ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг манай улсын зах зээлд орж эхэлснээр жижиглэнгээр иргэд бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломж бүрдэж тухайн үедээ л худалдааны шинэ өнгө төрхийг тодорхойлж ирсэн. Он цагаар нь яривал туулж өнгөрүүлсэн хугацаа их боловч үеэ өнгөрөөсөн гэх эрэн галавын үгээр төрийн шийдвэр гаргаж гарчиглаад иргэдийнхээ амьжиргааны түвшинг шууд дордуулах алхам хийх нь ихээхэн өрөөсгөл ойлголт юм.
ТҮЦ БОХИР ЗАВААН
Үнэн... Гэхдээ ТҮЦ-ний эзэд нь бус түмэн олны чинь өөрсдийнх нь ухамсар бохир заваан. Шүтэн биширч сүсэглэн залаад буй GS, CU зэрэг олон улсын франчайз дэлгүүрүүдэд оройн цагаар ороход л эддээ биш эзэндээ байгааг нь бэлэхнээ харна. Наад зах нь суугаад идэж уух ширээ сандал нь бохир заваан, адгийн наад зах нь идсэн ууснаа хаяад хэвшээгүй. Ариун цэврийн өрөө рүү бол өдрөөс хойш зүглэх ч хэрэггүй. Ёстой ил бие засахгүй юм даа л гэсэн хүн зүглэхээр... Суултуураар нь дүүрэн хүний ялгадас, хогийн савнаасаа хальж асгарсан нойлын цаас, ариун цэврийн хэрэглэлүүд гээд бохир завааныг объект нь бус хүмүүс нь өөрсдөө бий болгодог. Ядаж иргэд нь өөрсдөө үеэ өнгөрөөсөн ил бие засдаг ухамсрын дорой үеийн соёлоо гээх л болоод буй
ТҮЦ ХОНОСОН МУУДСАН ЮМ ЗАРДАГ
Монголчууд Хятад юм чанаргүй гээд Хятад бараагаа хэдэн тэрбумаар нь зөөж орлого оруулж хэрэглэдэг. Тэгэхэд мөнөөх Хятадууд нь чанаргүй юмнуудаа явуулахдаа эрэлт нь байгаа учраас... гээд хээв нэг хэлдэг. Яг үүн шиг хэрэглэгч та авч буй зүйлийнхээ он сар хадгалалт зэргийг нь харж чаддаг, шаардлага тавьж чаддаг авахгүй өнгөрөөж чаддаг байвал эрэлтгүй болж улмаар зарчмын хувьд нийлүүлэлтгүй болно. Тэгэхээр хэн л орлогоо хааж, бараа түгжихийг хүсээд муудсан хугацаа нь дууссан юм зарахыг хүсэхэв. Авдаг учраас л зардаг байх нь...
ХАА САЙГҮЙ ЗАМ ХААЖ ТАВЬСАН ТҮЦ...
ТҮЦ -ийг анх зөвшөөрлөөр байршуулдаг байсан бол экс хотын дарга Д.Сумъяабазар 75 аж ахуй нэгжийг зөвшөөрөлгүй болгож цар тахлын үеийн уналтын эдийн засгийн сэргээнэ гэж том зарласан үеэс иргэд зах замбараагүй хүссэн харсан газраа л ТҮЦ байршуулах болсон. Ингэхдээ үүнээс маш бага хэмжээний иргэн л улсын тог цахилгаан авч, улсад хогны гэрээ хийж чинхүү үнэнч байдлаар ажиллаж байв. Хэрэв улсаас тодорхой байршил, стандарт заасан бол замбараагүй байдал үүсэхгүй байх байлаа.
ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ ТҮЦ-ҮҮД
Жижиглэн бараанаас гарах ашиг бол чигчий хурууныхаа хумсны үзүүрт будаг түрхэх хэмжээний тийм л байдаг. Бараагаа бөөнд нь зарж байж цай авах хэмжээний мөнгө олно л гэсэн үг. Гэтэл өдөр тутамд жижиг жижиг, ширхэг ширхэгээр зарж буй бараанаас татвар төлөөд байвал таны авч буй барааны үнэ л дахин нэмэгдэнэ гэсэн үг. НӨАТ-ын баримт авах хүсэлтэй хүмүүсийн хувьд хэлэхэд ТҮЦ ажиллуулдаг иргэдэд бол энэ хүндхэн асуудал. Аа харин жилд олж буй ашгийнхаа тодорхой хувиас татвар төлөх нь ААН байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа хүний хувьд байх ёстой асуудал
ҮНЭТЭЙ ТҮЦ
ТҮЦ бараагаа үнэтэй зардаг. ТҮЦ-үүд ихэвчлэн бараагаа хүнсний бөөний худалдааны төвөөс аваад эргээд ашгаа нэмээд зардаг. Зарим нэр төрлийн бараандаа ажилчдын хөлс, тээврийн зардал зэргээ нэмдэг. Гэхдээ та бүхэн харьцуулагдаад байгаа CU, GS-ийн бараа бүтээгдэхүүний үнэ өртөгийг харж байсан уу? Ялгаагүй л өндөр үнэтэй.
ТҮЦ-ний хэрэглээ үнэхээр дуусгавар болсон уу? Мэдээж үгүй. Хэрэглээ дуусгавар болсон бол ингэж олноороо ТҮЦ-тэй байх шаардлага үүсэхгүй. Хоёрдугаарт ТҮЦ орлого сайн олж байна гэдэг чинь хүн их орж байна гэсэн үг. ТҮЦ ашигтай байна гэдэг чинь одоо ч эрэлт нь байгаа гэсэн үг. Эрэлттэй байгаа гэдэг нь үе нь өнгөрөөгүй байна гэсэн үг. Тэгэхээр хэн нэгэн даргын эрх ашгаар магадгүй хэн нэгний захиалгаар ТҮЦ-ийг хуу хаман ачиж байх магадлалтай юм.
Эцэст нь ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж хэрэглээнээс халлаа гээд Улаанбаатар хотын өнгө үзэмж сайжирсан уу? та хариулаарай...
СЭТГЭГДЭЛ Үлдээх