын дайн, ялангуяа тайган нарын учир, үүрэг, нөлөө, үүх түүх, хурьцал хуял, түүнийг өдөөгч нарийн арга чарга болон бусад олон зүйл, ер хүмүүний мөн чанараас улбаат үйлдэл явдлын тухай асар их мэдээлэл багтаажээ.
3) Энэ зохиолын хэл найрлын тухайд онцлон өгүүлэх ёстой. Зохиолч түүх зохиолын олон хэрэглэгдэхүүн ашиглахдаа эртнээс боловсрон тогтсон үг хэллэгийг өргөн тусгасан байна. Энэ тун сайн шинж. Өгүүлэн буй түүхэн үеийнхээ үг хэллэг, түүнийг өгүүлдэг ном зохиолын тогтсон үг хэллэгийг тусгаж бичих нь номын түүхэн ахуйд нийцэж, утгын цогц орныг босгодог юм. Энэ талд зохиолч сайн ажилласан байна. Зарим ухагдахууныг одоох үгээр хэлсэн нь, дүрийн ярианд биш, зохиолчийн хөндлөнгийн үгнээ байх тул, гэмгүй. Номд “улви ухаан” гэх үг гурвантаа гарав. Улви биш, елви юм шүү. Манай хуучны үг хэлнээ энэ үг бишгүй гардаг, елви гүйлгэх, елвийн бие, хувилгаан бие гэх зэргээр. Бас, Цейлон улс гэж үг гарав. Түүхэн зохиол учраас ахуй утгынх нь агаар амьсгалд уусгаад, манай монголчууд эртнээс хэлдэг уламжлалтай байсан “Арслант тив” юм уу, Ланка улс гэх зэргээр бичсэн бол нийцтэй байх буй за.
4) Зохиолд зөвхөн үргэлжлэн хүүрнээд байсангүй, харилцан ярианы хэлбэрийг их хэрэглэж зохиомжилсон нь тун оновчтой байна. Харилцан ярианд, манай зарим зохиолд их байдаг, хэт зохиомол, хэт ёсорхог, хөрсгүй хийсвэр үгсийг хэрэглээгүй, амьд яриа, бодит харьцааны үгсээр яриулсан нь онцлох зүйлийн нэг мөн. Аливаа зохиолд харьцаа алдагдахаар л ялангуяа уран сайхнаар босгосон ертөнц ахуй сарнин сүүмэлзэж, хүн дүр нь бод биегүй хийсвэр хөдлөл мэт болоод явчихдаг.
5) Тус зохиолд гарах дүр, дурдагдах хүн маш олон байна. Түүхэн фоон дэвсгэрийг маш өргөн хүрээнд дэлгэж өгүүлсэн учраас, бас түүхэн үйл явдлыг нарийн тодорхой дурдсан учраас ийм байхаас аргагүй. Гэвч бодууштай нэг зүйл бий. Монгол орчин, монгол уншигчид унших явцдаа тийм олон хятад нэрийг тогтоон санах нь юу л бол. Надад бол амаргүй л байсан. Ер нь бол, шаардлагагүй тохиолдолд заавал нэрээр дурдах нь уншигчийн анхаарлыг сарниулах, гол өгүүлэмжээс түлхэх гэм байдаг, ялангуяа тийм их хятад нэрийн хувьд. Түүхэн эх сурвалжийг ашиглаж тусгах үед ийм бодол зохиолчид төрөх нь аргагүй боловч, уран зохиол, монгол уншигчдад зориулсан ном гэх утгаараа, олон цөөний харьцааг байнга санах ёстой. Ийм шаардлагыг үндсэн шалгуур гэж үзэлгүй, зохиолч өөрөө, ер нь манай роман бичлэгийн хэвшсэн арга хэлбэрийг өөрчлөе, бодит хүн түүхээр дэвсгэрлэж, түүнд дүрийг уусган бодитжуулъя гэж бодсон байж ч болно. Түүхэн сэдэвт зохиол учир газар орны нэр хятадаар гарах нь зүй, түүнийг дагаад хүний нэр ч бас зохиомжийг түлхэн гарч ирнэ. Иймээс, туурвил зүйн хувьд зохиолч, энэ асуудлыг өөрийнхөөрөө боловсруулж шийдэх гэсэн нэг арга ч байж болно. Энэ тухайд, зохиолд гарах хүмүүс, дүрийн олон цөөний харьцааны тухайд “Хөх судар” гэлтгүй, 20-р зууны манай цөөнгүй роман дурдууштай туршлага болно.
6) Тайган бээр нөлөөт хатантай янаг амрагийн учиртай болж, улмаар хүчит эм шингэний хүчээр бэлгийн чалхтай болж байгаа, түүний учрыг хатнаас асууж мэдсэнээс өрнөх явдал, мөн Кидан улсын тагнуул туршуулын хэрэг нь илчлэгдэн баригдаж, аймшигт ял яргад унаж байгаа үйл явдал бол энэ зохиолын хамгийн оргил, хурц өгүүлэмжүүдийн нэг юм. Дашрамд хэлэхэд, энэ зохиолын гол дүр тайган бэлгийн чалхтай болж байгаа хэсгийн өгүүлэмжтэй адилдуу түүхэн домгийг би уншиж байсан, мэдээж ийм дэлгэрэнгүй тодорхой биш. Тэр домогт нэгэн жанжин баатар чилгэр эрийг хүчээр тайгалсан ч, ордны нэгэн ахайтай сэтгэл авалцаж, улмаар тэр хатан жирэмсэн болж, хожим нь яалаа даа байз, амиа алддаг билүү, жанжин нөхөр нь аваад оргон дайждаг ч билүү. Тэр домогт хэрхэн яаж бэлгийн чалхтай болсон нь тодорхой гардаггүй. Харин Ойдовын энэ номд үнэхээр нарийн гарч байна. Би энэ номыг уншиж байхдаа алсуураа тэр домогтой нийцэх нь үү, таарах нь уу, гэж сонжин уншсан боловч өөр өөр явдал байж.
7) Ойдовын энэ зохиолд зохист газар нь уянга цөөнгүй илэрч байна. Уянга гэдгийг амархнаар хэлбэл, уншигчийн сэтгэлийг хөвсөлзүүлэн хөдөлгөх увдис юм, зохиолчийн талаас хэлбэл авьяас юм. Зохиолч өөрөө тэрхүү ахуй явдал, цаг агшин, сэтгэлийн байдалд уусан орж, түүнийгээ хэрхэн үгээр илэрхийлэх авьяас чадвараар хэмжигдэн илэрч байдаг, уран зохиолын маш хэцүү шаардлага шалгуур юм даа.
Зохиолын үйл явдлууд ганц шугаман чиглэлд өрнөхгүй, хэдийн өмнө өгүүлсэн зүйл хожим мөн дурдагдаж, харилцан холбогдож байгаа нь зохиолч боловсруулгын тухайд сэргэг байж, зохиолынхоо цаг ахуйд бүрэн оршиж, зохиолын нэгэн цогц ахуй ертөнцийг түүхэн тэр агшинд нь хөдөлгөн босгож чадсаныг харуулж байна. Энэ ном туурвилын хувьд ч, агуулгын хувьд ч, санааны хувьд ч зохиолчийг тун холд хөтлөх ном мөн байна.
Ч.Чимэгбаатар
СЭТГЭГДЭЛ Үлдээх