Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.8 тэрбум ам.доллараар буюу 32.5 хувиар өссөн бол экспорт 62.3 хувиар буюу 21.9 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Харин импорт 68 сая ам.доллараар буурсан байна.
Энэ оны эхний улиралд зэсийн хүдэр ба баяжмал 1.3 тэрбум ам.доллар, нүүрс 453.7 сая ам.доллараар өссөн байна.
Мөн боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 148.8 сая ам.доллар, хар тугалганы хүдэр, баяжмал 21.5 сая ам.доллараар тус тус өссөн нь экспорт өсөхөд голлон нөлөөлжээ. Харин боловсруулаагүй газрын тос 16 сая ам.доллар жоншны хүдэр, баяжмал 9.4 сая ам.доллар, тунгаасан зэс ба хайлш 10.4 сая ам.доллароор, адууны мах 4.6 сая ам.доллараар буурсан байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 68.3 сая ам.доллараар буурахад суудлын автомашин 114.5 сая ам.доллар, ачааны автомашин 54.4 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 17.5 сая ам.доллар, бульдозер, экскаватор
зэрэг 16.2 сая ам.доллараар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин автобензин 71.5 сая ам.доллар, хар төмөр, бүтэц, эд анги 20.6 сая ам.доллар, шинэ дугуй 15.4 сая ам.доллараар тус тус өссөн байна.
БНХАУ–д экспортолсон барааны 39.2 хувийг нүүрс, 48.9 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.7 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж байна.
Нийт импортын барааны 80 гаруй хувийг БНХАУ, ОХУ, Япон, Герман, БНСУ, АНУ бүрдүүлж байгаа аж. Тодруулбал, 2026 оны эхний улирлын байдлаар ОХУ-аас импортолсон барааны 76.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 73.4 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 5.2 хувийг ачааны автомашин тус тус эзэлж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх