НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дах Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан:
Агаарын бохирдол дэлхийн хэмжээнд жил бүр долоон сая хүний амь насыг авч одож байгаа нь гашуун үнэн. Тамхидалт, автомашины осол, ДОХ/ХДХВ-ын үхлийн хор уршгийг давж, агаарын бохирдол хүний амьдрах хугацааг зургаа хүртэл жилээр хорогдуулж байгаа нь цочирдмоор. Энэ хямралын ачааны хүндийг хүүхдүүд үүрч байгааг би онцолмоор байна.
Монголд байх хугацаанд "Агаарын бохирдолтой өдөр бүр тэмцэх шаардлагатайг нийтээрээ ухамсарлах хүртэл хэчнээн хүүхэд өвдөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох ёстой вэ?" гэсэн асуулт намайг байнга зовоох юм. Агаарын бохирдол хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа гэдгийг өдөр бүр тод санах ёстой, бид. Агаарын бохирдлын эсрэг ажил хийхгүй нэг хоноход агаарын бохирдлыг ялан дийлэх нэг хоногоо алдаж байна гэсэн үг.
Агаарын бохирдлоос шалтгаалсан эмчилгээний зардал эрчимтэй нэмэгдэж, 2022 оны байдлаар уушгины хатгалгаатай холбоотой нас баралт амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралтын 50 гаруй хувийг эзэлж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээлснээр PM2.5 болон PM10 тоосонцрын хоногийн дундаж агууламж нэмэгдэхийн хэрээр тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд ханиад томуу, уушгины хатгалгаа өвчний тохиолдол ихэсдэг.
Арван жилийн өмнө явуулсан нэг судалгаагаар Улаанбаатар хотод 10 нас баралт тутмын нэг нь агаарын бохирдлоос шалтгаалсан байгааг тогтоосон байсан. Яаралтай, нэгдсэн арга хэмжээ авахыг нөхцөл байдал шаардаад байна.
Гэхдээ дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын тоонд ордог Улаанбаатар тулааны цорын ганц талбар байхаа болиод удсан. Ихэнх аймгийн төвүүд үхлийн харанга дэлдэх хэмжээний агаарын бохирдолтой буй.
НҮБ-ын Хүүхдийн сангаас сүүлд хийсэн (2022) биомониторингийн судалгаагаар бага насны хүүхдийн цусан дахь хүнд металлын хэмжээ аюулын харанга дэлдэх түвшинд байгааг тогтоосон нь энэ асуудлаар нэмэлт судалгаа хийх болон урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авах нэн шаардлагатай байгааг тод томруун харуулсан. Энэ бол Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 17-р хороо, Хан-Уул дүүргийн 15, 18-р хороо, Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тав хүртэлх насны 507 хүүхдийг хамруулсан судалгаа юм.
Бага насны хүүхдүүд өдрийн цагаар цэцэрлэгтээ байхдаа агаарын бохирдолд хамгийн их өртөж байгааг судалгааны дүнгээс харж болно. Тухайлбал, судалгаанд оролцсон 1-5 настай хүүхдүүдийн 21.4 хувь нь цэцэрлэгтээ агаарын чанарын стандартын хүлцэх хэмжээнээс хэтэрсэн тоосонцортой орчинд өдрийг өнгөрөөж, бохирдолд өртсөн байна.
Судалгаанд оролцсон 1-5 настай хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы концентрац нийслэлийн БЗД, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд тус бүр 67 хувь, Хан-уул дүүрэгт 58 хувь, Баянхонгор аймгийн Баянхонгор сумд 40 хувь, Өмнөговь аймагт 3 хувьд 3.5 мкг/дл-ээс хэтэрчээ. Хүүхдийн цусан дахь хар тугалганы тухайд аюулгүй хэмжээ гэж ерөөс үгүй. 2021 онд АНУ-ын Өвчний хяналтын төвөөс бага насны хүүхдийн цусан дахь хар тугалганы лавлагаа хэмжээ 5 мкг/дл байсныг 3.5 мкг/дл болгож шат дараатай бууруулсныг онцлууштай.
