Улаанбаатар, 2026 оны 4 сарын 16.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 39, Хоёрдугаар сургуульд тус тус ажиллаж, ЕБС-ийн багш, ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа.
Багш нар ипотекийн зээлд хамрагдахад хүндрэлтэй, банканд хүсэлт гаргахад орлого хүрдэггүй, нэмэгдэл хөлсийг нэмэгдсэн цалингаас нь тооцож олгодоггүй гээд, цалин болон нэг сурагчдад оногдох хувьсах зардлын ойлгомжгүй байдлыг бий болгосон Засгийн газрын 53, 225 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгөхийг Ерөнхий сайдаас хүсэв.
Боловсролын салбарт “албан тушаалын цалин”, “үндсэн цалин” гэсэн цалингийн хоёр өөр ойлголт бий болсныг өөрчилж, цалингийн нэг сүлжээтэй болгох, нэмэгдэл хөлс, нөхөх төлбөр, урамшууллыг нэмэгдсэн цалингаас тооцож олгох зэрэг асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал Боловсролын сайд Л.Энх-Амгаланд үүрэг болголоо.
"Google-ийн сурган хүмүүжүүлэгчдийн дэлхийн сүлжээ"-нд монгол багш нар нэгдлээ
Нийслэлийн Ерөнхий боловсролын Хоёрдугаар сургууль дэлхийн боловсролын стандарттай нийцэх Google reference сургуулийн эхлэлээ тавьж, гурван сарын эрчимжүүлсэн сургалтын үр дүнд 106 багш Google-ийн дунд түвшний, 66 багш ахисан түвшний олон улсын гэрчилгээ авах болзол хангажээ.
Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар тус сургуулийн багш нарт Google Certified Educator Level 1, 2 болон Gemini Educator гэрчилгээг гардуулан өглөө. Эдгээр багш нар дэлхийн өнцөг булан бүрд байгаа шилдэг багш нартай туршлагаа хуваалцах, хамгийн сүүлийн үеийн заах арга зүйг цаг алдалгүй сургуульдаа нэвтрүүлж ажиллах юм.
Энэхүү хамтын ажиллагааны дараагийн томоохон алхам нь сурагчдад очих зөөврийн 570 компьютер юм. Компьютер, техник хангамж нийлүүлэгдсэнээр хүүхэд бүр хиймэл оюун ухааныг суралцахуйдаа зохистойгоор ашиглах боломж нээгдэж, дэлхийн түвшний хосолсон сургалтад шилжих ач холбогдолтой юм.
Ерөнхий сайд тус сургуулийн багш, сурагчидтай уулзах үеэрээ хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос, багш нарыг олон давхар тайлангаас чөлөөлж ажиллахаа илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх