Кино театрууд зөвхөн өөрсдөө ашгаа хүртэхийн тулд уран бүтээлийн үнэ цэнийг алдагдуулж, дуу, дүрсний хувьд чанаргүй гаргадаг гэдэг зүйл уран бүтээлчид ярьдаг энэ үнэн үү?
Бүх юмыг зах зээлийн хууль зохицуулна гэдэг ойлголт газар авсан. Гэтэл маш жаахан зах зээлтэй манай оронд энэ нь тохирохгүй гэдгийг сүүлийн 35 жил харууллаа. Жижиг бизнес зах зээлийн хуулиар явж байгааг үгүйсгэхгүй ээ. Кино бол маш их мөнгөөр, олон хүний хүч хөдөлмөр, цаг завыг барж бүтдэг урлаг. Тийм ч учраас та бидний мэддэг гадны сайн сайн кинонууд ихэнх нь дор хаяж 30-40 сая доллар, түүнээс ч их мөнгөөр бүтсэн байдаг. Гэтэл монголд ийм их мөнгөөр кино хийх нөхцөл байхгүй болсон. Урьд нь буюу социализмын үед тухайн үеийн дэлхийн шижигт дүйцэхүйц мөнгөөр киног хийдэг байсан.
Нэгэнт зах зээл бага гэдгээ хүлээн зөвшөөрсөн бол киног өөрийн орны онцлогт тааруулж хөгжүүлэх ёстой. Үүний өмнө “Монголд кино урлагийг хөгжүүлэх шаардлагатай юу?” гэдэг асуулт гарч ирнэ.
Ерэн жилийн түүхтэй, ард түмэн нь үндэсний кино урлагаа үздэг, цөөн тоотой үндэстнийхээ үндэсний онцлогийг хадгалж үлдэхийн тулд хүссэн ч, эс хүссэн ч монголын төр кино урлагаа бодлогоор дэмжих ёстой. Гэтэл уран бүтээлчдийн оршин тогтнох гол эх үүсвэр болсон үзвэрийн систем нуран унасан асуудлыг ярьж байх шиг байна.
Кино театр киног бэлэн мөнгөөр билет борлуулах, дуу дүрсийг яг байгаа түвшингээс нь унагахгүйгээр үзэгчдэд хүргэх, мөн заал танхимын тохь тух, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах ёстой.
Гэтэл уран бүтээлчид киног бүтээх шаардлагатай мөнгө санхүүг олох, эрсдлийг бүрэн хариуцаж киног эхнээс нь дуустал нь бүтээх, сурталчилах маркетингийн(наад зах нь кино театрын гадна болон дотор хадах бүх самбарыг эх дизайн болон хэвлэхтэй нь) бүх зардалыг хариуцдаг. Кино театр өөрийнхөө сайт, пэйжийг л хариуцдаг. Тийм байж орлогийн 50 хувийг шууд авдаг. Заа яахав түүнийг нь хүлээн зөвшөөрлөө гэхэд орлогоо тохирсон хугацаанд нь хувиарлаж болно оо доо.
Тэнгис кино театр ажиглалтанд орохоос өмнө буюу Ялалт гэдэг нэртэй байхад дуу дүрс маш муу, бүр дэндүү муу байсан. Харин 2005 онд Тэнгис нэртэй болоод эрс сайжирсан. Гэтэл сүүлийн үед олон жижиг кино театрууд гарч ирсэн ч зарим нь дүрс, дуу муу байна гэх болсон. Зүй нь тэд лампыг нь сольдог ч юм уу, эсвэл шинийг худалдан авах гэх мэт үйлчилгээ үзүүлэх ёстой. Тэр зардалыг гаргахаасаа харамлаж үзэгчдийг хохироож байгаа нь нүдэн дээр ил шүү дээ.
Кино театруудын орлого шилжүүлэх удаашрал уран бүтээлчдийн дараагийн уран бүтээлийн үйл явцад хэрхэн нөлөөлж байна вэ?
Мэдээж нөлөөлнө. Уран бүтээлч хүн тэр орлогоор л амьдарна. Мөн тэр орлого нь шууд болон шууд бусаар дараагийн уран бүтээлд нөлөөлнө. Урьд нь кино хийх мөнгө харьцангуй олддог байсан бол одоо бизнесмэнүүд “Хамаг орлогыг чинь кино театр авчихдаг гээ биз дээ?” гэж ам тагладаг болсон байна лээ. Мэдээж хөрөнгө оруулах гэж байгаа хүн орлого бүрдүүлэх нөхцөлөө тооцно шүү дээ.
21-р зуун гарчихаад байхад орлогоо шууд хянах боломж байхгүй. Байхгүй ч гэж байлгадаггүй гэвэл зохих байх.
Кино театраас гадна IPTV-нүүд ч шилэн биш. Тэдэнтэй эвтэйхэн харьцаж байгаад хэдэн төгрөгөө олж авах гэж яддаг. Маркетингийн албаны дарга гэж их л том хүн байдаг бололтой.
Кино театруудтай байгуулдаг гэрээний нөхцөл шударга, ил тод байхад яг ямар өөрчлөлтүүд хэрэгтэй гэж үздэг вэ?
Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэж үг байдаг шүү дээ. Кино театрын маркетингийн албанд кино урлагтай ямар ч хамаагүй, зэх зээл ярьсан залуус л байдаг юм билээ. Киноны жаргал зовлонг мэдэхгүй хүн Холливуудын маркетинг яриад л томроод байдаг. Тэгээд мэргэжлийн бус тул хэзээ нэг цагт өөрт ашигтай ажил гарвал шууд л хаяад явах учраас монголын кино урлагийн хөгжил тэдэнд ямар ч хамаагүй гэсэн сэтгэлээр ажилдаа ханддаг нь ажиглагддаг.
Би түрүүн монголын онцлогтой хөгжлийн гарцыг олох хэрэгтэй гэдэг санааг хэлсэн шүү дээ. Яг л энэ шүү дээ.
Монголд кино урлагийг хөгжүүлэхийн тулд төрийн зүгээс бодлого боловсруулаад түүнийгээ биелүүлэхээр мэргэжлийн байгууллагууд нь ажиллах ёстой. Яг одоогийн байдлаар кинотой холбоотой кино урлагийн зөвлөл, киноны сургуулиуд, кино архив, телевизийн кино албадуудад дандаа мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байгаа шүү дээ. Энэ нь ямар ч бодлогогүй байгаагийн илрэл. Гадаад киног гаргах квот тогтоох шаардлагатай. Тэгэхгүй бол бид гадны соёлын довтолгооонд эзлэгдэж гүйцлээ. Хятад улс гэхэд нэг жилд 25 киног л хятадын кино театруудад гаргах квот тогтоосон байдаг. Том зах зээлтэй ч хамгаалдагийн жишээ энэ шүү дээ. Кино найруулагч нар ч мэргэжлийн биш хүмүүс болоод байгааг би байнга хэлдэг.
Гэх мэтчилэнгээр ярьвал маш их зүйл бий дээ...
СЭТГЭГДЭЛ Үлдээх