Монголчууд бидний нэг гашуун үнэн улам бүр тодорч байна. Улс орныхоо ирээдүйн төлөө нэгдэхдээ хойрго, харин азын сугалаа, хямдхан ашиг харсан бүхэнд бол улайран дайрдаг сэтгэлгээ газар авчээ. Энэ бол зүгээр нэг зан биш энэ бол нийгмийн доройтлын шинж.
Өчигдөр Сүхбаатарын талбай дээр болсон цуглаан үүнийг ил цагаан харууллаа. 5 ханатай гэр, үхрийн мах амласан сугалаа л хүмүүсийг татсан болохоос улс төрийн үзэл санаа, бодлогын тухай ойлголт тэнд байсангүй. Тэнд ирсэн олонх нь юунд ирснээ ч мэдэхгүй, юуны төлөө зогсож байгаагаа ч ухамсарлаагүй байв. Харин тайзны ард тоглогчид байлаа. Өөрийгөө гэнэн, солиотой мэтээр харуулдаг ч үнэндээ олны анхаарлыг татах арга барилаа төгс эзэмшсэн улс төрийн дүрүүд. Үнэн ба зөв намын Отгонбаатар гэх мэт этгээдүүд бол тэнэг биш харин ч эсрэгээрээ. Тэд олны сул талыг ашиглаж, анхаарлыг хэрхэн булаахаа мэддэг, тооцоотой жүжигчид. Хэдий чинээ этгээд харагдана, төдий чинээ олны нүдэнд өртөнө. Тэр хэрээр ашиг, нөлөө нь өснө.
Энд хамгийн харамсалтай нь жүжигчид биш үзэгчид нь...
Учир нь энэ бүх “жүжиг” үзэгчгүйгээр орших боломжгүй. Харин үзэгчид нь бодолгүй, амлалтад хууртамтгай, түр зуурын ашигт амархан автдаг бол энэ тоглоом хэзээ ч дуусахгүй. Сүүлийн жилүүдэд жагсаал гэдэг зүйл утгаа алдсан. Иргэдийн дуу хоолой байх ёстой зүйл улс төрийн захиалгат хэрэгсэл болж хувирсан. Нэг нь нөгөөгөө намнахын тулд олныг мөнгө, амлалт, хямд урамшууллаар цуглуулж, ард нь сууж инээдэг. Харин талбай дээр зогсож буй хүмүүс өөрсдөө хэний төлөө, юуны төлөө ашиглагдаж байгаагаа ойлгодоггүй.
Энэ бол эмгэнэл...
Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид ийм явдлыг шүүмжлэхэд харин ч эсрэгээр нь доромжилж, дайрч давшилдаг. Үнэнг хэлсэн нэгнийг дайснаа болгодог нийгэмд худал, жүжиг хоёр хамгийн хурдан амжилт олдог.

Бид өөрсдийгөө хуурч байна. “Монголчууд хаашаа явж байна вэ?” гэсэн асуулт одоо хэтэрхий оройтож тавигдаж байж мэднэ. Учир нь бид аль хэдийн замаасаа хазайсан байж болох юм. Өнөөдөр хэдэн төгрөг, хэдэн килограмм махны төлөө жагсаж байгаа хүн маргааш өөрийнхөө үр хүүхдийн ирээдүйг ямар үнээр үнэлэх вэ? Түр зуурын ашигт хууртагдсан сонголт бүр нийгмийн ирээдүйг бага багаар мохоож байдаг. Энэ бол зүгээр нэг улс төрийн асуудал биш. Энэ бол ухамсрын доройтол.
Эцэст нь:
Жагсаал бол зэвсэг. Гэхдээ тэр зэвсгийг хэн барьж байгаагаас бүх зүйл шалтгаална. Өнөөдөр Монголд энэ зэвсгийг иргэд биш, харин иргэдийг ашиглагчид барьж байна. Хэрвээ бид ёндооны төлөө биш, ирээдүйнхээ төлөө нэгдэж чадахгүй бол маргааш бидэнд нэгдэх эх орон ч үгүй үлдэхийг үгүйсгэх аргагүй. Сонголт МАШ ЭНГИЙН Бид өөрсдийгөө ашиглуулсаар байх уу, эсвэл нэг удаа ч гэсэн ухаарч зогсох уу?
СЭТГЭГДЭЛ Үлдээх