Цахим мэдээ
Хэн

Засгийн газрын хариуцлагын асуудал: Сангийн сайд Б.Жавхланг солих тухай яриа эрчимжив

      Шинэ он гарахаас өмнө Засгийн газрын зарим сайд нарыг сэлгэн томилж магадгүй тухай улс төрийн хүрээний хэлэлцүүлэг идэвхжиж эхэллээ. Ерөнхий сайд Г.Занданшатар хариуцлага алдсан сайд нарт арга хэмжээ авч байж нийгмийн бухимдлыг бууруулах, Засгийн газрын “насжуулалтыг” хангах нь зүйтэй гэж үзэж байгаа тухай эх сурвалжийн мэдээлэл байна.

ГЕГ, ТЕГ-т гэнэтийн шалгалт Сангийн сайд руу чиглэсэн дохио юу?

    Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын чиглэлээр АТГ, Цагдаагийн байгууллага, Татварын ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газарт гэнэтийн шалгалт оруулжээ. Үүний үр дүнд их хэмжээний авлига, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг илэрч, Замын-Үүдийн гаалийн 10, ТЕГ-ын хэд хэдэн байцаагчийг саатуулан шалгаж байгаа юм. Мөн Ерөнхий сайд Гаалийн ерөнхий газарт эрс шинэчлэл хийх талаар албан даалгавар хүргүүлсэн нь нөхцөл байдал эмх замбараагүй түвшинд хүрснийг харуулж байна. Эдгээр байгууллага нь Сангийн яамны бүрэлдэхүүнд хамаардаг тул хийсэн шалгалтын дүн нь Сангийн сайд Б.Жавхлангийн хяналт, хариуцлагын асуудлыг сөхөх нөхцөл болсон гэж улс төрийн хүрээнд үнэлж байгаа аж.

“Төсвийн орлого тасарсан”  Сангийн сайдын мэдэгдэл улс төрийн гал дээр тос нэмэв

    Төсвийн орлого тасалдсан талаар Д.Үүрийнтуяа гишүүн анх шүгэл үлээсний дараа Сангийн сайд Б.Жавхлан өөрөө ч төсвийн хүндрэл бий болсныг хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр:

“Нүүрсний үнэ буурсантай холбогдуулан төсвийн орлого харьцангуй буурсан. Аж ахуйн нэгжүүд мөнгөн урсгалын хүндрэлд орж, өртөг хөлсөө төлж чадахгүй байна. Энэ өр төлбөрүүд 2026 он руу шилжинэ” хэмээн мэдэгдсэн. Энэ нь төсвийн тодотгол зайлшгүй хийх нөхцөл бүрдсэнийг харуулж буй бөгөөд улс төрийн хүрээнд “Сангийн сайдад хариуцлага тооцохын өмнөх алхам” гэж үзэх хандлага нэмэгдэж байна.

АН-ын бүлэг: Татварын өршөөлийн асуудлаар улс төр хийж эхлэв

      Ардчилсан намын бүлэг аж ахуйн нэгжүүдийг татварын өршөөлд хамруулах хуулийн төсөл боловсруулж байгаа тухайгаа олон нийтэд мэдээлсэн. Үүний эсрэг Сангийн яам байр сууриа илэрхийлсэн нь хоёр талын улс төрийн зөрчлийг гүнзгийрүүллээ. Улс төрийн хүрээнд АН-ын бүлэг энэ асуудлыг ашиглан Сангийн сайд Б.Жавхлангийн эсрэг улс төрийн довтолгоо хийхээр зэхэж байгаа тухай яриа ч бий. Өмнөх Засгийн газрын үед ч хариуцлагын асуудал яригдаж байсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Сангийн сайдын хариуцлагын асуудал сөхөгдөж байв. Тухайн үед тэрбээр:

  • “Төсөв тодотгох шаардлагагүй” гэж мэдэгдэж байсан ч

  • Г.Занданшатар Ерөнхий сайд болмогц 2.3 их наяд төгрөгийн тодотгол хийсэн нь анхаарал татсан.

Энэ бүхэн нь “Сангийн сайдын бодлого тогтворгүй, нөхцөл байдлыг буруу үнэлдэг” гэсэн эргэлзээ төрүүлсэн хэвээр байна.

ТОВЧХОНДОО:

Сүүлийн өдрүүдийн үйл явдлууд гэнэтийн шалгалт, төсвийн тасалдал, улс төрийн бүлгүүдийн эсрэг байр суурь  бүгд нийлж Сангийн сайд Б.Жавхлантай хариуцлага тооцох асуудал ойртож буйг харуулж байна. Удахгүй Засгийн газрын бүтэц, сайд нарын сэлгээний талаар шийдвэр гарах магадлалтай бөгөөд улс төрийн өрнөл шинэ шатанд гарч мэдэхээр байна.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх