Сайд, дарга хэн болох вэ гэдэг дээр бид хэтэрхий их цаг, эрч хүч зарцуулж байна. Хэн аль суудалд очих вэ, аль фракц дийлэх вэ, хэний хүн хаана шургах вэ гэдэг маргаан улс төрийн гол сэдэв болж, бодлогын асуудлууд арын эгнээнд шахагдсаар.
Гэтэл бодит амьдрал дээр улс орны өмнө тулгамдсан асуудлууд хуримтлагдсаар байна. Утаа, түгжрэл, ундны ус, эрчим хүчний хомсдол, үнийн өсөлт, ажилгүйдэл гээд улс оронд асуудал мундахгүй байна. Харамсалтай нь, эдгээрийг шийдэх ёстой хүмүүс нь томилгооны улс төрдөө түүртэж, шийдвэр гаргах цаг хугацаагаа алдаж байна. Төрийн ажил бол албан тушаал хуваарилах биш, асуудал шийдэх явдал.
Гэтэл бид эсрэгээр нь, асуудлыг хойш тавьж, албан тушаалыг урдаа барьж байна. Сайд даргын суудал бол зорилго биш, харин хэрэгсэл байх ёстой атал өнөөдөр өөрөө зорилго болон хувирчээ. Энэ байдлын хамгийн том хохирогч нь иргэд. Учир нь улс төрийн маргаан сунжрах тусам шийдэл хүлээсэн асуудлууд гацаж, амьдрал улам хүндэрдэг. Гэвч бид өнөөдөр ч “хэн сайд болох вэ?” гэдэг асуултад хариу хайсаар, “яаж асуудлаа шийдэх вэ?” гэдгээ орхигдуулсаар байна. Улс төрийн соёлын хувьд ч энэ нь ухралт. Хөгжсөн орнуудад албан тушаалын төлөөх өрсөлдөөн бодлогын маргаан дагуулдаг бол манайд хувь хүний, фракцын тохироо давамгайлж байна. Үүний цаана улс орны эрх ашиг биш, хэсэг бүлгийн ашиг сонирхол илүү жин дарж буй нь нууц биш. Иймд бид анхаарлаа өөрчлөх цаг болсон. Сайд хэн байх нь биш, ямар бодлого хэрэгжих вэ гэдэг нь чухал. Дарга хэн болох нь биш, ямар үр дүн гаргах вэ гэдэг нь үнэтэй. Хэрвээ бид цагаа зөв зүйлд зарцуулж чадахгүй бол хөгжлийн боломжоо өөрсдөө алдсаар байх болно. Улс орны өмнө тулгамдсан асуудлууд хүлээхгүй. Харин шийдвэр гаргагчид л хүлээсээр байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх