Олон нийтийн сүлжээнд тархаад буй нэгэн дотоод чат нийслэлийн удирдлагын шийдвэр гаргалт, улс төрийн арга барилд ноцтой асуулт тавихад хүргэж байна. Уг чатад дурдсанаар Х.Нямбаатар тэргүүтэй хотын удирдлагын хүрээнд Туул гол дагуу барихаар төлөвлөж буй хурдны замыг эсэргүүцэж буй иргэдийн “өмнөөс” зохион байгуулалттай жагсаал хийх тухай чиглэл өгөгдсөн гэх мэдээлэл ил болжээ.
Хэрэв энэ мэдээлэл бодит бол асуудал ганцхан нэг жагсаалын тухай биш юм. Энэ бол төр, иргэн хоёрын хоорондын харилцааны үндсэн зарчим алдагдаж буй ноцтой дохио юм. Ардчилсан нийгэмд иргэд төрийн бодлогыг шүүмжлэх, эсэргүүцэх бүрэн эрхтэй.
Харин төр өөрөө иргэдийнхээ эсрэг, бүр тэдний нэрийг барин зохион байгуулалттайгаар “эсэргүүцэл” бий болгох нь ёс зүйн хувьд ч, улс төрийн хувьд ч хүлээн зөвшөөрөхөд бэрх. Задраад буй чатад оролцогчдыг дүүрэг бүрээс тоогоор хуваарилан дайчлах, уриа лоозонг хүртэл урьдчилан бэлтгэх, бүртгэлжүүлэх тухай нарийн заавар өгсөн нь энэхүү үйл ажиллагаа сайн дурын иргэдийн санаачилга бус, зохион байгуулалттай улс төрийн ажиллагаа байх магадлалыг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, “иргэдийн дуу хоолой” биш, “хиймэл олон нийтийн дүр зураг” бүтээх оролдлого харагдаж байна.
Туул гол дагуу баригдах хурдны замын асуудал бол зөвхөн дэд бүтцийн шийдэл биш. Энэ бол байгаль орчин, хот төлөвлөлт, иргэдийн амьдрах орчинтой шууд холбоотой, олон талт нөлөө бүхий бодлого. Ийм асуудал дээр иргэдийн байр суурийг сонсох, нээлттэй хэлэлцэхийн оронд тэдний эсрэг “эсрэг жагсаал” зохион байгуулах нь асуудлыг шийдэх биш, харин улам хурцатгах алхам эрхэм даргын эрх мэдэл өдрөөс өдөрт хэрээс хэтэрч буй том илрэл юм. Хотын даргаа бидэнд нэг асуулт байна төр иргэдийнхээ дуу хоолойг сонсох ёстой юу, эсвэл тэдний өмнөөс өөрсдөө “дүр эсгэх” ёстой юу?
СЭТГЭГДЭЛ Үлдээх