Хүйсийн тулаан
Спортын ангилал гэдэг ойлголт анхнаасаа биологийн ялгаанд тулгуурлан бий болсон
Дэлхийн спортын түүхэнд үе үе томоохон шийдвэр гарч тэмцээний дүрэм журмаар тогтохгүй нийгмийн үнэт зүйлс, ёс зүйн ойлголтыг сорьж ирсэн байдаг.
ОУОХ өнгөрсөн сард трансжендэр эмэгтэйчүүд болон хүйсийн хөгжлийн ялгаатай (DSD) тамирчдыг эмэгтэй ангилалд өрсөлдөхийг хориглох шийдвэр танилцуулсан нь хүйсийн ялгаанаас үүдэлтэй хүний эрхийн маргааныг улам өдөөв. 2028 онд Лос-Анжелесын олимпоос эхлэн эмэгтэй ангилалд оролцох тамирчид SRY буюу Y хромосомын хүйс тодорхойлогч генийн шинжилгээнд заавал хамрагдана. Хацрын арчдас эсвэл шүлсний сорьцоор биед зовуурьгүй аргаар авдаг энэхүү шинжилгээг тамирчид замналынхаа турш нэг л удаа өгөх юм. ОУОХ энэхүү шийдвэрээ “биологийн хувьд эрэгтэй хүмүүс эмэгтэй ангилалд өрсөлдөх нь шударга бус” хэмээн тайлбарлаж буй.
ОУОХ-ны ерөнхийлөгч Кирсти Ковентри
Тамирчин байсан хүний хувьд олимпын наадамд оролцогчдыг шударга өрсөлдөөнд оролцох эрхтэй гэж үздэг. SRY шинжилгээний удирдамжийг бид анагаахын мэргэжилтнүүдийн удирдлага дор боловсруулсан. Спортын уралдаан тэмцээнд маш өчүүхэн ялгаа ялалт, ялагдлыг шийддэг. Тиймээс биологийн хувьд эрэгтэй хүмүүс эмэгтэй ангилалд өрсөлдөх нь шударга бус. Зарим спортод аюулгүй байдлын ч эрсдэлтэй.
Спортын ангилал гэдэг ойлголт анхнаасаа биологийн ялгаанд тулгуурлан бий болсон. Эрэгтэй, эмэгтэй хүйсийн ялгаа ч биеийн хүч, хурд, тэсвэрлэх чадвар дээр тодорхой харагддаг. Гэхдээ орчин үеийн нийгэмд хүйсийн талаарх ойлголт улам нарийсаж, хувь хүний өөрийнх нь тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөх хандлага нэмэгдсэнээр спортын салбарт шинэ асуултууд урган гарсан.
Лорел Хаббард
Шинэ Зеландын хүндийн өргөлтийн тамирчин Лорел Хаббард эрэгтэйчүүдийн ангилалд оролцдог байгаад хүйсээ солиулсны дараа “Токио-2020”-оор эмэгтэйчүүдтэй хүч үзсэн нь олимпод оролцсон анхны трансжендэр тамирчин гэх бахархлаас илүүтэй байгалийн тэгш бус өгөгдлийг спортод ашигласан жишээгээр нэрлэгддэг.
Тэгэхээр ОУОХ-ны шийдвэр гэнэтийн мэт харагдах ч үнэн хэрэгтээ олон жилийн судалгаа тандалтын үр дүн. Ялангуяа сүүлийн арван жилд трансжендэр болон хүйсийн хөгжлийн ялгаатай тамирчид дээд ангиллын тэмцээн тэр дундаа олимпын медалийн тавцанд зогсох болсон нь эмэгтэй тамирчдын олон жилийн турш бий болгосон спортын ангиллыг хамгаалах үзэл хандлагыг дэвэргэсэн гэлтэй.
Имане Хелиф
Парисын олимпоор илтэд эршүүд төрхтэй боксчин Имане Хелиф бүсгүйчүүдийг ээлж дараалан ялсаар олимпын аварга болсон нь спорт сонирхогчдын эсэргүүцэлтэй тулгарч байв. Гэвч Хелиф XY хромсом давамгайлсан “5-альфа редуктазын дутагдал” удамшлын өвчтэй саармаг хүйстэн болж таарсан юм.
Энэ нөхцөлд дэлхийн спортын бодлогын төвд байдаг ОУОХ илүү нэгдсэн шалгуур боловсруулахыг зорьсны үндсэн зарчим нь “шударга өрсөлдөөнийг хамгаалах” хэмээх ойлголт байв. Шинэ бодлогын хүрээнд эмэгтэй ангилалд оролцох эрхийг тодорхойлохдоо биологийн шинж чанарыг илүү чухал хүчин зүйл гэж үзэх болсон нь өмнөх жилүүдийн уян хатан бодлогоос эрс ялгаатай алхам байлаа.
Эмэгтэйчүүдийн спортыг хамгаалах оролдлого
Тамирчдын оролцоог SRY шинжилгээгээр тодорхойлох анхны оролдлого энэ биш юм. ОУОХ 1990-ээд онд SRY генийн шинжилгээг ашиглаж байсан боловч хэд хэдэн “хуурамч эерэг” хариу гарсан, зарим тамирчин ялгаварлан гадуурхалтад өртсөн тухай гомдол мэдүүлсэнтэй холбоотойгоор “Сидней-2000” олимпын өмнө хүйс баталгаажуулах шинжилгээг цуцалсан байдаг.
Эмэгтэй төрсөн ч хүйсээ сольсон АНУ-ын триатлонч Крис Мосье бүр 30 нас гарсан хойноо 2015 онд дахин эмэгтэйчүүдийн тэмцээнд орох гэж оролдон ОУОХ-той заргалдаж байв. Энэ хэрэг явдлын дараа эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцогчдоос гормоны шинжилгээ заавал авдаг болсон.
ОУОХ харин энэ удаагийн шийдвэртээ үндэслэсэн шинжлэх ухааны судалгааг нийтлээгүй боловч гүйлт, усанд сэлэлтийн төрлүүдэд эрэгтэйчүүдийн гүйцэтгэлийн давуу тал эмэгтэйчүүдээс даруй 10-12% ахиу байдгийг тодотгожээ. Цаашлаад шидэлт, үсрэлтийн төрлүүдэд 20%, бокс зэрэг тэсрэх хүч шаарддаг спортод 100% хүртэл нэмэгддэг байна.
Лорел Хаббард олимпод оролцсон анхны трансжендер болсны дараа усанд сэлэлт, дугуйн холбоод эмэгтэйчүүдийн тэмцээнд трансжендэр эмэгтэйчүүдийг хориглосон бол дэлхийн хөнгөн атлетикийн холбоо аль 2016 оны Риогийн олимпын наадмын дараа дүрэм журмаа чангатгасан байдаг. Учир нь эмэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн финалд шалгарсан гурван медальтан бүгд DSD тамирчид байсан тул хүйсийн шинжилгээ зайлшгүй хийлгэхийг шаардах болжээ. “Парис-2024” олимпоор эмэгтэйчүүдийн боксын тэмцээн томоохон хямралд орсны дараа Дэлхийн боксын холбоо ч мөн адил арга хэмжээ авав. ДАШТ-ий хүйсийн шалгалтад тэнцээгүй атлаа Алжирын Имане Хелиф, Тайванийн Лин Юү Тин нар олимпоос алтан медаль хүртсэн нь олон хүний эгдүүцлийг төрүүлсэн.
Зохиолч Ж.К. Роулинг
Өөрсдийгөө дээд зэргийн ариун журамтай, дэвшилтэт үзэлтэн гэж үздэг хүмүүс олны өмнө эрэгтэй хүн эмэгтэйчүүдийг зодож байгааг дэмжсэн “Парис-2024” олимпын ичгүүрийг би хэзээ ч мартахгүй.
Шинэ дүрэм нь зөвхөн трансжендэр эмэгтэй тамирчид гэлтгүй хүйсийн хөгжлийн ялгаатай (DSD) буюу биологийн хувьд уламжлалт ангилалд багтахад төвөгтэй тохиолдлуудыг ч хамарч буй. Цаашлаад олимпын бодлого дэлхийн спортын хамгийн том стандарт тул олон улсын холбоодын бодлогод шууд тусах нь лавтай. Иймээс зөвхөн нэг удаагийн дүрмийн шинэчлэл бус, харин олон жилийн турш үргэлжлэх бодлогын өөрчлөлтийн эхлэл гэж үзэж болох юм.
Кастер Семеня
Шинжилгээг шинжлэхэд
Өмнөх олимпын циклүүдэд эмэгтэй ангилалд оролцох шалгуурыг ихэвчлэн тестостероны түвшингээр тодорхойлдог байсан. 18-35 насны эрүүл, цусан дахь тестостероны хэмжээ 0.39 нмоль/литртэй 48 тамирчинд арван долоо хоногийн турш гормон тарихад 4.3 нмоль/литрээр нэмэгдэж байжээ. Эрүүл эрэгтэй хүнд энэ үзүүлэлт 9.2-31.8 нмоль/литр байдаг. Тиймээс ОУОХ эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцогсдын дээд үзүүлэлт 10 нмоль/литр байх гэсэн хязгаар тавьдаг аж. Гэвч тестостероны түвшин буурсан ч эрэгтэй бойжилтын үеэр бий болсон булчингийн бүтэц, ясны нягтрал, зүрх-судасны хүчин чадал зэрэг физиологийн онцлогууд бүрэн арилдаггүй гэж зарим судлаач үздэг юм. Мөн спортын төрөл бүр өөр өөр чадавх сорьдог атал ганц SRY шинжилгээ хангалтгүй гэж үзэх хэсэг бий. Жишээлбэл, хүндийн өргөлтөд булчингийн хүч илүү чухал бол усанд сэлэлтэд уушгины багтаамж, биеийн бүтэц нөлөөлнө.
Бүх спортод нэг ижил шалгуур хэрэглэх нь шударга бус өрсөлдөөний маргааныг хойшид ч өдөөх нь лавтай
Дээр нь генетикийн болон биологийн шалгалт хийх нь техник, санхүүгийн хувьд амаргүй бөгөөд зарим улс оронд ийм төрлийн лабораторийн хүчин чадал хангалтгүй байж болзошгүй. Мөн тамирчдын хувийн мэдээллийн нууцлал, хүний эрхийн асуудал ч хөндөгдөх нь.
Ялгаварлан гадуурхалт уу, хамгаалалт уу
Трансжендэр тамирчдын оролцооны асуудал зөвхөн спортын дүрэм бус, хүний эрхтэй салшгүй холбоотой. Хүний эрхийн байгууллагууд трансжендэр тамирчдыг эмэгтэй ангилалд оролцуулахыг хязгаарлах нь ялгаварлан гадуурхалт хэмээн шүүмжилж эхэлсэн. Олон улсын түвшинд трансжендэр тамирчдын оролцоог албан ёсоор хуульчилсан улс орон цөөхөн ч гэлээ АНУ, Канад, Европын холбооны зарим хэсэг, Австрали, Аргентин спортод хүйсийн баримжааг хүлээн зөвшөөрөх өргөн хүрээтэй бодлого явуулдаг учраас ОУОХ-ны бодлоготой зөрчилдөж буй.
Манчестер Метрополитан их сургуулийн профессор Алун Уильямс
18-аас доош насныханд генетикийн шинжилгээ хийж, тэдний биологийн амьдралыг өөрчилж ч мэдэх мэдээлэл өгөх нь ёс зүйгүй хэрэг. Трансжендэр хүмүүсийн бие махбодийн онцлог нүднээ илт ч Y хромосом бүхий DSD-тэй хүмүүсийг аль нэг хүйсээс давуу гэж нотлох нь туйлын маргаантай.
Өмнөд Африкийн гүйгч, олимпын хошой аварга Кастер Семеня трансжендэр биш боловч төрөлхийн тестостероны илүүдэлтэй. Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо 2019 оноос хойш DSD-тэй эмэгтэй тамирчдад тэмцээний өмнө тестостерон бууруулах эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлага тавьснаар Семеня их спортоос албан бусаар зодог тайлсан билээ. Тэрээр уг шийдвэрийг “ичгүүртэй” гэж хэмээгээд дэлхийн өмнөд хэсгийн эмэгтэйчүүдэд илүү их нөлөөлж болзошгүйг анхааруулав.
Олимпын хошой аварга Кастер Семеня
Генетикийн шинжилгээ нь хэзээ ч спортын охид, эмэгтэйчүүдийг хамгаалах арга зам байгаагүй. Трансжендэр эмэгтэйчүүдийн тоог хязгаарлах нэрийн дор интерсекс болон цисжендер тамирчдын эрхийг зөрчиж буй үйлдэл.
Олимпын бодлогын өөрчлөлт нь спортын салбараар хязгаарлагдахгүй боловсрол, нийгмийн бодлогод ч нөлөөтэй. Ялангуяа сургуулийн спортын тэмцээнүүдэд ямар дүрэм мөрдөх вэ гэдэг асуулт олон оронд гарч ирж байна. Интерсекс судлаач, хуульч Эрика Лоршбоугийн хэлснээр генетикийн шинжилгээнд хамрагдахдаа өсвөр насны олон тамирчин интерсекс онцлогтой гэдгээ мэдэж сэтгэл санааны гүн цочролд ордог байна. Тиймээс хүний эрх, спортын салбарын хууль эрх зүйн мэргэжилтнүүдийн бүлэг ялгаварлан гадуурхахыг хориглосон, генетикийн өгөгдлийг ашиглахыг зохицуулсан үндэсний болон бүс нутгийн хуулиар зарга мэдүүлж эхлээд байгаа юм.
Ийнхүү улс төрөөс ангид байхыг зорьдог байсан спорт нийгмийн томоохон асуудал болох хүйсийн тулааны тусгал болж хувирлаа.
СЭТГЭГДЭЛ Үлдээх