Залуу хос Б.Мөнхдаваа, Э.Хоролням
Цахим ньюс сайт энэ удаад залуу хөдөлмөрч хос Б.Мөнхдаваа, Э.Хоролням нарыг зорилоо. Тэдний түүх энгийн атлаа үнэ цэнтэй хөдөлмөр, бахархал, гэр бүл, өв соёлын үргэлжлэл болж буй юм. Тэд сургуулийн танилууд. Аймагтаа ажиллаж эхэлж, зураглаач, мужаан хийж явсаар өнгөрсөн жил хуримаа хийж, тусдаа гарч, үрийн зулай үнэрлэсэн залуу хос. “Анх эхнэрээ харахад хөөрхөн, тууштай, хөдөлмөрч охин байсан. Сургуульд сурдаг байхдаа л бүхнийг хийж, шаргуу явдаг зан нь л таалагдсан” хэмээн Б.Мөнхдаваа дурсана.
Э.Хоролням инээмсэглэн “Манай хүн сураар юм хийдэг. Түүнийг харахаараа бахархал төрдөг. Сураар хийж болох бүхнийг харах гоё” гэв. Б.Мөнхдаваагийн гарын ур өвөг дээдсээс нь дамжсан. Аав нь уяач, түүнийхээ дэргэдээс хазаар, ногт, морины бүхий л хэрэгсэл, дурангийн гэр, бүс тэлээ зэргийг сураар урлахыг сурчээ. “Хүмүүсийн захиалгад нийцүүлж, гарын мэдрэмжээрээ хийдэг. Захиалга болгон өөр өөрийн түүхтэй” хэмээн тэр ярина. Тэд айлаас дөрвүүлээ. Өссөн орчин нь адил малчин, хөдөөний амьдрал. Ахуйн ажил, амьдралын хэмнэл ижил тул мал маллах, ахуй соёлоо өвлөж, өдөр тутмын амьдралдаа шингээж явна.

“Миний хамгийн гоё гоёл бол миний хүүхэд юм байна” гэж Э.Хоролням мэдрэмжээ хуваалцсэн тэр өдрөөс “Намайг хараад урам авдаг хүмүүс олон байгаасай гэх бодол төрж, Өөрөөч, нөхрөө ч бусдад үлгэрлэнэ гэж итгэн контент бүтээж эхэлжээ. Охин нь төрснөөс хойш Хоролням “Би ээж” хуудас нээж, сумандаа мэндчилгээ хүргэх санаачилга эхлүүлжээ. “Анхны захиалга ирэхэд хадам аав нь ‘ядарчихна даа’ гэж санаа зовсон ч айлынх нь хаягийг хэлж өгөөд их дэмжсэн. Мэндчилгээ хүргээд ирэхэд аав бичлэгийг нь үзье гээд хүлээж авдаг байсан нь их хөөрхөн.”

Тэд хүмүүсийг баярлуулахын сайхныг ярив. Хамтран ажилладаг цэцгийн дэлгүүртэй. Боломжтой үедээ өөрсдөө очиж цэцэг бооно, боломжгүй үедээ мөнгөөр ч болтугай боолгоод хүргэнэ. Мэндчилгээний үгийг Хоролням бэлдэж, боолтыг Мөнхдаваа хийж, бүхнийг өөрсдөө нягтална. “Захиалга өгдөг хүмүүс хэлж чадаагүй үгээ биднээр дамжуулж өгдөг. Гоё контент болсон гэж олон ч хүн хэлдэг” хэмээн Хоролням инээв. Олонд хүрч ‘од’ болсон мэдрэмжийг хамгийн түрүүнд сургуулийн хүүхдүүдээс авдаг гэнэ. “Харахаараа ‘мэндчилгээ хүргэдэг эгч’ гэж дуудна.” Сөрөг сэтгэгдэл бараг ирж байгаагүй. Нэг удаа л насанд хүрсэн нэгэн хүн шүүмжилж бичсэн ч муугаасаа сайныг нь бодож, урам өгсөн үгс нь илүү олон байжээ. “Залуучуудад гоё үлгэр дуурайлал болж байна” гэх сэтгэлийн үгс тэднийг улам зоригжуулдаг.
Тэдний хүсэл их энгийн байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, байгаа орчноо сайхан болгоод, амьдралаа улам тордон явах. Хөдөлмөрөөр холбогдсон энэ амьдралд тэд бахархалтай алхсаар байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх