Найруулагч, жүжигчин Б.Баттүшигтэй кино театруудын нөхцөл байдал, орлогын хуваарилалтын асуудлын талаар ярилцлаа.
– Таны цахим хуудаснаа бичсэн пост олон нийтийн анхаарал татаж байна. Уг байр суурийнхаа талаар дэлгэрэнгүй тодруулга өгнө үү?
Б.Баттүшиг: Миний постон дээр бүх зүйл тодорхой бичигдсэн. Удаан хугацаанд үргэлжилж ирсэн асуудлын талаар бухимдлаа илэрхийлсэн хэрэг. Үүнд олон хүн анхаарлаа хандуулж буй нь мэдрэгдэж байна. Энэ бол зөвхөн өнөөдөр яригдаж эхэлсэн зүйл биш, өмнө нь ч уран бүтээлчид үзэл бодлоо илэрхийлж, уулзаж ярилцаж, хэвлэлийн бага хурал хүртэл хийж байсан. Хэдхэн жилийн өмнө “Зура II кино”-ны нээлтийн үеэр “Фантастик” продакшн кино театруудтай зөрчилдөж, үүний үр дүнд театрын авах хувь буурч, уран бүтээлчдэд таатай нөхцөл бүрдэж байсан. Мөн мөнгөн бус буюу бартер хэлбэрийн зохицуулалт ч хийгдсэн. Гэхдээ энэ асуудал үе үе сөхөгдсөөр л байдаг.
– Таны постын дараа кино театрууд тантай холбогдсон уу?
Б.Баттүшиг: Үгүй ээ, одоогоор холбогдоогүй байна.
– Та “нээлтийн 3 хоногийн үзэлт хэмжүүр болдог” гэж хэлсэн. Үзэгчид үүнийг сайн ойлгохгүй байх шиг. Энэ ямар зарчимтай вэ?
Б.Баттүшиг: Би өөрөө кино театруудтай шууд гэрээ хийдэггүй. Үүнийг продюсер, компаниуд хариуцдаг. Гэхдээ миний ойлгосноор нээлтийн эхний 3 хоногийн үзэлт маш чухал. Танхимын нийт дүүргэлтийн 20 хувиас доош үзэлттэй байвал тухайн киног “үзэлт муу” гэж тооцон театраас буулгах тохиолдол гардаг.
– Кино театрууд нийт орлогын 50 хувийг авдаг атлаа театрт байрлах дэлгэц, баннер зэрэг сурталчилгааны төлбөрийг мөн уран бүтээлчид өөрсдөө төлдөг гэдэг үнэн үү?
Б.Баттүшиг: Тийм, үнэн. Театр танхимаар л хангаж өгч байгаа. Харин уран бүтээлчид сурталчилгаа болон бусад бүхий л үйлчилгээндээ төлбөр төлнө. Дээр нь тасалбарын үнийн 50 хувийг театр авдаг.
– Монголын кино театруудын техник, орчин нөхцөл олон улсын стандартад хэр ойр вэ? Сүүлийн жилүүдэд шинэчлэлт хийгдсэн үү?
Б.Баттүшиг: Миний харахад шинэчлэлт бараг байхгүй. Гэхдээ энэ бол хувь хүний үнэлэмжээр хэмжих асуудал биш. Проекторын гаралт, дууны чанар зэргийг мэргэжлийн байгууллагаар шалгуулах цаг болсон. Уран бүтээлчид чанартай дүрс, дуу, өнгө гаргахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулж, гадаадын стандарт хүрсэн уран бүтээл хийх гэж хичээж байна. Гэтэл Монголын кино театрт гарахдаа өнгө дарагдах, дуу чанар муудах зэрэг асуудал гарч, гол хохирогч нь үзэгчид болдог. Ингээд л “Монголчууд чанаргүй кино хийдэг” гэх буруу ойлголт үүсдэг.
– Орлогын хуваарилалт, олголт ямар журмаар хийгддэг вэ?
Б.Баттүшиг: Гэрээнд кино дууссанаас хойш тодорхой хугацаанд буюу долоо хоног эсвэл арван дөрвөн хоногийн дотор тооцоогоо хийхээр заасан байдаг. Манай кино 9-р сарын 5-наас 10-р сарын 5 хүртэл гарсан. Гэрээ 10-р сарын 5-наар дууссан, сунгаагүй. Гэтэл одоо 12 сар болчихсон байхад тооцоо хийгдээгүй байна. Үзэгчид мөнгөө төлөөд үзсэн учраас орлого театрын дансанд орсон нь тодорхой. Тэгэхээр яагаад тооцоо нийлүүлэхгүй өнөөдрийг хүрсэн нь ойлгомжгүй.
– Танай зүгээс гэрээ зөрчсөн, эсвэл тооцоо удаашрахад нөлөөлөх зүйл гарсан уу?
Б.Баттүшиг: Ямар ч зөрчил гараагүй. Асуудал байхгүй. Харахад энэ орлого өөр зүйлд зарцуулагдаад, мөнгө угаагдаж байна уу ч гэмээр байдал харагдаж байгаа юм. Энэ бол хэнд ч ойлгомжтой зүйл.
Найруулагч, жүжигчин Б.Баттүшиг Монголын кино театруудын үйл ажиллагаа, орлогын хуваарилалтын ил тод байдал, техник тоног төхөөрөмжийн чанартай холбоотой удаан хугацаанд үргэлжилсэн асуудлыг дахин хөндөв. Түүний хэлж буйгаар кино театрууд нээлтийн эхний 3 хоногийн үзэлтээр киног үргэлжлүүлэх эсэхээ шийддэг бөгөөд үзэлт 20 хувиас доош бол шууд хасах тохиолдол түгээмэл. Мөн киноны орлогын 50 хувийг авч байгаа хэр нь уран бүтээлчид сурталчилгаа, бусад үйлчилгээний төлбөрийг дахин өөрсдөө гаргадаг нь шударга бус байдлыг бий болгожээ. Театрын техник шаардлага хангахгүй, уран бүтээлчдийн өндөр хөрөнгө оруулалттай хийсэн дүрс, дууны чанар танхимд үзүүлэх үед алдагддаг асуудал ч байнга давтагддаг гэж Б.Баттүшиг онцлов. Түүний хувьд гэрээгээ зөрчөөгүй атал кино дууссанаас хоёр сар гарсан байхад орлогын тооцоо хийгдээгүй нь хамгийн том эргэлзээ төрүүлж буй бөгөөд “орлого өөр зүйлд зарцуулагдаад байна гэсэн ойлголт төрж байна” гэж хэллээ. Товчхондоо, уран бүтээлч кино театрын хоорондын олон жил сунжирсан ил тод бус, нэг талыг барьсан тогтолцоог засах шаардлага дахин сөхөгдөж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх