Багануурын "Шоко Моко Бэрри"-гийн гэр бүлийн бизнесийн түүх
Багануурын гудамжны аль нэг буланд зөөлөн ваниллийн үнэр сэнгэнэж, дулаахан инээмсэглэлээр угтах газар бий. Тэр бол Н.Сумъяадаваа, гэргий Б.Мөнх-Энэрэл нарын өөрсдийн хөдөлмөр, хөлс хүчээ шингээн босгосон “Шоко Моко Бэрри” кофе шоп.
Энэ хоёрын түүх Улаанбаатар хотод учиран танилцсанаас эхэлдэг. Харин 2012 онд тэд ирээдүйн гэр бүлийнхээ суурийг Багануурт тавихаар шийдэж, шинэ амьдрал, шинэ мөрөөдлөө эндээс эхлүүлжээ. Тэр үед тэдэнд “амжилттай бизнес эрхлэгчид” гэсэн тодотгол байгаагүй ч, хичээл зүтгэлтэй, уйгагүй хөдөлмөрч хос гэх тодорхойлолт аль хэдийн биед нь шингэсэн байлаа.
Гудамжны нэг машин - Өнөөдрийн дулаахан кофе шоп болсон нь...
2017 онд тэд хамгийн анхны бизнес болох шахдаг сүүн зайрмаг хийхээр шийдсэн нь нэг талаараа эрсдэлтэй адал явдал байв. Бүхий л зүйлсээ өөрсдөө бэлтгэж, байгаа нөөц бололцоогоороо оролдож, зүгээр л эхлүүлсэн тэр өдрүүд амар байсангүй. Гудамжинд зөвшөөрөлгүй ажиллаа гэж цагдаа нар хөөх…
Бэлдсэн бүтээгдэхүүнээ хураалгах… Баригдахгүйн тулд байршлаа ойр ойрхон сольж зогсох…
Гэхдээ энэ бүхэн тэднийг буцаагаагүй. Харин ч илүү зоригжуулсан гэдэг. Наадмын усан бороотой тэр нэг өдөр тэд анхны нэг сая төгрөгийн орлогоо олсон нь гэр бүлийн хувьд мартагдашгүй дурсамж болж үлджээ. “Бид аав ээждээ хүүхдүүдээ харуулаад, хоёулаа машинаа түрээд л гудамжинд хөдөлмөрлөж эхэлсэн. Тэр үед бидний хамгийн том хөрөнгө чин сэтгэл маань байсан” хэмээн гэргий Б.Мөнх-Энэрэл инээмсэглэн ярьсан юм.
Сонирхол, авьяас, зорилго гурвын огтлолцол
Б.Мөнх-Энэрэл анх СУИС-д сурах мөрөөдөлтэй, багш нар нь хүртэл “авъяастай охин байна” хэмээн урьж байсан гэдэг. Гэвч амьдрал өөр зүгт хөтөлж, урлагийн тайзнаас уул уурхайн бүсийн кофе шопын гал тогоо руу сэлгэжээ. “Хувийн бизнес эрхэлдэг хүнд нэг л мэргэжил гэж байхгүй юм билээ. Нэг өдөр гал тогоонд орж тогооч, нөгөө өдөр танхимд гарч бариста, заримдаа бүр гагнуурчин ч болно. Бид бүхнийг өөрсдөө хийж сурсан” хэмээн түүний нөхөр Н.Сумъяадаваа хэнэггүйхэн инээв.
“Чин сэтгэлтэй үйлчлэх л бидний зарчим”
2023 он. Хосууд өөрсдийн мөрөөдлөө бодитоор бүтээж, “Шоко Моко Бэрри” нэртэй кафе шопоо Багануурт нээжээ. Засвар үйлчилгээ, интерьер, чиглэл бүхнээ өөрсдөө тодорхойлж, бага багаар сайжруулсаар өнөөдрийн дулаахан, гэр бүлийн мэдрэмжтэй орчныг бүрдүүлсэн юм. “Үйлчлүүлэгчид байгаа учраас л бид оршин тогтнож байгаа. Тиймээс хэзээ ч хэн нэгнийг хуурахгүй, сэтгэлээсээ хандана гэсэн зарчимтай ажилладаг” гэж Н.Сумъяадаваа Б.Мөнх-Энэрэл нар хэлсэн нь тэдний бизнес философийг товч бөгөөд тодорхой илэрхийлнэ.
Өнөөдөр...
Багануурын залуус, ээж аавууд, найзууд уулзаж суух дулаахан орон зай хэрэгтэй үед “Шоко Моко Бэрри”-г санана. Тэдний бүтээсэн орон зай бол зүгээр нэг кофе шоп биш. Зүтгэл, хөдөлмөр, өөдрөг сэтгэл, гэр бүлийн эв нэгдлийн бэлгэдэл. Энэ бол хоёр залуугийн мөрөөдлөө тээж, саад бэрхшээлийг үл харгалзан босгосон хайр, хөдөлмөр, үнэнч чанарын түүх бол хөдлөшгүй хөрөнгө, марташгүй дурсамж билээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх