Манай улсын иргэн Г.Ган-Очирт Франц улсын Аннэси хотын шүүхийн нэр бүхий гурван шүүгч 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд хоёр жилийн хорихял оноохоор шийдвэрлэсэн ч ял эдэлж байх хугацаандаа тус улсаас оргон зугтжээ. Тодруулбал, бусдыг дарамталж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, уг ялыг оноосон аж. Тиймээс Францын хууль шүүхийн байгууллагынхан Г.Ган-Очирыг Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Интерполынхон Франц болон Монгол Улсын хууль сахиулах байгууллагынхны хүсэлтээр эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан гэсэн үг. Үр дүнд нь Г.Ган-Очир Европын Холбооны улсуудаар орогнон зугтаж байгаад Шведэд хууль бусаар оршин сууж буйг нь тогтоож, энэ оны наймдугаар сарын 21-нд тус улсын цагдаагийн алба хаагч нар баривчлан хорьжээ. Түүнийг шилжүүлэн авч, шүүхээс оноосон эрүүгийн хариуцлагыг эдлүүлэх талаар Францын тал Шведэд хүсэлт хүргүүлээд буй гэх мэдээлэл байгаа бөгөөд манайх ч бас иргэнээ авах тухай хүсэлт гаргасан сурагтай. Харин Г.Ган-Очирыг Франц болон эх оронд нь шилжүүлэн өгөх, эсэх нь Шведийн хууль тогтоомжийн дагуу шийдэгдэх юм байна. Г.Ган-Очирыг Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан эд хөрөнгө устгаж гэмтээсэн, худал мэдээлэл тараасан, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх хэрэгт яллагдагчаар татан шалгасан агаад мөрдөн байцаалтын явцад оргон зугтаж, гадаадад гарсан байдаг. Тиймээс 2022 оны наймдугаар сард манай улс Интерполын “Улаан булант” зараар олон улсад эрэн сурвалжилж эхэлсэн билээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх