Цахим мэдээ
Нийгэм

СУРАХ ОРЧИНД СААД БОЛСОН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БОДИТ БАЙДАЛ

     Монголын нийгэмд хүүхдүүд сурч байна уу эсвэл дасан зохицож байна уу? Анги танхим нь мэдлэг хуримтлуулах өргөө болохоос илүүтэй шахцалдсан өрөө болж боловсролын салбарт чанарыг нь шалгасан сорилт болоод буй. Хангалтгүй орчинд чанартай боловсрол бий болох уу?

      Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хамгийн түгээмэл тулгамдаж буй асуудлын нэг бол анги дүүргэлт хэт их байгаа явдал юм. Нэг ангид 40–60 хүртэл хүүхэд суух тохиолдол бий. Энэ нь зөвхөн хүүхдүүдийн суралцах орчинд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, багшийн ажлын ачааллыг нэмэгдүүлж, сургалтын чанар, хүүхдийн хөгжлийн тэгш боломжийг алдагдуулдаг. Тухайлбал: 

Хүүхэд бүрт хүрэлцээтэй цаг гардаггүй

      Олон хүүхэдтэй ангид багш нэг хичээлдээ хүүхэд бүртэй хангалттай ажиллаж чадахгүй. Хичээл 40 минут үргэлжилдэг гэж үзвэл багшид нэг хүүхэдтэй ажиллахад дунджаар 1 минут ч ногддоггүй. Энэ богино хугацаанд сурагчийн мэдлэгийг шалгах, алдааг засах, урам өгөх, хувь хүний онцлогийг харгалзах боломж тун хязгаарлагдмал. Үр дүнд нь идэвхтэй хүүхдүүд л анхаарал татаж, дуугүй эсвэл удаан суралцагчид ангийн буланд “алдагдах” аюултай.

Хүүхдийн сэтгэл зүйд дарамт болдог

     Чихэлдсэн орчинд хүүхэд тайван суух, төвлөрч хичээллэхэд хүндрэлтэй. Сандал, ширээ хүрэлцээгүйгээс хөдөлгөөн хязгаарлагдаж, анги доторх дуу чимээ нэмэгддэг. Энэ бүх нь хүүхдийн сурах идэвхийг бууруулаад зогсохгүй, стресст оруулах, өөрийгөө илэрхийлэх боломжийг нь хумьдаг.

Багшийн ачаалал ба ядаргаа

      Нэг ангид олон хүүхэдтэй бол багш зөвхөн хичээл заагаад зогсохгүй, гэрийн даалгавар шалгах, хүмүүжлийн ажил хийхэд нь цаг, хүч дутагдана. Энэ нь багшийг богино хугацаанд ядаргаанд оруулж, ажилдаа чин сэтгэлээсээ хандахад нь саад болдог.

Сургалтын чанар уналтанд ордог

     Хүүхэд бүрт хүрэлцээтэй анхаарал хандуулж чадаагүйгээс сургалтын чанар буурч, мэдлэгийн ялгаа улам нэмэгдэнэ. Ийм нөхцөлд сургуулиас гарах хүүхдүүдийн боловсролын түвшин тэгш бус болж, зарим нь ахлах ангид дэвшихэд шаардлагатай мэдлэг чадваргүй үлдэх нь элбэг.

 

2025-2026 оны хичээлийн шинэ жилд цахимаар бүртгэгдсэн тоон мэдээлэлд нэг анид 70-75 хүүхэд ногдож буй нь сургуулиудад элсэн суралцах хүүхдийн тоо өсөж, анги дүүргэлт хэт ихэссэнг илтгэж байна. Нэг ангид 50-60 хүүхэд суралцаж байгаа нь олон улсын жишиг болох 25-30 сурагчийн тооноос даруй хоёр дахин их үзүүлэлт юм. 

БИДЭНД ШИЙДЭЛ ЮУ БАЙЖ БОЛОХ ВЭ?

  • Анги дүүргэлтийг багасгах - Тухайлбал хууль тогтоомжид туссан ангид багтах дээд хүүхдийн тоог мөрдөж, сургуулиудыг тухайн дүрэмж журмыг баримтлах боломжтой нөхцөлөөр хангах
  • Багшийн тоог нэмэгдүүлэх - Нэг ангид хоёр багшийн оролцоотой сургалтын арга зүйг хэрэгжүүлэх, эсвэл туслах багшийн тогтолцоог бий болгох
  • Сургалтын орчныг сайжруулах - Сургуулийн барилга, анги танхимын тоог нэмэгүүлж, сурагчдад тухтай орчин бүрдүүлэх

Хүүхэд бүр тэгш, хүртээмжтэй бөгөөд чанартай боловсрол эзэмших эрхтэй.Үүний тулд боловсролын салбар багш, хүүхдийн харилцааны хүрэлцээг бодитоор нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

БУСАД ОРОНД...

2019 оноос БНХАУ-ын боловсролын яамнаас гаргасан зааварт бага, дунд, ахлах ангийн сурагчлын унтах цагийн доод хэмжээг тогтоож өгчээ. Сурагчдын унтлагын цагийг нэмэгдүүлж өгснөөр хүүхдийн нойр дутуу байдал, хэт их гэрийн даалгавар, сургалтын дарамтыг бууруулах зорилготой юм. Тодруулбал: 

  • Бага ангийн сурагч: 9-10 цаг
  • Дунд ангийн сурагч: 8-9 цаг
  • Ахлах ангийн сурагч: 7-8 цаг

Сургуулиуд өглөөний хичээлийг хэт эрт эхлүүлэхшзй байх, оройн цагаар гэрийн даалгаврыг багасгах, цахим хэрэглээг хязгаарлах зэрэг зохицуулалт хийжээ. 

Судалгаагаар Хятадын сурагчдын 60-70% нь хангалттай нойр авч чаддаггүй, ялангуяа ахлах ангид 70%-иас дээш нь шөнийн 12 цагаас хойш унтдаг гэсэн тул ийм бодлого шаардлагатай гэж үзсэн байна.  Харин хичээлийн дундуур унтах цагийг ихэвчлэн 12:30-14:00 цаг заавал унтаж амраадаг байна. Сургуулиуд зориулалтын унтлагын танхим болон ширээ сандалаа дэрлэж унтах нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн байдаг. 

Судалгааны дүнгээр: 

  • Өдрийн унтлага хийдэг сурагчид, унтдаггүй сурагчдаас анхаарал төвлөрөл 20-30% илүү, хичээлийн үр дүн ч дээшилдэг гэж гарсан
  • Хятадын эцэг эхчүүд ч үүнийг "суралцах бүтээмжийн түлхүүр" гэж үздэг байна. 

Жишээ нь: Шанхай, Гуандун зэрэг мужийн бага сургуулиуд хүүхдүүдэд 30-60 минутын заавал өдрийн унтлага хийлгэдэг байна. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх