Цахим мэдээ
Урлаг, Спорт

“All I Want for Christmas Is You” дууг аль улс хамгийн түрүүнд сонсдог вэ?

    Тус дууг яг хэзээнээс сонсож байгааг нэгэн дата сэтгүүлч судалжээ. Тэрбээр оройхон пабд сууж байтал энэ дуу гэнэт явж гэнэ. “Үгүй байлгүй дээ, гээд сар, өдрөө хартал 11 дүгээр сарын 10 болж байж. Үүний дараа тэр 2022 онд энэ дата сторийг шинэчлэн бичсэн байна. Зүгээр ч үгүй, тэр жил Мэрайя Кэри өөрийгөө “Зул сарын хатан хаан” хэмээх барааны тэмдэг болгон бүртгүүлэхийг завдаж, олон хүнийг ангайлгасан байдаг. Гэхдээ Америкийн патентийн газар татгалзсан.

Энэ сторийг бичихийн тулд дата багийнхан эхлээд дэлхий даяар хүмүүс 11 дүгээр сараас эхлэн Google trends, YouTube, Spotify-оор хэрхэн хайж, сонсдог талаар дата цуглуулсан.

Анх 1994 оны зун бичүүлсэн энэ дуу тэр жилдээ Billboard-ын шилдэг 100 чартанд ороогүй. Энэ нь сингл болгон гаргаагүй, мөн тухайн үеийн Billboard-ын шалгуур өөр байсантай холбоотой байв.

Гэвч жил бүрийн 12 дугаар сард радиогоор дахин дахин явсаар энэ дуу нэг мэдэхэд 2010 оноос Spotify болон YouTube-ийн эрин үед жинхэнэ “цагийг эзэлсэн" байна. 2017 оноос Billboard чартууд стримингийн тоо болон бусад үзүүлэлтийг тооцож эхэлснээр анх удаа чартад орж иржээ.

Улмаар 2019 оны арванхоёрдугаар сард дуу бичигдсэнээс хойш 25 жилийн дараа анх удаа Billboard Hot 100 дээр №1 байр эзэлсэн байна.

Үүнээс хойш 2020, 2021, 2022 онуудад дахин оргилд гарч, нэг дуу олон жил дараалан №1 байрт орсон.

Сонирхолтой үр дүнгүүд:

Даничууд хамгийн эрт буюу 11 дүгээр сарын 10-нд сонсож эхлээд он дуустал сонсдог бол америкчууд 11 дүгээр сарын 24-нөөс эхлэн он гаргаад нэгдүгээр сарын 5 хүртэл сонссоор байдаг. Араас нь шведүүд, норвегичүүд, канадууд, германчууд гэх мэт жагсана. Харин хятадууд энэ дууг зөвхөн 11 дүгээр сарын 26-нд л хайж сонсдог байх юм.

2022 онд Мэрайя Кэри “Зул сарын хатан хаан”-аар өөрийгөө мөнхөд өргөмжлөх шахсан жил англичууд нэлээд эрт хатагтай Кэрийн “мөсийг хайлуулж” эхэлсэн нь 11 дүгээр сарын 14-нөөс эхлээд он дуустал үргэлжилжээ. Дараа нь даничууд, германчууд, ирландчууд гэх мэт орнууд орсон байна. Америк, Канадын хэрэглэгчид харин энэ дууг дараа оных нь нэгдүгээр сарын 9 хүртэл хайж, сонссоор байдаг нь Google-д “мөр” нь үлджээ.

Сонирхолтой нь, бүс нутгаар нь харвал 2008 оноос хойш Мэрайя Кэрийг хамгийн их сонсдог улсаар филиппинчууд тодорчээ. Тэд хоёрдугаар байранд орсон арменчуудыг бараг хоёр дахин давсан байна. Христийн шашинтай ард түмэн гэдгээс үүдэлтэй юу, ямартай ч тэд энэ амжилтыг эзэмшиж байна. 

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх