Хойд Солонгост улирлын чанартай ханиад томууны дэгдэлт эрс нэмэгджээ. Гэвч эмнэлэгт хэвтэх нь ихэнх өрхийн цалин орлогоос давсан үнэтэй, эмийн сангуудад шаардлагатай эм ховорхон байдаг учир иргэд өвчнөө тэсвэрлэхийг илүүд үздэг гэдгийг "Daily NK" хэвлэлд онцолсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хэсан хотод нэг шил пенциллин 160 мянга орчим хойд солонгос воны үнэтэй байна. Энэ нь монгол мөнгөөр 600 мянга орчим төгрөг болно. Харин зургаан ширхэгтэй парацетамол 130 мянган хойд солонгос вон буюу 490 мянга орчим төгрөг, 10 ширхэгтэй аспирин 22 мянган хойд солонгос вон буюу 80 гаруй мянган төгрөг байна.
Аспирины үнэ нэг кг будаатай ойролцоо болчихоор гэр бүлүүдэд хүндрэл үүсдэг аж. Тиймээс ард иргэд эмэнд мөнгө зарцуулахын оронд өвдөлтийг тэвчих сонголт хийдэг. Энэ хэв маяг сүүлийн үед улам л тогтворжих хандлагатай болж байгааг эх сурвалж хэлжээ. Иргэд арга ядахдаа давстай усаар амаа зайлах зэрэг ардын эмчилгээнд найддаг.
Импортын эмүүд дээр Хятад, Герман, НҮБ гэх мэт шошго байх нь бий. Гэсэн ч эдгээр нь ихэвчлэн албан бус бөгөөд үр дүн муутай гэлцдэг. Тийм учраас иргэд дотооддоо үйлдвэрлэсэн эм хайдаг. Харамсалтай нь дотоодын эм улам ховордож, үнэ нь тэнгэрт хадсан. Зах зээлд олдож буй багахан хувийг голчлон мөнгөтэй хүмүүс л авч хэрэглэдэг.
Угтаа бол Хойд Солонгосын эрх баригчид эрүүл мэндийн хувьсгалыг сурталчлаад багагүй хугацаа өнгөрч байна. Үүнд эмнэлгийн дэд бүтцийг өргөжүүлэх, эмийн бие даасан байдлыг бий болгох, түгээлтийн системийг сайжруулах, эмнэлгийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах амлалтууд багтжээ. Гэсэн ч бодит байдал дээр эмчилгээний хүртээмж нь хувь хүний эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай хэвээр байна.
ЭХ СУРВАЛЖ: DAILY NK
СЭТГЭГДЭЛ Үлдээх