Оюутолгойн бүлэг ордын дэргэдэх “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрлүүдийг хэрхэх асуудал УИХ, Засгийн газрын түвшинд томоохон сэдэв болж байна. “Онтрэ” компани нь Канадад 1995 онд “Timpete Mining Corporation” нэрээр байгуулагдаж олон удаа нэрээ сольсоор 2005 онд “Антре гоулд” болж байсан бөгөөд Оюутолгойн орд газрын яг хажууд хайгуулын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Тус компанийн хоёр тусгай зөвшөөрөлд багтах ордод 10339 тонн зэс, 759 тонн алт, 3317 тонн мөнгө, 190 мянган тонн молибден бий. Оюутолгойн орд газрын дэргэдэх орд газар “Онтрэ”-д очих болсон түүх 2003 оноос эхлэлтэй юм байна. Анх тус тусгай зөвшөөрлүүдийг “Монгол газар” ХХК-ийн Ц.Мянганбаяр эзэмшиж байгаад Канадын “Онтрэ”-д шилжүүлсэн байна.
Маш их хэмжээний алт, зэс, молибдений нөөц бүхий газрыг эзэмшиж байгаа “Онтрэ” 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө 2004 онд “Туркойз хилл ресурс” компанитай ашиг хуваах гэрээ байгуулжээ. Ингээд Монголын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ч байгуулсан. Харин ашгаа хуваах гэрээ байгуулсан “Онтрэ”, Оюутолгой хоёрын гэрээ хэрэгжээгүй бөгөөд “Онтрэ” ашиг аваагүй гэх шалтгаанаар Арбитрын шүүхэд маргаж ялсан байна.
Гэтэл Монголын Засгийн газрын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Оюутолгой, Онтрэ-гийн талд үйлчилж, “Онтрэ”-гийн 3148Х, 3150Х гэх хоёр зөвшөөрлийг Оюутолгойн бүлэг ордын хил заагт хамааруулах шийдвэрийг Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн хурлаар гаргажээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн 6709А, 6708А, 6710А зөвшөөрөлтэй “Онтрэ”-гийн 3148Х, 3150Х зөвшөөрлийн хилийн заагийг хамаатуулахаар болсон байна. Канадын “Онтрэ” компани Монголын талд 34 хувь өгөхгүй, харин Оюутолгойн ордын 34 хувь эзэмшиж байгаа нь хангалттай гэх байр суурийг илэрхийлжээ.
Хамгийн гол нь Оюутолгойн ордод “Онтрэ”- г хамаатуулж болохгүй том шалтгаан нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Онтрэ” дэх талбайг ашиглах буюу монголчуудад ашиггүй байх хувилбарыг сонгох шахааг Засгийн газарт үзүүлж, Засгийн газар ч тэдний хэлсний дагуу зөвшөөрөх үйл явц өрнөж байна. Өөрөөр хэлбэл, “Онтрэ”-гийн орд дахь баялгийг олборлож, зарж худалдаалах бол Монголын одоогийн нөхцөл байдалд тааруулж, монголчуудад ашигтай цоо шинэ гэрээ байгуулах ёстой юм.
Сэтгүүлч: Б.АРИУНТУЯА
СЭТГЭГДЭЛ Үлдээх