Түүнчлэн, судалгаанд оролцогчдын цусны сорьцын 10.6 хувь буюу 54-т нь мөнгөн ус илэрчээ. Тэдгээрийн 46 хувь нь Баянхонгор аймгийн хүүхдүүдийнх байсан нь бусад аймаг, дүүргийнхтэй харьцуулахад мэдэгдэхүйц өндөр. Тус судалгааны хамрах хүрээ бага ч гэлээ үр дүнг нь тоохгүй орхиж болохгүй. Учир нь уг судалгаа тэр хүнд металлуудын эх сурвалжийг тодруулах нарийвчилсан судалгаа хийх шаардлагатайг илтгэж байгаа юм.
НҮБ-ын Хүүхдийн сан агаарын бохирдлоос хүүхдүүдийг хамгаалах чиглэлд Засгийн газар, хувийн хэвшил, орон нутаг, хувь хүмүүс, иргэний нийгэм гээд боломжтой бүх арга замыг идэвхтэй эрэлхийлж, чадах чинээгээрээ хичээн ажиллаж байна. Манайх боловсрол, эрүүл мэндийн орчинд дотоод агаарын чанарыг сайжруулах сайн туршлагыг хэрэгжүүлсэн. Монгол гэрийн зууханд эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдал багатай ЧИП хэмээх нүүрсгүй халаалтын шийдлийг гаргаж, 2000 орчим өрх, гэр цэцэрлэгт суурилуулан, хүүхдүүдийг цэвэр агаартай болгож байна. Энэхүү бүтээгдэхүүнийг ногоон зээл зэрэг тогтвортой санхүүгийн механизмаар дамжуулан илүү олон айл өрх, хүүхдүүдэд хүргэх нь бидний зорилт.
Хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог дэмждэг, татан оролцуулдаг Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын төлөөх хүүхэд, залуучуудын сүлжээ болон Өсвөр үеийн парламент зэрэг НҮБ-ын Хүүхдийн сангийн платформууд, залуучуудын оролцоо маш чухал. Мэдлэг, ур чадвар эзэмшсэн залуучууд нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох үйл ажиллагааг тэргүүлж чадна.
Бид судалгаа хийж, залуучуудын мэдлэг мэдээллийг дээшлүүлж, монгол гэрийн нүүрсгүй шийдлийг түгээж, эрүүл мэндийн салбарын чадамжийг бэхжүүлж, сургууль цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг дээшлүүлэн ажиллаж байгаа. Гэвч энэ бол агаарын бохирдолтой тэмцэхэд шаардагдах арга хэмжээний багахан хэсэг нь л юм. Илүү ихийг, зогсолтгүй хийх хэрэгтэй байна.
НҮБ-ын Хүүхдийн сангаас бүх оролцогч талуудад хандан, сургууль, цэцэрлэг, дотуур байр, эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийг гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос нэн тэргүүнд хамгаалахын төлөө шийдвэртэй арга хэмжээ авахыг уриалж байна.
Монгол Улсын хөгжлийн их уурхай бол ард түмэн нь. Төрөлхийн шийдмэг, аливаад тууштай монголчуудын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, агаарын бохирдлоос өөрсдийгөө болон үр хүүхдээ хамгаалах зан үйлийг төлөвшүүлэх, улмаар нүүрснээс татгалзаж, цэвэр эрчим хүчний шийдэл рүү шилжихэд нь бид дэмжлэг үзүүлсээр байх болно.
Үр хүүхдийнхээ төлөө агаар дахь бохирдуулагч хорт бодисуудыг арилгахын төлөө нөөц бололцоо, ур ухаанаа нэгтгэцгээе. Хүүхэд бүр цэвэр агаараар амьсгалах эрхтэй. Агаарын бохирдлын эсрэг өдөр бүр тэмцье.
СЭТГЭГДЭЛ Үлдээх