Цахим мэдээ
Хаана

ОХУ-ын цэргийн тээврийн онгоц Крымд осолдож, 29 хүн амиа алджээ

ОХУ-ын Ан-26 загварын цэргийн тээврийн онгоц Крымд хад мөргөж осолдсоны улмаас онгоцонд байсан 29 хүн бүгд амиа алджээ. Энэ талаар Оросын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

TASS агентлагийн мэдээлснээр, уг онгоц Крым дээгүүр төлөвлөгөөт нислэг үйлдэж байх үедээ буюу мягмар гараг(2026.03.31)-ийн орон нутгийн цагаар оройн 18:00 цагийн орчимд холбоо тасарсан байна.

Хар тэнгисийн эрэг дагуу сунаж тогтсон уулархаг бүс нутгийг хамардаг Крымийг Орос улс 2014 онд нэгтгэсэн билээ.

“TASS агентлаг Батлан хамгаалах яамнаас иш татан мэдээлэхдээ, эрэн хайх баг ослын газрыг илрүүлсэн. Ослын газраас ирүүлсэн мэдээллээр зургаан нисэх багийн гишүүн, 23 зорчигч бүгд амиа алдсан” гэжээ.

Яамнаас онгоцонд яг хэдэн хүн байсан талаар тодорхой мэдээлээгүй боловч амьд үлдсэн хүн байгаа тухай огт дурдаагүй байна. Ан-26 нь 1960-аад оны сүүлээс ашиглагдаж ирсэн хөнгөн тактикийн тээврийн онгоц бөгөөд ачаа болон 40 хүртэлх зорчигч тээвэрлэх чадвартай.

“Онгоц гадны нөлөөнд өртөөгүй” гэж яам мэдээлсэн нь пуужин, дрон, шувуу зэрэг зүйлс осолд нөлөөлөөгүй гэсэн утгатай аж. “Ослын урьдчилсан шалтгаан нь техникийн гэмтэл гэж үзэж байна. Цэргийн комисс газар дээр нь ажиллаж байна” гэдгийг онцолжээ.

Ан-26 онгоц сүүлийн арван жилд хэд хэдэн ноцтой осолд орж байсан. 2022 онд Украинд техникийн нислэгийн үеэр нэг онгоц осолдож нэг хүн нас барсан бол 2020 онд сургалтын нислэгийн үеэр өөр нэг онгоц осолдож, 27 хүнээс нэг нь л амьд үлдсэн. Мөн 2020 онд Өмнөд Суданд осолдож найман хүн, 2017 онд Зааны Ясан Эрэгт газардаж байхдаа осолдож дөрвөн хүн амь үрэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин