Редакцийн товч тайлбар
Монголын загварын салбарт шинэ өнгө төрх, цэвэр уран мэдрэмж авч ирж буй залуу дизайнер Бат-Очирын Ундармаагийн “Гоёл 2026” наадмын гран при хүртсэн түүхийг бид энэхүү хөрөг сурвалжлагад хүргэж байна. Урлахуй брэндийн багт дөрөвхөн жил ажиллах хугацаандаа өөрийн овсгоо, хөдөлмөрөөр тодорч, залуу авьяастнуудын жишиг болсон түүний аялал бол урам зориг, эрмэлзэл, бүтээлч хүсэл мөрөөдлийн илэрхийлэл юм. Түүний тайзан дээр амилуулсан коллекц болон ирээдүйн зорилго нь Монголын загварын ертөнцөд шинэ хуудас нээх боломжтой гэдэгт бид итгэж байна.
Урлахуй брэндийн дизайнер Бат-Очирын Ундармаагийн гоёлын тайзнаа амилсан түүх
Монгол–Солонгосын политехникийн коллежийг 2021 онд төгсөөд ердөө дөрөвхөн жилийн дотор Монголын загварын хамгийн нэр хүндтэй тайзны нэг “Гоёл 2026”-д ГРАНПРИ хүртэнэ гэж Бат-Очирын Ундармаа өөрөө ч төсөөлж байсангүй. Түүний энэ амжилт бол санамсаргүй тохиолдол бус, өдөр бүрийн хичээл зүтгэл, өөрийгөө сорих зориг, зүрхнээс нь ургасан бүтээлч хүсэл мөрөөдлийн үр дүн байлаа.
Эргэлзээнээс эхэлсэн зам...
“Гоёл”-д оролцох санал анх ирэхэд Ундармаа эргэлзжээ. Өөрийнх нь хувьд “ийм том тайз” бол холын мөрөөдөл мэт санагдсан учраас.
“Мөнхцэцэг захирал саналыг тавихад би үнэхээр гайхсан. Бүр айдастай ч байсан. Тэр тайз миний хувьд төсөөлөмгүй том санагдсан. Гэхдээ яг тэр мөчид өөрийгөө сорьё, нэг удаа зориг гаргаад үзье гэж шийдсэн.”
Тэрээр хэдэн сарын турш бүтээл дээрээ төвлөрч, өдөр шөнөгүй хичээн, сэтгэл догдолсон, урам авсан, шантаж буцаж өөрийгөө шахаж дайчилсан мөч бүхнийг давсаар өөрийн коллекцийг бүрдүүлжээ. Харин тэр бүхний цаад талд түүний дуртай урлаг Солонгосын k-pop оршиж байв. Дуртай хамтлагийнхаа нэр, мэдрэмж, хөдөлгөөн, эрч хүчнээс нь сэдэвлэн нийт 15 өнгө төрх бүхий коллекцоо бүтээсэн нь үзэгчдийн анхаарлыг татав.
Бүтээл амилуулдаг хүмүүс - ТЭД БОЛ ДИЗАЙНЕРУУД...
Б.Ундармаагийн хувьд түүний бүтээлийн гол утга нь зөвхөн хувцас биш, түүнийг амилуулж өгдөг хүмүүстэй нь салшгүй холбоотой.
“Миний бүтээл моделиудгүйгээр бүрэн болдоггүй. Тэдний алхалт, мэдрэмж, итгэлцэл миний дизайныг амилуулдаг. Моделиуддаа, мөн ажлын хамт олон, гэр бүлдээ үнэхээр их баярлалаа.”
Түүний төгсгөлгүй хөдөлмөрийн үр дүнд тайзны гэрэл доор нэгэн залуу дизайнерын мөрөөдөл тодхон асч, шүүгчдийн үнэлгээ, үзэгчдийн алга ташилтаар амжилтынх нь гэрч болсон юм. Тэр мөчийг Б. Ундармаа өөрөө “үгээр илэрхийлшгүй” гэж тодорхойлжээ.
Б. Ундармаагийн гэрэлтсэн замыг анх харсан хүн
“Урлахуй” брэндийн үүсгэн байгуулагч Ө.Мөнхцэцэг анх Б.Ундармааг ажилд орох үед нь л түүний дотоод гэрлийг харжээ.
“Тэр орж ирэхэд л их гэгээлэг, даруухан мөртлөө гэрэлтсэн охин байна гэж бодсон. Гоёлд оролцох санал тавихад дүү маань сандарсан ч хүндэтгэлтэй хүлээж авсан. Тэр дотоод гоо сайхан, уран мэдрэмжээ бусдад харуулах бүрэн боломжтой болохыг би харж байсан. Өдөр бүр хичээж, өдөр бүр суралцдаг охин. Түүний тэр нандин мэдрэмжийг бусадтай хуваалцаасай гэж хүссэн.”
Тэр үнэнч, хөдөлмөрч зан нь өнөөдрийн амжилтын үндэс болжээ.
ИРЭЭДҮЙН ЗҮГ...
Гранпри авсан энэ мөч бол Б.Ундармаагийн хувьд төгсгөл биш, харин дараагийн замын эхлэл. Тэр одоо Солонгос улсад загвар дизайны чиглэлээр цаашид суралцахаар бэлтгэж байна.
“Би дэлхийн тайз, тайз дэлгэцийн урлагийн хүмүүсийг өөрийн бүтээлээрээ гоёсон дизайнер болохыг хүсдэг. Энэ бол миний дараагийн зорилт.”
Гэрэлтэн алхсан залуу дизайнерын мөрөөдөл “Гоёл”-ын тайзнаа анх удаа тод ассан шиг, цаашдаа улам хүчтэй, улам тод гэрэлтэх нь гарцаагүй.
СЭТГЭГДЭЛ Үлдээх